Цээжний нөмөр шиг Буйр минь
Галд хуйхлагдсан гамшгийн газраас буцаж явнам. Гань ганцаарханаа хав хар хөндийд хаачихаа мэдэхгүй харайлгаж явсан тэр гөрөөсний түгшүүр сэтгэлд хургажээ. Хүнээс зугтаж яваа, хүний нүд шиг нүдтэй хөөрхий тэр амьтан яагаа бол... Ижил сүргээ олох л байх. Эндээс илүү амар тайван газар очих л байх... Ийм бодлын араас уг нь санаа алдаж болдог сон. Гэвч санаа алдах, сарниж уужрахаа харин хаана гээчихэв ээ...
Ийнхүү шаналал зовиураа асгах газар хайж явсан би хараад л нүд чийгтэх орчлон, хавирга нүдэх дотоод чимээ ч үгүй амар амгалангийн дунд, наран шингэж ядан алтан элсээ эрэг рүү нь буулган байх агшныг харан, агуу Буйр нуурын хөвөөнөө зогсож байна.
Аньсган завсрах үнэнтэйгээ хоёулханаа ирсэн шүү, чам дээр...Энд ирэх л гэж ихийг туулсан шүү, зүрх бид хоёр.
Зун дуусав,
Иймхэн богино
Зуун жил ч
Ингээд л замхарна.
Хэзээнээс энэ тэнгэр
Хязгааргүйг олоо вэ?
Түүнээс хойш, лавтайяа,
Түмэн үе улираа вий...гэх дорнын их шүлэгч Ли Байн тэрлэсэн мөртүүд зуун зууныг дамжин санагдах нь энэ орчин, энэ нуур тэр чигтээ ховсын шид дүүрэн газар мэт бодогдоно. Нэг мэдэхэд тайтгаран сатаарсан би хэзээ ч юм сонссон эртний нэгэн үлгэрийг санах гэж хичээв. Тэр үлгэр бол буйр нуурын үлгэр.
Эрт урьд цагт нэгэн монгол аймаг байжгэнэ. Энэ нутагт Хөлөнгэдэг нэртэй үзэсгэлэн охин, Буйр гэдэг нэртэй хамаг олны хараа булаасан сайхан эр байж гэнэ. Хөлөн Буйр хоёр сэтгэлт хосууд. Гэтэл нэгэн өдөр тэдний жаргал дуусч, арван таван толгойтой атгаалжин хар мангас, сэр сэр салхи татуулан, бур бур хур оруулсаар, тэнгэрийн хаяан дулаан тоос татуулан тал нутагт ирж, Хөлөн охиныг булаан олжээ. Гол мөрөн ширгэж, өвс ногоо хагдарч, хүн мал эцэж туйлдан үхэхийн ирмэгт тулж гэнэ. Залуу эр Буйр ажнай хурдан хүрнээ унаад, хайрт бүсгүйгээ аврахаар харвасан сум шиг, хальсан бүргэд шиг, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл давхиулав. Үзэсгэлэнт бүсгүйгээ хайж мухардаад мэлмэрсэн тунгалаг нэгэн нуурын хөвөөгөөр энэлэн шаналж явахдаа хүмүүс Хөлөн охин мангасаас зугтаж явахдаа эрсдэж, нуур болон хувирсан хэмээн ярьцгаахыг сонсжээ. Үүнийг сонсоод бэтгэрэн шаналсан Буйр ч нуур луу үсрэн өөрийгөө өргөжээ. Тэр цагаас хойш хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болж, ардууд сүсэглэн залбирч Буйр нуур хэмээн нэрлэх болжээ.
Буйрын домог надад хайрын домог юм шиг санагдана. Үлгэрт итгэж өссөн бага нас минь ариухнаараа өмнө минь алаг нүд шиг ийнхүү мэлмэрэн байнам...Буйр тэгэхээр хайрын нуур байх нь. Тийм болоод л ийм цэнгэг, ийм тунгалаг, бас ийм гүн байдаг байх нь.
