Г.Ариунболор: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гарын үсэг цуглуулбал парламентын халдашгүй байдал алга болно

Aдмин / Улстөр

Улс төр судлаач Г.Ариунболортой ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара-г огцруулах гарын үсэг “D-Parliament” хуудсаар өрнөж байна. Энэ үйл явц парламентын тогтвортой байдалд яаж нөлөөлөх вэ. Үр дагавар нь юу байх вэ?

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль гэсэн хоёр төрлийн хуулиар олон нийтийн санал бодлыг “D-parliament” хуудсаар авдаг. Энэ нь 100 мянган гарын үсэг хүрсэн ямар ч асуудлыг УИХ-ын дэргэдэх Хянан шалгах түр хороон дээр хэлэлцэх эсэхийг шийддэг өргөдлийн цахим систем гэсэн үг. Тодруулбал, 2022 оны УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “D-Parliament” хуудсаар иргэн “И-Монголиа”-аар өөрийн үндсэн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд ямар ч асуудлаар санал оруулах, үүн дээр олон нийтийн дэмжлэг хүсэх боломжийг бүрдүүлээд өгсөн байгаа.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай саналыг иргэд болон төрийн бус байгууллагуудаас гаргах эрх нь нээлттэй байгаа. Гагцхүү эгүүлэн татах үйл явцыг дэмжих байдлаар гаргаж байгаа ч Үндсэн хуульд ийм процесс байхгүй. 100 мянган хүний гарын үсэг хүрсэн ч гэсэн үүнийг УИХ-ын Хянан шалгах түр хороо авч хэлэлцээд, УИХ-ын Тамгын газар дэргэдэх Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлээд, цаашаа явах процесс нь Монгол Улсын одоогийн хууль тогтоомжид байхгүй. Улс төрийн өнцгөөс ийм зүйл байж болох уу гэдгийг гурван сарын өмнө Ерөнхийлөгч өргөн барьсан.

Мөн УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах тухай хөндсөн хуулийн төсөл үүнд орсон. Үүнтэй нийгэм хольж ойлгож байгаа. Энэ нь ч хардлагын үндэстэй байж болно. Яагаад гэвэл тодорхой нэг гишүүнийг эгүүлэн татахын тулд хуулийн төсөл өргөн барьж, энэ нь нэг гишүүнд үйлчлээд эхэлбэл дараа дараагийн гишүүдэд үйлчлэх жишгийг тогтооно. Үүнийг олон улсын түвшинд “рецепц” хийх буюу өмнөх жишгийг дараагийн асуудал шийдвэрлэхдээ ашиглахыг хэлдэг. Манай улс өөрөө “Их газрын бүлэг” буюу эрх зүйн системтэй орон. Гэвч эргээд “Жишгийн эрх зүй”-н бүлгийн орны жишгийг хэрэгжүүлэх нь асар том хууль зүйн хийдлийг үүсгэх аюултай. Ийм асуудал байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ард нь ажиллаж байгаа судалгааны инститүт мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ ийм хуулийг оруулж ирнэ гэдэг нь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалыг хооронд нь мөргөлдүүлэх эрсдэлийг үүсгэж байна. Асуудлын төв нь ганцхан “Нарантуяа-Нара” гишүүнд, эсвэл ёс зүйн асуудалдаа ч биш шүү дээ.

Харин эрх зүйн бүлгийн холимог тогтолцоог бид нутагшуулах оролдлого хийж байна. Мөн хууль тогтоох байгууллага буюу парламентын өөрийн бүрэн эрхэд халдах тухай асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гарын үсэг цуглуулбал парламентын халдашгүй байдал алга болох юм. Гэтэл энэ байдлыг 1992 оны Үндсэн хуулиар салгаж өгөхөөс гадна Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын Эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулиар ойлгомжтой зохицуулчихсан байгаа. Нэг аюултай зүйл нь УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-ын Дэгийн тухай хууль болон УИХ-ын Эрх зүйн байдлын тухай хуульд орчихвол дагаад Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох аюул үүснэ. Ингээд нэмэлт өөрчлөлтөөр бүх органик хууль дахь заалтууд өөрчлөгдчихвөл тэрхүү хуульд нийцүүлсэн Үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөх аюул үүснэ. Бид уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад хууль руугаа нийцүүлдэг. Гэвч одоо бол доороосоо дээшээ нөлөөлж байна. Үүнийг иргэд болон судлаачид анхааралдаа авч, үгээ хэлэх шаардлагатай. Ингэж байж Үндсэн хуулийн дархлаа оршино. Нэг гишүүнийг эгүүлэн татвал цаана нь Монгол Улсын 3.6 иргэнээс сонгогдсон 126 гишүүнийг эгүүлэн татах кейс үүсэх аюултай.

-Нөгөө талдаа сонгогчдын боловсролын талаарх асуудал хөндөгддөг шүү дээ?

