ЭЗБХ: “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөтгөхөд 196.2 тэрбум төгрөг шаардлагатай

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр) 09:55 цагт гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүд Засгийн газар, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа, хууль хэрэгжилтийн талаарх мэдээллийг тодруулж, 2025 оны есдүгээр сарын байдлаар 12.5 сая тонн нүүрс, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 35 мянган тонн зэсийн баяжмал, 43 мянган тонн жоншны баяжмал биржээр арилжаалжээ.

Мөн төсвийн төсөлд туссан арга хэмжээнүүд хэрхэн эрэмбэлэгддэг тухай асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын 14 мега төсөл болон 149 төслийг макро эдийн засгийн нөлөөлөл, төслийн бэлэн байдал, санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн нөлөөлөл гэсэн 4 бүлэг, 14 шалгуур үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлсэн болохыг тайлбарлав.

УИХ-ын гишүүд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, боломжийн талаар асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд Н.Учрал сайд төрөөс багш, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тусгай бүлэг төсөлд тусгасан ба гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа талаар онцоллоо.

Гишүүн Г.Лувсанжамц баримт бичгийн төлөвлөлт, шалгуур үзүүлэлтийг хангалтгүй гэж шүүмжилж, Хот байгуулалт, барилга, орон сууцны асуудлаар тодруулав.

С.Цэнгүүн гишүүн гадаад зээлээр хэрэгжиж буй орон сууцны төслүүдийн үр ашиг, цахилгаан, дулаан хангамжийн хүчин чадлаас давсан бүтээн байгуулалтын эрсдэлд анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Түүний энэ байр суурийг Эрчим хүчний сайд хүлээн зөвшөөрч, дулааны тархмал эх үүсвэрүүдийг нэмж байгуулахаар төлөвлөж буйгаа хэллээ.

Мөн Х.Булгантуяа гишүүн Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдын багцын зардал нэмэгдсэн талаар тодруулж, шинжлэх ухааны салбарын 2000 орчим ажилтан тус багцад шилжсэнтэй холбоотойгоор зардал өссөн гэсэн тайлбарыг ажлын хэсгээс авав.

Улмаар урсгал зардлууд нэмэгдэж буйтай уялдуулан төрийн албан хаагчдын цалингийн өсөлтийг хамтатган тооцох шаардлагатай гэж үзсэн бол хувийн хэвшилд олгох татаасны хэмжээ огцом нэмэгдэж байгааг мөн дурдлаа.

Сангийн яамны төлөөлөл боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар хэлэхдээ 2026 оны улсын төсөвт нийт 3.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасны дотор 1 их наяд нь шинэ хөрөнгө оруулалт бөгөөд тэдгээрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын төслүүдэд онцгойлон хуваарилсныг онцлон тэмдэглэв.

Боловсролын салбараас нийт 2.1 их наяд төгрөгийн төсөл ирсэн боловч зөвхөн шаардлага хангасан төслүүдийг тусгасан бөгөөд сургуулийн ачааллын шинжилгээ хийж, ойрын 3 жилд шинээр сургууль байгуулах шаардлагатай 108 байршлыг тодорхойлсны 84 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт байгааг мэдэгдэв.

Мөн гишүүн Р.Сэддорж “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөтгөх, бүх хүүхдийг хамруулах санал дэвшүүлж, энэ хүрээнд 1–5 дугаар ангийн 349.4 мянган хүүхдийг хамруулахад 141.3 тэрбум төгрөг төсөвт тусгасныг, 6-12 дугаар ангийн 448.4 мянган хүүхдийг хамруулахад нийт 196.2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог ажлын хэсгээс танилцуулсан юм.

Мөн УИХ-ын гишүүд "Хүүхдүүдийг чанартай хүнсээр хангах бодлогыг улс бодитойгоор авч үзэх шаардлагатай" гэж онцлов.

Тус хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хороо хэлэлцсэн асуудлуудынхаа санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.205] 2025-10-07 17:49:41

Үхсэн малнууд үдийн цайгаа ч олигтой өгч чадахгүй байж ацных нь хоол.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.