Нөгөө санааны мухраас салдаггүй мөрүүд, тэртээ зуунд амьдарч асгаруулж явсан Сүн улсын үеийн найрагч бүсгүй Ли Чин Жаогийн... шүлгүүд бас л орж ирнэ.
Альхан нэгийг хүүрнэх гэрлийн зүг харахуйд
Асуулгүй асгарах нулимсан даан ч садаатай
Хаврын цагт Сун-Шин сайхан гэлцэх юм
Халгих давлагаанд дайгдаад одоохон тийш явчих сан.
Замхарч сарнихгүй энэ их уйтгар
Завинд хүнддэх ачаа биш ээ, Гэвч
Эргээс жаахан холдмогцоо л би
Энэ голд живчих вий гэж айнам...
Их усны эрэг дээр зогсож байх тоолондоо чи энэ хорвоод ийм нэгэн хүн амьдарч, бас чамтай уулзан учирч явсныг дурсаж байх болно...гэж хэн нэгний хэгжүүрхэн байж хэлсэн үг мөн л мөрдөж ирэн санагдана. Үг үлддэг нь үнэн ажээ.
Аяа зах нь үл харагдах тэр тэнгэрийн хаяа, их усны давалгаа хоёр нэгсэн уусах энэ агшин юутай илбэ шидийн юм бэ.
Хөлөн нуурыг өдгөө Далай нуур хэмээн нэрлэдэг билээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын нутагт орших энэ нуур өмнөд нутгийн хамгийн том таван цэнгэг уст нууруудын нэг билээ. Далай нуур бол хэмжээгээрээ манай Буйр нуураас дөрөв дахин том аварга нуур. Энэ том нууранд манай Хэрлэн гол цутгадаг юм. Бас Халх гол маань Хятадын хил дагуу урсан явсаар Өвөр Монголын Буйр нууранд цутгана. Буйр нуураас тэдний Оршуун гол эх авч Далай нуурандаа цутгадаг. Тэгэхээр энэ сав газрын нуурууд манай Буйр нуураас асар их хамааралтай байгаа биз.
Буйр нуур бол Монгол Улс болон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны яг зааг дээр, хилийн шугаман дээр оршдог зүүн бүсийн хамгийн том цэнгэг уст нуур юм. Харин дээр өгүүлсэн Өвөрмонголын Буйр нуур хэмээснээ би тайлбарлая.
Түүхийн хувьд Буйр нуур нь бүхэлдээ Монголын нутагт хамаарч байсан билээ. Гэвч 1960-аад оны БНМАУ, БНХАУ-ын хилийн гэрээ, түүний зохицуулалтаар нуурын хойд талын багахан хэсэг буюу нийт талбайн найман хувь нь Хятадын талд шилжсэнээр усан хилтэй болсон түүхтэй юм. Энэ хувь эхлээд 10 хувь гэж яригдаж, бичигддэг байсан ч одоо найман хувь болсон. Ингэж Буйр нуурын минь хэсэг Хятадын мэдэлд орсон байдаг. Хөлөнбуйр гэдэг нэр ч манай Буйр, тэдний Хөлөн буюу Далай нуурын дундаас үүссэн нэр. Яаж яваад хамгийн цэнгэг, эрдэнэ мэт энэ нуур минь ингэж таслагдсан юм бол доо. Харьд одсон бэр бүсээ хөврүүлэн алхах мэт халуут Буйрын минь тасархай... Бодоход л гуниг төрөх бидний зураагүй тавилан.
*Хятад улс нуур усаа хамгаалах төрийн бодлогоо хийгээд удлаа. Харин бид бол байхгүйтэй адил.
Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт орших Далай нуурыг хамгаалах төрийн бодлого нь БНХАУ-ын хойд бүсийн экологийн аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийнх нь нэг том хэсэг юм. Мөн Ши Жинпиний санаачилсан "Үзэсгэлэнт Хятад орон" гэх том хөтөлбөрийнх нь чухал бүрэлдэхүүн хэсэг. Хятадын Засгийн газар Далай нуурыг экологийн тэнцвэр хадгалагч чухал тулгуураа гэж зарлан хамгаалалтын бодлогоо улам чамбайрууллаа.Тэд Далай нуураа хээр талын “бөөр" гэж хэлдэг. Энэ үг өгүүллийг минь уншиж суугаа танд эрхбиш нэгийг бодогдуулж байгаа биз ээ.
