Иргэдийн амар тайван байдлыг цагдаа биш AI хянана

Aдмин / Хууль

Иргэдийн аюулгүй байдал, амар амгалан байдлыг хангах зорилгоор нийслэл хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системийг үе шаттай нэвтрүүлж эхэлжээ. Хэд хэдэн төрлийн зөрчил, гэмт хэргийг илрүүлдэг энэхүү систем нь цаашид цагдаа нарын ажлын ачааллыг бууруулж, зарим үйл ажиллагааг орлох боломжтой гэж албаныхан мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн хэлснээр өнгөрсөн хугацаанд иргэдийн үйлдэж буй зөрчлийг хиймэл оюун ухаанаар хянах туршилт хийж, зөвлөмж, сануулга хүргэж ирсэн байна.

Харин 2026 оны 1-р сарын 1-нээс хуулийн хэрэгжилт бүрэн эхэлмэгц зөрчил гаргасан иргэдэд сануулга бус торгууль ногдуулдаг болно. Үүний өмнө AI системийн дата баазыг баяжуулах, сайжруулах, цагдаагийн байгууллагын бүх үйл ажиллагааг системтэй холбох зэрэг ажлыг хийж дуусгажээ.

Удахгүй замын хөдөлгөөнөөс гадна улсын болон хувийн бүх сургууль, цэцэрлэгийн камерийг AI хяналтын системд нэгтгэх бөгөөд ингэснээр хүүхдүүдийн хоорондын зөрчил, багшийн ёс зүйн алдаа, хүчирхийлэл зэрэг үйлдлийг илрүүлэх боломжтой болно.

Мөн олон нийтийн талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэнгийн камеруудыг холбосноор ямар зөрчил хаана гарсныг шуурхай илрүүлж, иргэдэд мэдээлэх боломж бүрдсэн байна. Жишээ нь, хулгай дээрэм, машины эд анги алдагдсан тохиолдолд мэдээлэл хэдхэн секундын дотор иргэний гар утсанд ирдэг болно.

2024 онд Улаанбаатар хотын 176 гэрлэн дохиотой уулзварт нийт 1606 AI камер суурилуулж туршилтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд ирэх 1-р сарын 1-нээс эдгээр камерын тусламжтай 10 төрлийн зөрчилд торгууль ногдуулж эхлэх юм. Камер нь улсын дугаар таних, хуурамч дугаар илрүүлэх, хурд хэтрүүлэх, цагаан шугам давж эргэх, гэрлэн дохио зөрчих, татвар даатгал төлөөгүй тээврийн хэрэгсэл илрүүлэх зэрэг олон үйлдлийг автоматаар бүртгэнэ.

Өдөр бүр цагдаагийн байгууллагад 250–300 орчим зам тээврийн ослын дуудлага ирдэг бөгөөд эдгээрийн ихэнх нь замын хөдөлгөөний дээрх төрлийн зөрчлүүдтэй холбоотой байдаг. AI системийг бүрэн ашигласнаар ийм зөрчил буурч, улмаар замын түгжрэлийг багасгахад ч эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хэлснээр Улаанбаатар хотод өдөрт 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд нэг уулзварт дангаараа өдөрт 100 мянга гаруй зөрчил бүртгэгдэх тохиолдол бий. 2026 он хүртэл AI камерын илрүүлсэн зөрчилд зөвхөн сануулга өгч, мессэж илгээх бол цагдаагийн албан тушаалтны газар дээр нь илрүүлсэн зөрчилд хуульд заасан хариуцлагыг хэвийн байдлаар тооцсоор байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.