ШҮҮХ ХУРАЛ: “Хөгжлийн банкны хэрэг бол орчин үеийн Лхүмбийн хэрэг" гэв

Aдмин / Хууль

"Хөгжлийн банк"-ны дуулиант хэрэгт холбогдсон улстөрчдийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын улс төр, нийгмийн анхаарлыг олон жил татсан "Хөгжлийн банк" ны хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус хэрэгт гурван хуулийн этгээд, 42 шүүгдэгч холбогдсон бөгөөд шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэгдсэн танхимд болж буй юм.

Шүүх хурлаар шүүгдэгчдийн "эцсийн" үгийг сонсож байгаа бөгөөд төрийн өндөр албан тушаал хашиж байсан улстөрчид болох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар байр сууриа илэрхийлэв.

Н.Батбаяр: 80 хүний хэргийг 80 хоногт, 40 хүний хэргийг 4 хоногт шийдэх гэж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр шүүх танхимд хэлсэн үгэндээ “Хуулийн дагуу үгээ хэлж, эрхээ эдэлж байна. Гэвч сонирхолтой нь, бид хоёр жилийн өмнө шүүх хуралд орж байхад Монгол даяараа анхаарал хандуулж байсан бол өнөөдөр сэтгүүлч ч алга” хэмээн онцлов.

Тэрбээр хэрэг анхнаасаа улс төрийн шинж чанартай байсан гэдгийг дахин давтан хэлж, 80 хоногийн турш үргэлжилсэн урт шүүх хурал, 600 хуудас баримт, цөөн хэдэн ял авсан хүмүүс гэх баримтууд нь хэрэг зохиомол байсан гэдгийг баталж байна гэж үзжээ.

Тэрбээр “Нийгэм ааяар энэ бол улс төрийн хэрэг байсан гэдгийг ойлгосон. Энэ бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг шүүх гэсэн оролдлого” хэмээн дүгнэв.

Н.Алтанхуяг: Хөгжлийн банкны хэрэг бол орчин үеийн Лхүмбийн хэрэг

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч шүүх хурлын үеэр хэлмэгдүүлэлтийн тухай дурсаж, 1930-аад оны Лхүмбийн хэрэгтэй адилтган харьцуулсан нь анхаарал татав.

Тэрбээр “Намайг цагаатгасан гэдэг утгаар биш, харин та бүхний хийсэн ажлын үр дүнд 80 хүнээс 40 гаруй нь цагаадсан. Энэ бол өөрөө том хэлмэгдүүлэлт байсан гэдгийг харуулж байна” хэмээн хэллээ.

Түүний хэлснээр, анхнаасаа 80 хүнийг “хомроглон” нэг хэрэгт холбож шүүх маш том алдаа байсан бөгөөд одоо ч шүүхэд дахин дахин дуудагдаж буй нь эргэлзээ төрүүлж байгааг илэрхийллээ.

Хөгжлийн банкны хэргийн хүрээнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нарын холбогдсон хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон ч Улсын дээд шүүх 2024 оны 12 дугаар сарын 11-д тэднийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, шинээр хэлэлцэх шийдвэр гаргасан билээ.

Тухайлбал, "Говийн зам" ХХК-ийн барьсан замыг "Хөгжлийн банк"-ны санхүүжилтээр төрд худалдаж авсан, мөн “Бэрэн” ХХК-д олгосон зээлтэй холбоотой хэргүүд дээр гарсан цагаатгах шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдал, баримттай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг орхигдуулсан хэмээн үзсэн байдаг.

Ийнхүү Улсын дээд шүүхийн шийдвэрээр хэргийг дахин хэлэлцэж байгаа юм.

Нийгэмд өрнөж буй олон талт байр суурь, улс төрийн шинжтэй дүгнэлтүүд, шүүхийн шат дараалсан шийдвэрүүд нь энэхүү хэргийн эцсийн дүгнэлт олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Зарим нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа бол зарим нь хууль ёсны дагуу шүүхийг шаардаж байна.

Эцэст нь, энэ шүүх хурал зөвхөн 42 шүүгдэгчийн хувь заяа бус, Монголын шүүх засаглалын хараат бус байдал, хууль дээдлэх ёсны шалгуур болж буйг анхаарах нь зүйтэйг ажиглагчид хэлж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.