Сүүлийн жилүүдэд хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн цогц арга хэмжээнүүдийг энд эрчимтэй хэрэгжүүлж байна.Далай нуурыг тэд анх 1986 онд орон нутгийн хамгаалалтад авч, 1992 онд Улсын хэмжээний байгалийн дархан цаазат газар болгон зэрэглэл ахиулсан. Үүний дараа олон улсын ач холбогдол бүхий Рамсарын усны нөөц газарт бүртгэж, 2002 онд UNESCO-гийн Шим мандлын нөөц газарт оруулсан юм.Тэд Далай нуурын сав газрынхаа усны түвшин, шувууд болон амьтдын шилжилт хөдөлгөөнийг тогтмол хянаж байдаг. Эдгээр цогц бодлогынх нь үр дүнд Далай нуур болон түүнийг тойрсон Хөлөнбуйрын экосистем тогтворжиж, ховордсон шувууд эргэн үүрлэж, нуурын биологийн олон янз байдал баяжин хадгалагдаж байна.Хятадын удирдагч Хөлөнбуйраар явж байхдаа “Монголын Буйр нуурыг хайрлан хамгаалах ёстой юм байна. Буйр үнэхээр чухал нуур юм” гэж хэлсэн тухай яриа бий. Аргагүй шүү дээ. Манай Буйр, Хэрлэн, Халх голууд тэдний Далай нуурыг тэтгэдэг. Харин бид байгаль эхээс бидэнд заяасан гайхамшгуудаа хэрхэн яаж хамгаалж байна вэ. Бидэнд энэ талын томоохон бодлого байна уу.
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд... хэмээн их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн маань дуулж үлдээсэн тэр нуур ус минь эдүгээ хүртэл дуунаас өөр хамгаалалтгүй шахам явж иржээ. Өвөг дээдэс маань өнө эртнээс баримт бичигтээ, уран зохиолдоо, дуу хуурандаа нуур усаа хайрлан хамгаалахын их учрыг шингээж үлдээсэн ч бид сэхээрэхгүй л явна.
Жишээ нь, “Монголын нууц товчоо"-нд Буйр нуур нь Хөлөн нуур болон тэдгээрийг холбон урсах Оршуун мөрний хамт Татаар аймгийн нутаглаж байсан гол газар ус хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Мөн хамаг Монголын хаан Амбагай өөрийн охиныг Буйрнуур, Хөлөннуур хоёрын дундах Оршуун мөрнөө нутаглах Татаарын "Айригууд, Буйругууд" овгийн хүндөгч, улмаар охиноо өөрөө хүргэж очжээ. Гэвч Татаарууд Амбагай хааныг барьж аваад Жүрчидийн Алтанхаанд хүргүүлж, улмаар түүний гмодон илжигт хадаж амь насыг нь бүрэлгэсэн түүхтэй. Энэхүү Буйрнуурын орчимд болсон явдал нь Монгол болон Татаар аймгуудын хооронд олон жил үргэлжилсэн цуст өшөө хорслын эхлэл болсон бөгөөд хожим Чингис хаан Татаар аймгийг хядаж өшөөгөө авах гол шалтгаануудынх нь нэг болсон юм. Үүнийг өгүүлэхийн учир нь түүхийн хувьд ч өнө мөнхөд хайрлагдах учиртай бүс нутаг гэдгийг сануулах гэсэн хэрэг юм.
Хожим ч агуу их уянгын найрагч Бэгзийн Явуухулан “Буйрнуур” -аа ийнхүү шимшрэн бичиж үлдээжээ.
Хүний нутгийн тэр зүгээс
Хөвсрөгдөн үлээх хар салхинд
Тэртээ захаасаа үргэсэн адуу шиг
Тэнгэрийн доор Буйрнуур давалгаална... гэсэн эл мөртүүдээс юу анирлагдаж байгааг тайлбарлах илүүц санагдана.