-Улстөрчдийн зүгээс яагаад сонгууль чанаргүй явагдаад байна гэхэд, сонгогчид боловсролгүй гэдэг зүйл рүү чиглүүлээд байдаг. Гэтэл сонгогчийн боловсролоос үл хамаарсан шударга бус тогтолцоог эрх барьж байгаа эрх мэдэлтнүүд өөрсдөө өдөөж, энэ тал руу чиглүүлж байна. Үүнийг олон улсын шинжтэй төрийн бус байгууллагуудын санхүүжилтээр явж байгаа сургалтуудаас харж болно. Сонгогчийн боловсрол гэж юуг хэлэх вэ гэдэг зүйл Сонгуулийн тухай хуульд байх ёсгүй. Сонгогч ямар боловсролтой байхаас үл хамаараад сонгох эрхээ эдэлж л байх ёстой. Боловсролын салбарт диплом авч байгаа хүмүүсийн тоотой харьцуулбал "боловсролгүй" гэж үнэлэх ямар ч үндэслэлгүй. Энэ жил гэхэд бүх төрлийн мэргэжлээр нийтдээ 189 мянган магистр төгсөж байгаа. Эдгээр нь нийт сонгогчдынхоо 1.7 хувийг эзэлж байна гэж үзвэл "боловсролгүй" гэж үзэх боломжгүй. "Боловсролгүй" гэдэг нэр томьёоны ард сонгуулийг будлиантуулсныгаа зөв зүйтэй гэж харагдуулж байгаа нь "ёс зүй" гэдэг нэрийн дор органик хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа процесстой төстэй байна. Эцсийн дүндээ та нарын сонголтын буруу гэж нэгнийгээ ялгадаг биш эсрэгээрээ "Сонгогдсон бол ажлаа хий" гэдэг шаардлагыг тавих ёстой болж байна.

-Иргэд энэ асуудлыг зөвхөн нэг улстөрчийн асуудал гэж харах биш, Үндсэн хууль болон парламентын дархлааны хүрээнд хэрхэн ойлгох ёстой вэ?

-Сонгогчид тэнэг байгаа болохоор "Нара"-г дэмжиж байгаа, угаасаа хар масс боловсролгүй болохоор ийм хүнийг сонгосон гэдэг яриаг том зургаар нь харвал энэ нь улс төрийн мэдээллийн манипуляци. Манипуляцийг мянга давтвал үнэн болдог гэдэг зарчим үйлчилдэг. Тиймээс мэдээлэл түгээлтэд өртөхдөө ямар цаг үед, хэзээ гарч ирж байна, ямар мэдээлэлд өртөж байгаагаа таних шаардлагатай. Тэр нөлөөлөлд автахгүй байхад анхаарах хэрэгтэй. Ер нь хэрсүү байх хэрэгтэй.

-Төр засгийн тогтворгүй байдал сүүлийн үед хөндөгдөж байгаа. Энэ асуудлыг судлаачийн хувьд хэрхэн анзаарч байна вэ?

-Энэ нь манай улс, эсвэл сонгогчдын хямралаас илүү эрх барьж байгаа намын өөрийнх нь дотоод хямрал гэсэн үг. Эрх мэдлийн төлөөх тэмцлүүд нь нийгэмд үр дүнгээ өгч, үр дагавраа харуулж байна. Ер нь ёс суртахууны асуудлыг тавиад үзвэл философийн шинжтэй байдаг. Хэнийг ёс суртахуунтай гэж үзэх вэ гэдгийг Их хурал дээр тодорхойлоод эхэлбэл, иргэдийг "ёс суртахуунтай, ёс суртахуунгүй" гэж ангилж эхэлнэ. Ингэвэл нийгэмд давхарга, шатлал үүсэх аюултай учраас ийм зүйлийг зөвшөөрөх ёсгүй. Иргэдийн хувьд улс төрийн нөхцөл байдал дээр үймээн гарч байсан ч хүлцэнгүй байдаг. Түүнийг нь танин мэдэх ч боломж байдаггүй. Жишээлэл, МАН-ын дараагийн хүн нь МАН-ын хүн байвал үүнийг тогтвортой байдал гэж үздэг. Гэтэл засаглалын тогтвортой байдал гэдэг нь бодлого тодорхойлсон зүйл нь дараагийн Ерөнхий сайд гарч ирэхээр мөрийн хөтөлбөр шиг өөрчлөгддөг.

Сүүлийн хоёрхон жилийн дотор МАН-ын гурван Засгийн газар солигдсоноороо гурван мөрийн хөтөлбөртэй золгож байгааг иргэд ойлгоод, шаардлага тавих хэрэгтэй. Нөгөө талдаа ажил хийж чадахгүй байгаа Засгийн газар дээр тогтвортой байдал ярих боломжгүй. Засгийн газар дэргэдээ "Хяналт хэрэгжүүлэх агентлаг"-ийг нээсэн. Энэ газраас тогтвортой байдлыг хангахын тулд мөрийн хөтөлбөрийн аль хэсгүүдийг авч үлдээд, дараагийн Засгийн газар хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг дүгнэлтээ хууль тогтоох дээд байгууллагад тайлагнаж байх ёстой. Гэвч харамсалтай нь энэ газар байгуулагдаад хоёр жил болохдоо нэг ч удаагийн тайлан тавиагүй. Үүнийг нэхэж, шаардах хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.