Ши Жиньпин Сүнь Ятсений өвийг залгамжилж, Хятадын үндэсний сэргэн мандалтыг урагшлуулахыг уриалжээ
Орчин үеийн Хятадын түүхэнд чухал байр суурь эзэлдэг хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн Сүнь Ятсений мэндэлсний 160 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал арваннэгдүгээр сарын 12-нд Бээжин хотын Ардын их хурлын ордонд боллоо. Тус арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцож, Сүнь Ятсений түүхэн үүрэг, үзэл санааны өв болон Хятадын цаашдын хөгжлийн зорилтын талаар үг хэлжээ.
1866 онд төрсөн Сүнь Ятсень нь Хятадад хоёр мянга гаруй жил үргэлжилсэн хаант засаглалыг эцэс болгосон 1911 оны хувьсгалын гол удирдагчдын нэг юм. Түүнийг Бүгд Найрамдах Хятад Улсыг үндэслэгчдийн нэг, орчин үеийн Хятадын улс төрийн түүхэнд гүнзгий нөлөө үзүүлсэн зүтгэлтэн хэмээн үздэг. Түүний дэвшүүлсэн үндэсний тусгаар тогтнол, ардчилал, ард түмний амьжиргааг дээшлүүлэх үзэл санаа Хятадын улс төрийн хөгжилд чухал нөлөө үзүүлжээ.
Ши Жиньпин хүндэтгэлийн хуралд хэлсэн үгэндээ Хятад улс болон хилийн чанадад амьдарч буй хятад гаралтай иргэдийг эв нэгдлээ бэхжүүлж, Сүнь Ятсений эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэхийг уриалсан байна. Тэрбээр Хятадын үндэсний сэргэн мандалтыг хэрэгжүүлэх нь олон үеийн хятад хүний эрмэлзэл байсаар ирснийг онцолжээ.
Мөн Хятадын Коммунист намыг Сүнь Ятсений хувьсгалт үйл хэргийг тууштай дэмжиж, залгамжлан хөгжүүлсэн улс төрийн хүчин хэмээн тодорхойлсон байна.
Ши Жиньпиний хэлснээр, өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд Хятадын Коммунист нам улс орныхоо хувьсгал, социалист бүтээн байгуулалт, эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлого болон орчин үеийн хөгжлийн үйл явцыг удирдан чиглүүлж иржээ. Тэрбээр эдгээр өөрчлөлтийг Хятадын үндэсний сэргэн мандалтын түүхэн үйл явцын нэг хэсэг хэмээн үнэлсэн байна.
Сүнь Ятсений дэвшүүлсэн “Хятадыг сэргээн мандуулах” үзэл санаа өнгөрсөн зуу гаруй жилийн турш үе үеийн хятад хүмүүст нөлөөлж, улс орны хөгжлийн шинэ нөхцөл байдалтай уялдан агуулга нь баяжсаар ирснийг Ши Жиньпин тэмдэглэжээ.
Тэрбээр Сүнь Ятсений дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв арга нь түүний үзэл санаа, түүхэн өвийг судалж, залгамжлан хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн хүчирхэг улс орныг байгуулах зорилтыг хэрэгжүүлэх явдал хэмээн онцолсон байна.
Сүнь Ятсений түүхэн өв нь өнөөдөр ч Хятадын улс төр, үндэсний үзэл санаанд чухал байр суурь эзэлдэг. Түүнийг БНХАУ болон Тайваньд аль алинд нь орчин үеийн Хятадын түүхийн томоохон зүтгэлтэн хэмээн хүндэтгэдэг боловч түүний үзэл санаа, улс төрийн өвийг тайлбарлах хандлага нь харилцан адилгүй байдаг.
Ийнхүү Сүнь Ятсений мэндэлсний 160 жилийн ойг тэмдэглэх үеэр Хятадын удирдагч тус улсын орчин үеийн түүхэн өөрчлөлт, үндэсний эв нэгдэл, цаашдын хөгжлийн зорилтыг хооронд нь уялдуулан тайлбарлаж, түүхэн өвийг өнөөгийн улс төр, нийгмийн хөгжлийн хүрээнд авч үзэхийн ач холбогдлыг онцоллоо.
Г.Бямба





.jpg)






































































Сэтгэгдэл