Энэ нуур бол эгэлгүй нуур. Эх орны минь ганц усан хил. Буйр бусадтай адилгүй.Үүнийг бид нухацтай бодох ёстой.
Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа гэж байгууллагыг анх 2016 онд байгуулж байсныг санаж байна. Бүхэл бүтэн 10 жил өнгөрөхөд энэ байгууллагаа бид олигтой бэхжүүлж авсангүй. Бид ингэж бэлгэдлийн байдлаар хандмааргүй байна. Мэргэжилтнүүдээ бэлтгэе, чиглэлийн ийм байгууллагуудаа “амьд” байлгая.
Буйр нуурт жилд дунджаар 240мм тунадас орж, Халхголоос 760мм ус орж ирдэг ч, 900мм ус эргэ нууршдаг ажээ. Нуурын мандлаас хуурай, салхи ихтэй жилд 1222 мм, чийглэг, салхи багатай жилд 630мм ус ууршдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Хатуулгийн хувьд манай Буйр нуурын ус зөөлөн, эрдэсжилт нь жилийн дундаж хэмжээгээр дунд зэргийн эрдэсжилттэй ангилалд хамаардаг юм байна. 2023 онд Буйр нуурын их хэмжээний мөнгөлөг хэлтэг загас хорогдсонтой холбоотойгоор тандалт, судалгаа, чанарын хяналт мониторингийн ажлыг аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр сав газрын захиргаа хийж гүйцэтгэсэн. Буйр нуурын усны дээжийн шинжилгээг гурван цэгээс авч шинжилгээнд хамруулахад Никель Ni -3.8 дахин их, Зэс Cu – 3,3 дахин их, Кадми Cd -7,7 дахин их, Кобальт Co- 2,9 дахин их илэрч зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Энэ бол судалгаа шинжилгээний дүн. Гэвч энэ тухайд өнөөдөр хэн ч зовнихгүй.
Буйр нуур зунжин намаржин хүний хөлд дарагддаг. Эрэг орчим нэлэнхүйдээ хэдэн зуун машины урсгалд талхлагдаж байна. Тэр бүү хэл зарим гэр отог, худаггүй жуулчны баазууд нь ундны усаа нуураас авч байгаа. Сав газрын захиргаанаас нуурын уснаас ундны усаа авч хэрэглэхгүй байх талаар зөвлөмж сануулга өгдөг ч тэд тоож хэрэгсдэггүй. Зарим баазын эзэн өөрийгөө нуурын савдаг гэж төсөөлдөг болтол эзэнгүйдээд л явж байгаа. Буйр нуурын эрэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа 17 аж ахуйн нэгж байна. Эд хаанаас, хэрхэн яаж зөвшөөрөл авдаг юм бол.
Ийм олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж болохгүй гэж би хувьдаа хэлнэ. Энэ нуур бол онцгой нуур. Яагаад Төр нь анхааралдаа авахгүй байгааг үнэхээр гайхширмаар. Өвөрмонголчууд бол толгой сэгсрэн гайхдаг юм билээ. Буйрыг ийнхүү буудал шиг болгон талхалж байгаа иргэдийн 2025 онд ашигласан усны хэмжээг нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх нормоор тооцоход нийт 7,363.0 м3/жил усыг ашигласан байна. Энэ нь 7.3 сая гаруй литр усыг ашигласан гэсэн үг.
2026 онд Буйр нуурын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр долоон жуулчны бааз, 10 гэр отог үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр жуулчны баазууд нь өөрийн эзэмшлийн газартай, хоногт 50-с дээш хүн хүлээж авах хүчин чадалтай аж ахуйн нэгжүүд аж. Харин гэр отгууд нь сумын Засаг даргаас нуурын эрэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, гэрээ байгуулж ажилладаг юм байна.
