Л.Болд:Яагаад ингэх болсныг нь би мэдмээр байна

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

НЭМЭЛТ 16:40 ЦАГ

-Б.ХУРЦЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ-

УИХ-ын Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан даргалагчийн зүгээс гишүүдийг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуудал асуухыг хүссэн юм. Мөн шаардлагатай бол нэр дэвшигч Б.Хурц зарим асуултын хариуг албан бичгээр өгч болно гэж тайлбарлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Гишүүд Б.Хурц тагнаад байна гээд ордон дотор айдаг. Үүн дээр та тайлбар өгөх үү. Д.Энхбатын асуудал, Ц.Нямдоржийн авлига авсан гэх яриа, Л.Болд гишүүнээс болж хүн цаазлуулсан гэх юм. Тагнуулын дарга байсан хүн ийм зүйлүүдийг ярьж болох уу гэсэн бол О.Баасанхүү гишүүн Хойд Солонгосын хуралдааны талаар мэдээлэл авахыг хүссэн юм.

Б.Хурц "Ер нь бол эрхэлж байсан ажилтай холбоотой зүйл яригдаад байна. Хойд Солонгосын асуудлаар би далд яръя" гэв. Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэхийг биенээсээ хүсч, элчин сайдаар томилогдохтой холбоотой асуудлаар нэр дэвшигчээс тодруулга авлаа. Мөн гишүүд нэр дэвшигч Б.Хурцад хандан, цаашдаа цэргийн хүн биш дипломат албаны хүн болж буйг нь сануулж, өөрийнх нь эсрэг чиглэсэн мэдээлэл бүр дээр няцаалт хийхээр яарахгүй байхыг зөвлөлөө.

Л.Болд гишүүн "Монгол Улс Хойт Солонгостой зэвсгийн наймаа хийж байгаагүй. Ийм оролдлогууд байсан. Өмнө нь ОХУ-ын хуучин зэвсгийг 300 мянган ам.доллараар зарах хэлцэл явагдаж байсан юм билээ. Энэ асуудал намайг сайд болох үед дамжиж ирсэн. Би бодьтой болсон үйл явцыг хэлж байна. Би тэр 300 мянган ам.долларыг аваагүй. Батлан хамгаалах яам тэр мөнгийг аваад, буцааж өгсөн байдаг. Ийм байхад надаас болоод Хойт Солонгост хоёр хүн цаазлагдсан мэт ярих нь зохисгүй" гэв.

О.Содбилэг гишүүн "Заавал энэ их асуудал үүсгэж, Б.Хурцыг элчин сайдаар томилох хэрэг байсан уу. Өөр боловсон хүчин байгаагүй хэрэг үү" гэж асуухад Д.Цогтбаатар сайд "Нэр дэвшигч өмнө нь дипломат албанд ажиллаж байсан. Холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан" гэх ерөнхий тайлбар хийлээ. Ингээд санал хураалтаар Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилохыг гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжлээ.


hurts

НЭМЭЛТ 15:47 ЦАГ

-Б.ХУРЦ: БИ ЦААШ НЬ ЯРИХ УУ..-

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Л.Болд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан асуудал эцэслэн шийдэгдсэн үү. Ц.Нямдорж та хоёр ноцтой баримтууд нэгнийхээ өмнөөс шидсэн. Энэ бодитой юу. Надтай хамт ажиллаж байсан хоёр Төрийн нарийн бичгийн дарга дарга шалгагдаж байгаад амиа алдсан. Хохирлыг нь нөхөн төлсөн ч хэн ч ар гэрээс нь уучлал гуйгаагүй. Хөл нь өвдөж байгаа өвчтэй хүнийг хоёр давхрын шат өөд чирж гулдарч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан. Маш хүнлэг биш үйлдэл" гэв.
Хариуд нь Б.Хурц "Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойд Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу? Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.

