Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулжээ.
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлд нэмж тусган хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ц.Туваан, Ц.Мөнхбат, Б.Түвшин нар асуулт асууж, ажлын хэсэг болон Ц.Идэрбат гишүүнээс хариулт, мэдээлэл авав. Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилго бүхий босго үзүүлэлт өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор малчдад ямар нөлөө үзүүлэхийг, нөхөн олговрыг сар, улирал тутам шуурхай олгохоор болж буй зохицуулалтын талаар, энэ хуулийн төслийг батлагдсанаар малчинд үүсэх давуу тал, үр нөлөөний талаар сайтар мэдээллийг хүргэж, таниулах нь чухал гэдгийг хэлж байсан.
Төсөл дэх босго үзүүлэлт өөрчлөгдсөөр 120 сум 4 хувийн, 156 сум 5 хувийн, 59 сум 6 хувийн босго үзүүлэлттэй болж байгаа бөгөөд энэ өөрчлөлтийг 2023-2024 оны зудын хохиролын тоонд тулгуурлан тооцож үзэхэд нөхөн олговор 20-25 хувиар өссөн гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд малчдаас 36 тэрбум орчим төгрөгийн даатгалын хураамжийг цуглуулсан бол 29.4 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр буцааж олгосон байдаг талаарх мэдээллийг танилцуулж байв. Тэр дундаа сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2023 онд 14 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийг, 2024 онд 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийг нөхөн олговор болгон төлсөн байна. Хамгийн өндөр дүнтэй буюу 15 сая төгрөгийн нөхөн олговрыг 2023 онд Төв аймгийн Баянзүрх сумын малчин, 2024 онд хамгийн өндөр нөхөн төлбөр болох 86 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин хүлээн хэмээн ажлын хэсгээс мэдээлсэн. Хариултынхаа үеэр малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь төр, хувийн хэвшлийн хамтарсан түншлэлээр хэрэгждэг тогтолцоо болохыг онцлон тайлбарлаж байв. Түүнчлэн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар малчдад ихээхэн өндөр өгөөжтэй болохыг гишүүд тэмдэглээд, мал аж ахуйн салбарыг дэмжихээс гадна малчдын нийгмийн асуудлыг төрөөс онцгойлон анхаарч, шийдвэрлэх шаардлагатай талаар саналуудыг гаргаж байсан. Үүний зэрэгцээ даатгалын компаниудынхаа үйл ажиллагаа явуулах боломжийг нягтлан, уялдуулан шийдвэрлэх ёстойг хэлж байлаа.
Ийнхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтуудыг явуулав. Эхлээд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сар (30 хоног)-аас доошгүй хэрэглээний нөөцийг хадгалах агуулах барихад шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох асуудлыг шийдвэрлэх Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 92 гишүүний 69 нь буюу 75 хувийн саналаар дэмжсэн юм. Дараа нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 92 гишүүний 79.2 хувь нь дэмжив. Энэхүү төслийг Улсын Их Хурал баталснаар даатгалд хамрагдах малчдын тоо нэмэгдэх, улмаар зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан тул малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.
Ийнхүү хуулийн төслүүдийг эцэслэн баталсны дараа Улсын Их Хурлын дарга Н.Учрал парламентын үйл ажиллагааны цахимжилтын талаар мэдээллийн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Улсын Их Хурлын цахим хуудаст хиймэл оюуны шинжилгээ хийх цэсийн энэ сард ажиллуулж эхэлнэ. Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ тухайн төсөлд хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж буй зохицуулалт туссан эсэхийг, Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж буй эсэхийг хиймэл оюунаар шинжлүүлэх боломж бүрдэнэ” хэмээлээ. Улсын Их Хурал цаашдаа Үндсэн хуультай зөрчилдөж буй, Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг зөрчсөн аливаа төслийг хүлээж авахгүй байх зарчмыг баримтлах бөгөөд төсөл өргөн мэдүүлэгчид Улсын Их Хурлын цахим систем дэх “AI” буюу хиймэл оюунаар шинжилгээ хийлгэж хэвших хэрэгтэй гэлээ.
Эрх зүйн дүн шинжилгээг ийнхүү цахимжуулж байгааг Н.Учрал дарга нэгдсэн хуралдааны үеэр танилцуулсны дараа өнөөдрийн (2025.12.12) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон 10 асуудлын долоо дахь асуудал буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.




















.png)











































Сэтгэгдэл