Г.Баясгалан: Цэцэд хууль бусаар нөлөөлөх гэдэг зүйл рүү явах магадлалтай тул хүлээж авахгүй

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгснийг хэлэлцэж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн бэлтгэл ажил хангаагүй асуудлаар ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсэв. ҮХЦ-ийн дарга хариуд нь"Юу хийх гэж, яах гэж хойшлуулах гэж байгаагаа хэлсэнгүй.
Хуралдааны өмнө маш их юм явсан шүү. Цэцэд хууль бусаар нөлөөлөх гэдэг зүйл рүү явах магадлалтай боловч бид төрийн өмнө хүлээсэн үүрэг гэдэг утгаараа хүлээж авахгүй, эрүүл саруул шүүмжлэл гэж бодсон. Хэрэв үүнийг хүндрүүлвэл асуудалтай" гэв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг өмнө нь “Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 24.3-т хуралдааныг хамгийн багадаа долоо хоногийн өмнө зарлаж, бэлтгэл ажил ханган хуралдуулдаг хуулийн заалттай бөгөөд яаралтайгаар ийнхүү хуралдуулж байгаа нь хуулийн ноцтой зөрчил мөн. Их суудлын хуралдааныг явуулбал, Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргах болно” гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл