В.Зеленский: Гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр дүнтэй болсон

Aдмин / Гадаад мэдээ

АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод болж буй Украины асуудлаарх гурван талын хэлэлцээний эхний өдөр тун үр өгөөжтэй болж өнгөрлөө гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр нийгмийн сүлжээний хуудсандаа хийсэн мэдэгдэлдээ, АНУ, Орос, Украины төлөөлөгчдийн оролцоотойгоор Абу-Даби хотод өчигдөр эхэлсэн Украины асуудлаарх гурван талын хэлэлцээний эхний өдрийн талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Түүний мэдээлснээр, уулзалтын үеэр Украины аюулгүй байдалд урт хугацааны баталгаа олгохтой холбоотой асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Мөн олзлогдсон бүх цэргийн алба хаагчийг суллах нь Украины талын хувьд нэн чухал болохыг онцолжээ.

“Гурван талын хэлэлцээ бүтээлч, агуулга өргөнтэй боллоо. Бид хүмүүнлэгийн чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг хэлэлцэж чадлаа” гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Уулзалтад оролцогчид мөн Орос, Украины дайныг зогсоох, хурцадмал байдлыг намжаахад шаардлагатай алхмуудыг хэлэлцжээ. В.Зеленскийн мэдээлснээр, өчигдөр болсон хэлэлцээний үеэр хоёр талаас тус бүр 1000 цэргийн алба хаагчийг солилцох боломжийн талаар ярилцсан байна.

“Маргааш тэдний хувьд хамгийн чухал өдөр болно гэж бид багийнхантайгаа ярилцсан. Өнөөдөр солилцоо хийх боломжийн талаар хэлэлцлээ. Тэд "1000-ыг 1000-аар", магадгүй "1500-г 1500-аар" солилцох буюу томоохон хэмжээний солилцоо хийх хүсэлтэй байгаа.

Америкийн тал энэ асуудлыг хэлэлцэхээр Орос руу явна” гэж В.Зеленский мягмар гарагт Копенхаген хотод сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний хэлснээр, Оросын тал мөн газар нутгийн асуудлыг хөндсөн байна. Харин энэ асуудлаарх шийдвэрийг гаргах эрх төрийн тэргүүн нарт хамаарах бөгөөд Украины хэлэлцээний багт ийм эрх мэдэл байхгүй гэдгийг В.Зеленский онцолжээ. Энэ удаагийн хэлэлцээнд Европын орнуудын төлөөлөгчид оролцож буй нь чухал ач холбогдолтой гэж Украины Ерөнхийлөгч үзэж байна. “Европын Холбоо, АНУ, Украин нэгдмэл байр суурьтай байхыг бид хүсэж байна. Үүний төлөө ажиллах болно” гэж тэрбээр тэмдэглэжээ.

В.Зеленский мөн 11 дүгээр сарын 11-ний лхагва гарагт талууд хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ, эрчим хүч болон Хар тэнгистэй холбоотой асуудлууд, олзлогдсон цэргүүдийг солилцох, түүнчлэн төрийн тэргүүн нарын түвшинд гурван талын уулзалт зохион байгуулах боломжийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна.

Мягмар гарагт Абу-Даби хотод эхэлсэн хэлэлцээ үдээс хойш дуусжээ. Талууд лхагва гарагт буюу өнөөдөр хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. “Хамгийн чухал нь энх тайванд бодитоор ойртох явдал юм. Украины талаас үр дүнтэй, чанартай, шударга ажиллана” гэж В.Зеленский мэдэгдээд, Украины Гадаад тагнуулын албаны дарга Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчдөдөө шаардлагатай чиглэл, үүрэг даалгаврыг өгсөн гэдгээ дурджээ.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.