Л.Болд: Улаан цайм ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү. Зэвсгийн наймааны асуудал тэр чигтээ гүжирдлэг байсан. Харин ч ингэж яригдаж байгаа бол би хуулийн байгууллагад хандана" гэв.

Н.Энхболд гишүүн хаалттай явуулах санал гаргасан ч санал хураалт явагдсангүй. Хуралдаан үргэлжилж байна.

baingiin horoo

-Л.БОЛД: НАДТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ХОЁР Ч ТӨРИЙН НАРИЙН НАС БАРСАН АСУУДЛЫГ Б.ХУРЦААС АСУУМААР БАЙНА-

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар элчин сайд нарыг томилох болон эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зүгээс байнгын хорооны даргад Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулах саналыг албан бичгээр хүргүүлээд байсан юм.

Хуралдаанд элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурц оролцов. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн "Б.Хурцтай холбоотой хэд хэдэн асуудал байна. Д.Энхбат агсны ар гэрийнхний өргөдөл, С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн асуудлууд яригдана. Гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг зөвшөөрч байгаа. Тиймээс энэ асуудлыг хойшлуулж өгнө үү" гэсэн юм. Байнгын хорооны дарга О.Содбилэг "Нийтийн сонсголын тухай хууль шинэ учраас өмнө нь байнгын хороон дээр асуудлыг хойшлуулах үндэслэл болж байгаагүй. Гэхдээ 21 гишүүн нээлттэй сонсгол хийх хүсэлтээ илэрхийлсэн учраас саналыг нь хүндэтгэж үзэх учиртай. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуультай хэр нийцэж байгааг эргэж харах хэрэгтэй байна" гэсэн юм.

Мөн О.Баасанхүү гишүүн "Ж.Батзандан гишүүн 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийг зарлана гэж хэллээ. Шүүхийн ийм нууц асуудлыг яаж мэдэж байгаа юм. Нийтийн сонсголоор асуудлыг хойшлуулах нь зөв үү. Дэгээ барих ёстой биш үү. Биднийг гадныхан харж байгаа шүү" гэв. Т.Аюурсайхан гишүүн "Нээлттэй сонсгол бол Монгол Улсын албан ёсны эрх зүйн акт. Тиймээс заавал дэгд баригдалгүй, асуудлаа нягтлах хэрэгтэй. Б.Хурцын асуудлыг нээлттэй сонсгол хийж, асуудлыг нэг мөр болгох ёстой. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, гишүүдийн эрхийг бас хангаж ажиллахыг хүсье" гэлээ.

Улмаар Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нарын гишүүдийн зүгээс хуралдааныг хаалттай байдлаар явуулах естой гэхэд Ж.Батзандан гишүүн олон улсын парламентын жишгээр нээлттэй сонсгол хийж, төлөвшүүлэх учиртай гэсэн байр суурийг илэрхийллээ. Зарим нэр бүхий гишүүд томилгоо хийх хуулийн хугацаа байгааг, тус тусад нь асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байдлаар асуудалд хандаж, гадагшаа элчингээр явах гэж буй сайдаа өмнө нь УИХ шүүх нь буруу. Томилодсон хүн очоод яаж ажил хийх вэ гэсэн санааг ч илэрхийлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд "Зүгээр л томилгоог баталчихъя гэж зарим гишүүд үзээд байна. Гэтэл асуух зүйл надад асар их байна. Надтай хамт ажилласан хоёр Төрийн нарийн бичгийн дарга нас барсан. Баахан шалгаж зовоосон. Ганц удаа л Л.Болдын эсрэг дуугарчих гэж шахаж байсан. Яагаад ингэх болсныг нь би мэдмээр байна. Та нар үүнийг нээлттэй сонсголоор хийхгүй бол би гудманд гарч хийх болно гэв.

Ингээд байнгын хорооны даргын зүгээс Дэгийн тухай хуулиар томилгоог хэлэлцэхийн зэрэгцээ Ж.Батзандан гишүүний гаргаад буй нээлттэй сонсголыг давхар байдлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000