Мөн Буйр нуураас загас агнах болон нөөц тогтоолгох саналыг сумын ЗДТГ-аас БОАЖ-ын яаманд саналаа хүргүүлдэг гэнэ. БОАЖЯ-аас нь тогтоосон хэмжээний дагуу Буйр нуурын загасны нөөцийг тогтоох ажлыг жил бүр тендерийн хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийг сонгодог юм байна.
Жилдээ нуураас 50 тонн загас агнах боломжтой гэсэн судалгаа гардаг. Нөөцийг тогтоож жилдээ 3-4 загас агнах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд эрх олгож, сумын ЗДТГ-тай гэрээ байгуулдаг. Аж ахуйн нэгжүүд нь орон нутгийн 30-40 иргэдтэй гэрээ байгуулж ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж тухайн жилийн зөвшөөрлийн хэмжээнд загасыг бүрдүүлж зах зээлд борлуулдаг. Ихэвчлэн БНХАУ-д экспортлон худалдаалдаг. Өвлийн агнуур хийх хугацаанд аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэн, сумын БОХУБ, байгаль хамгаалагч нар үүргийн дагуу хяналт тавьж ажиллах, нутгийн иргэд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд загасаа борлуулж хамтарч ажилладаг гэж ярьж байгаа ч энэ ажил хяналт шалгалтаас хол, хэтэрхий хайнга явагдаж байх шиг санагдана. Мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд хяналт шалгалт хийх явцад зөвшөөрөлгүй иргэд агнуур хийх, хугацаа хэтрүүлэх, машин техникээ нуурт унагах, түүнийгээ нуух, амь насаа алдах гэх мэтийн болзошгүй эрсдэл үүсдэг гэдгийг тэр бүр олон нийт мэддэггүй.
Нуурын зүүн эргийн элсний нүүдэл 2015 оноос хойш эрс нэмэгдэж байгаа бөгөөд 2015-2025 онд элсний хэмжээ 2,1 дахин нэмэгдсэн байна. Энэ бол Буйр нуур аюул руу ойртож байна гэсэн үг. Буйрыг хүний хайр биш, хулгайн сэдэл, хүйтэн хөндий хандлага л тойрч байна.
Буйр нуурын зүүн эргийн цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор 44 га талбайд 50,000 орчим улиас, бургас тарьж татмын ойжуулалтыг аймаг, орон нутгийн төсөв, “Адапт” төслийн санхүүжилтээр хийсэн гэдгээс өөр гэрэлтэй мэдээ алга. Хамгийн өөдгүй нь аялагчид бохироо бүрэн шийддэггүй. Бид цэнгэг сайхныг нь биширч, очиж булхан шавдаг атлаа ийм л сэтгэлтэй. Цээжний нөмөр шиг Буйр луугаа цэрээ хаяхаас сийдэггүй. Үнэхээр уйлмаар биш гэж үү.
Ийнхүү бодолд автан зогссоор нэг мэдэхэд нөгөө тайвшрал сарнижээ. Хүйтэн сэтгэл өвөрлөсөн хүний хүн шиг болжээ, монголчууд бид. Аргамгийн алтан дэл шиг жаргах нарын туяа агуу Буйрын эрэг рүү асгарч байна. Ард минь ачаа зовлонгоор дүүрэн амьдрал хүлээж байгааг мартагнажээ, би.
Үдшийн бүрий дэргэд минь ирээд үсийг минь хийсгэн байна.
Үймээн самуун дүүрэн өнөө хот руу хөдлөх болжээ...
Үүрд энд үлдэхсэн
Үүрээр дэгдэх суунаг болохсон
Өглөө нь үдшээс ямар харгис болохыг
Үг үсэггүй тэмдэглэн авахсан... ийм нэгэн мөрүүдийг энд элсэн дээр чинь би бичиж үлдээлээ... Эргээд заавал ирнэ, эгэлгүй энэ нуурын эрэгт...
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ






.jpg)


















.jpg)

.jpg)

















































Сэтгэгдэл