Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Aдмин / Нүүр

Прокурорын байгууллага 2025 оны тавдугаар сарын 12-ноос 16-ны өдрийг хүртэл хугацаанд 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 98, өмчлөх эрхийн эсрэг 64, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 54, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, авлигын 6 хэрэг байна. Мөн олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, эдийн засгийн 5, хүрээлэн байгаа орчны эсрэг 3, хүний амьд явах эрхийн эсрэг 3, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Төв аймгийн сумын засаг дарга Л.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанийн удирдлагуудаас хахууль өгөхийг шаардаж, улмаар автогрейдер, авто зам индүүдэгч болон тээврийн хэрэгслийн засварын мөнгө авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн иргэдэд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүнээр ажиллаж байсан Б.Ц, Ч.О нар нь зөрчил дутагдлаа арилгасан эсэхийг бодитоор танилцан үзлэг хийлгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг баталгаажуулж гарын үсэг зурсны хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
  • БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Ш.Х, Л.Б, Монгол Улсын иргэн А.Д, А.Т нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн талаар Улсын ерөнхий прокурорын газрын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000