Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд Хүннү хотын суурь дэд бүтцийн ажлууд эрчимтэй явагдаж байна. Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болох бөгөөд “Aerocity” хөгжлийн бүсэд эдийн засгийн чөлөөт бүс, амралт, аялал жуулчлалын бүс, олон нийт худалдаа үйлчилгээний бүс, засаг захиргааны бүс, оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор, зах, худалдаа, бөөний төвийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго бүс, аж ахуйн нөөц бүсийг төлөвлөсөн.

Хүннү хотын суурь болох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсон. Тухайлбал, цахилгаан хангамжийн 220/110/35 кВ “Сэргэлэн” дэд станцын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, улсын комисс ажиллан, байнгын ашиглалтад хүлээн аваад байна. Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг “Сэргэлэн” дэд станцыг 6.4 га талбайд барьсан. Нийт 250 МВА суурилагдсан хүчин чадалтай, 220/110/35 кВ-ын гурван хүчдэлийн түвшний бүрэн ухаалаг, дижитал шийдэлтэй юм.

“Сэргэлэн” дэд станц нь зөвхөн Хүннү хотын цахилгаан хангамжийг шийдвэрлэхээс гадна бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чухал зангилаа, транзит станц болно. Тухайлбал, 220 кВ-ын талаас Сонгино дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгдэхийн зэрэгцээ Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Сэргэлэн, Городок болон бусад чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамуудыг холбох боломжийг бүрдүүлж байна. Тус төсөлд нийт 400 гаруй тоног төхөөрөмж, тоноглол суурилуулж, орчин үеийн автоматжуулалт, удирдлага, хяналтын дижитал системээр тоногложээ.
Хүннү хотын бусад дэд бүтцийн төслийн явц:
- Төмөр замын бүтээн байгуулалт 100 хувь дуусаж, төмөр замын тээвэр эхэлж, туршилтын ажил үргэлжилж байна.
- Мэдээлэл холбооны 41.5 км урт худаг, сувагчлал бүхий шилэн кабелийн сүлжээний ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
- Цахилгаан хангамжийн 35/10 кВ-ын “Хөндий” дэд станцын ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
- Үерийн хамгаалалтын нэгдүгээр далан сувгийн ажил 100 хувь дуусаж, улсын комисс хүлээн авсан.
- Цахилгаан хангамжийн 110/35/10 кВ-ын “Аэросити” дэд станцын бүтээн байгуулалт 80 хувь,
- Дулааны эх үүсвэрийн “Хүннү эко дулаан-2” 5 МВт-ын хосолмол эх үүсвэртэй дулааны станц 40 хувь,
- Ус хангамжийн хоногт 2000 шоо метр хүчин чадалтай усан сан, шугам сүлжээний ажил 85 хувь,
- Ариутгах татуургын хоногт 3000 шоо метр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж 50 хувьтай хэрэгжиж байна.









.jpg)






































































Сэтгэгдэл