О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно

Манай улс ардчиллын индексээрээ жил бүр ухарсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, Монгол Улс Ардчиллын индексээрээ 2023 онд 77 дугаар байрт орж, өмнөх оноосоо 16 байраар ухарсан бол 2024 онд дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байрт орсон. Харин 2025 онд мөн 81 дүгээр байрт орсон ч ихэнх үзүүлэлтээрээ ухарч, автократ дэглэмтэй зургаан орны нэгээр нэрлэгдсэн.
Тиймээс Ардчилсан намаас Конрад-Аденауэр сантай хамтран “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр өнөөдөр /2025.09.14/ Их Монгол Улсын голомт болох Хэнтий аймагт чуулж байна.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тэргүүтэй Ардчилсан намаас парламентад сонгогдсон гишүүд болон Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байна.
Хөтөлбөрийн эхэнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Намын даргаар сонгогдоод эхний нэгдсэн арга хэмжээгээ эзэн Чингис хааны өлгий нутагт, эх орныхоо наран ургах зүгээс эхлүүлж байгаадаа баяртай, бэлгэшээлтэй байна. Тал талын олон оролцоогоор бид ирэх жилүүдэд ялдаг, ялах ялахдаа дараалан ялдаг нам болно. Дараалан ялахаар нам яаж бэхжиж чадавхаждаг, хүрээгээ тэлдгийн жишээг Сүхбаатар аймгийн нам бидэнд хангалттай харууллаа. Сүхбаатарын Ардчилсан намынхандаа, Н.Ганибалдаа, Ж.Батсуурь гишүүндээ баяр хүргэе.
2,5 сая жилийн өмнө эхэлсэн хүн төрөлхтний хөгжил түүх, 5,000 жилээр хэмжигдэх төр улс, эзэнт гүрнүүдийн түүх дотор 800 гаруй жилийн өмнө Хэнтийн энэ уулсын дунд эхлүүлсэн монголчуудын түүх томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн түүхийг өөрчилсөн, бидний агуу бахархлыг бүтээсэн авшиг ерөөлтэй энэ нутагт ялалтын тухай яриагаа хийж байна. 13 дугаар зуунд бид хүч чадалтайдаа, хүн олонтойдоо дэлхийн дайдыг эзлээгүй. Бид оюун ухааны хүчээр, ялалтын стратеги, тактик бодож чаддагтаа дүрэм журам шударга ёсыг эрхэмлэдэгтээ хүчирхэгжиж чадсан. Яг түүн шиг төр болтлоо бэхэжсэн бүх эрх мэдэл, хүч мөнгийг барьж байгаа МАН-ыг хүч чадал, хүн олон том сүлжээгээр бид ялахгүй. Бид илүү ухаалаг, илүү нягтарч бас илүү стратегитай байж ялна. Бид зөвхөн ялалтын тухай ярих нь хангалттай биш. Монгол Улс бидэнд юу өгөх вэ гэдгээс илүүтэй Монголынхоо төлөө Ардчилсан намынхан юу хийж чадахаа улс даяар ярья. Татварыг бууруулж чадахаа, хөдөлмөрөөрөө Монгол хүн Монголдоо сайхан амьдрах бодлогыг гаргаж чадахаа эрх, эрх чөлөө гэсэн үгс хоосон лоозон биш, бодит үйл хэрэг болох тухай бид ярьж чадна. Хийж чадна. Ийм учраас Ардчилсан нам надад юу өгөх вэ гэж нэгнээсээ асуух биш, Ардчилсан намдаа бид юу өгч чадах вэ гэдгээ ярья. Ардчилсан намыг ялуулахын төлөө би юу хийх вэ гэдэг асуултыг өөрөө өөрөөсөө асууя. Энэ урам зоригийг өөрсдөдөө тавих цаг болжээ, эрхэм нөхөд өө. Ардчилсан нам ялахын тулд, дараалан ялахын тулд сонгогчийн гурван бүлэгт төвлөрөн тэдний дэмжлэгийг авна. Бид залуусын дэмжлэгийг авдаг нам болно. Бид ажил хөдөлмөр, бизнес хийдэг хүмүүсийн дэмждэг нам болно. Бид эх орон, үндэсний үзлээ дээдэлдэголны саналыг авдаг нам болно. Бидний зорилго бол халамжаар угжих төрийг биш, шударга хөдөлмөрөөр амьдралаа авч явж буй иргэнээ дэмждэг төрийг бий болгох юм. Ядуурлыг бид халамжаар биш, хөдөлмөрөөр ялж үзүүлнэ” гэв.
Ташрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр “Олон улсын ардчиллын өдөр” байхаар 2007 онд тогтож, 2008 оноос дэлхий нийтээр тэмдэглэж байна.
Сэтгэгдэл