Г.Занданшатар баялгийн эзэд бөхийх ёсгүйг санууллаа
“Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж Г.Занданшатар “Рио Тинто”-гийнхонд өмнө нь хэлж байсан. Энэ үгээ өчигдөр тэдэнд дахин сануулав. Мөн “Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” гэдгийг ч хэллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монголын талын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад илгээсэн захидлынхаа хариуд сэтгэл дундуур байгаагаа Ерөнхий сайд ийнхүү хурцаар илэрхийлэв. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг атал баялгийн эзэн монголчууд хөрөнгө оруулагчдын өмнө ямагт бөхийж ирсэн жишгийг Г.Занданшатар сөрж, эвдэж чадлаа. “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй хөрөнгө оруулагч талын төлөөлөл менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай Монголд ирээд байгаа аж. Саналууд гэдэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалд дурдсан шаардлагын хариу нь гэсэн үг. “Рио Тинто”-гийн энэ хариултад өгсөн Зандкагийн байр суурь үнэхээр супер.
Тэрбээр “Хариултууд үнэнийг хэлэхэд бидэнд таалагдахгүй байна. Менежментийн төлбөр 40 хувь гэж яригдаж байсан, 30 хувь болчихсон байна. Дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд үнэлээд өгч байгаа зээлийн хүүгээс бараг хоёр дахин өндөр зээлийн хүү төлж байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зөрүүгээс ашиг хүртээд нөгөө тал нь ашиг хүртэхгүй байгаа нь тэнцвэргүй байна, шударга бус байна гэж бид үзэж байна. Харилцан үр ашигтай байх нь бидний тавьж байгаа шаардлага шүү дээ. Энэ шаардлагыг парламент ч тавьж байна. Бид үүнийг хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь шударга бус байгаад Монголын ард түмэн ч, парламент ч дургүйцэж байна. Яагаад гэхээр хөрөнгө оруулагчид дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүүгээр ашиг олоод, бид болохоор өр үйлдвэрлээд байна гэдэг л гол асуудал” гээд түс тас хэллээ. Монголын тал “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй, саналын ч эрхгүй атлаа 34 хувь яагаад эзэмшдэг юм бэ? гэж Г.Занданшатар 2009 онд хэлэлцээр хийж байхад асууж, ийм дүгнэлт гаргаж байсан улстөрч.
Тухайн үед тэрбээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байсан юм. 17 жилийн өмнөх байр суурь маань хэвээрээ гэж Г.Занданшатар өчигдөр “Рио Тинто”-гийнхонд хэлэв. Нэг ёсондоо “Та нартай үзээтэй шүү” л гэчихлээ. Ингэж улс орныхоо эрх ашгийн төлөө тод, чанга дуугарна гэдэг “браво” шүү. “
Оюу Толгой” төсөлд Монголын талын эзэмшдэг 34 хувь өндөр хүүтэй өр үйлдвэрлэдэг механизм болчихоод байгаа, далд уурхайн ТЭЗҮ өөрчлөгдөж, санхүүжилт нь өссөний бурууг Монголын ард түмэн яагаад үүрэх ёстой юм бэ? Энэ бүхэнд Монголын төр ч, ард түмэн ч аль аль нь хууртагдсан мэт мэдрэмж төрөөд байна. Хэлэлцээрээс бодитой үр дүн гарахгүй бол “Онтрэ” болон бусад орд газруудын талаар ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй байна гэсэн Ерөнхий сайдын үг зангарагтай, бас хүчтэй сонсогдлоо.
Тэрбээр “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах, “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг “Рио Тинто”-д тавьж байгаагаа өчигдөр мэдэгдэв. Үүгээрээ тэр баялгийн эзэд бөхийх ёсгүйг дахин санууллаа.



































































Сэтгэгдэл
Зочин [188.162.249.134] 2026-03-10 11:44:03
олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол ???????????????
mr [203.98.76.176] 2026-03-10 10:39:42
Zandanshatar ES uneheer zorigtoi hellee.Gereenii nuhtsuluudee saijruulaad yavaasai.