Каяа Каллас: Путин үүнийг хийж зүрхлэхгүй

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Францын Libration сонин болон Европын бусад хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Владимир Путинтэй Анкара, эсвэл Станбулд уулзахад бэлэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийг энэ уулзалтыг зөвшөөрөхийг хүлээж байна.
Бид ерөнхийлөгч Эрдогантай Туркийн нийслэл Анкарад уулзахаар тохиролцсон. Тэр пүрэв гаригт буюу 15-ны өдөр энд ирнэ. Бид Путинтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байх болно. Харин Путин Анкарад бус, Станбулд уулзана гэвэл бид тийшээ нисэхэд бэлэн байна. Ерөнхийлөгч Эрдоган энэ уулзалтыг Анкара, эсвэл Станбулд хийх бүх зүйлийг бэлдсэн байх болно гэдгээ илэрхийлсэн.
Энэ уулзалтын эхний үр дүн бол болзолгүйгээр шууд гал зогсоох явдал юм. Учир нь зөвхөн тэр л ийм шийдвэр гаргаж чадах тул би түүнтэй гал зогсоох талаар тохиролцох ёстой. Хэрэв би түүнтэй уулзвал бид улс төрийн ялалт авчрах ёстой. Бид одоо бүх зүйл дээр санал нийлэх боломжгүй, энэ боломжгүй... Харин эхний алхам болгож гал зогсоох, бүх хоригдлуудаа солилцох, эсвэл үүнтэй төстэй зүйл хийх ёстой" гэж хэлжээ.
В.Зеленскийн хэлснээр түүний Путинтэй уулзаж болзошгүй зорилгыг тодорхойлох нь чухал юм. "Гэхдээ бид дайныг зогсоох ямар нэгэн хэлбэрийг олох ёстой" гэж тэр онцлон тэмдэглэв” гэж мэдэгдэв.
Мөн "The Breakfast Show" нэвтрүүлэгт Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михайло Подоляк оролцохдоо сэтгүүлчийн “Зеленский Оросын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский зэрэг Москвагийн бусад төлөөлөгчидтэй уулзах боломжтой эсэхийг асуухад Подоляк "Мэдээж үгүй. Зеленский зөвхөн Путинтэй биечлэн уулзах болно.
Зөвхөн Путин л дайныг үргэлжлүүлэх, эсвэл зогсоох шийдвэр гаргаж чадна. Иймээс өөр ямар ч хэлбэрээр уулзалт хийх нь утгагүй бөгөөд зөвхөн үйл явцыг удаашруулахад хүргэнэ” гэж хариулсан байна.
Мөн Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, Украинд энх тайван тогтоохын тулд Орос улс 30 хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлсэн байна.
Италийн засгийн газар энэ тухай “Ерөнхий сайд Мелони хэлэлцээрийн замаар мөргөлдөөнийг эцэслэх шийдэл олохын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа ерөнхийлөгч Эрдоганд талархал илэрхийлэв. Украин, Оросын энхийн хэлэлцээ зохион байгуулахад Турк бэлэн байгааг харгалзан хоёр удирдагч дипломат харилцааны хэтийн төлөвийн талаар ярилцаж, Украинд шударга, урт удаан энх тайван тогтоохын төлөө байгаагаа дахин нотлов” гэж мэдээлжээ.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд “Оросын төлөөлөгчид энэ сарын 15-нд Станбулд хэлэлцээр хийхээр Украины төлөөлөгчдийг хүлээж байх болно” гээд Оросын хэлэлцээрийн багийн бүрэлдэхүүнийг тодруулахаас дахин татгалзаж ерөнхийлөгч тушаал өгөх үед бид үүнийг хийх болно" гэж хэлжээ.
Харин АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Цагаан ордны удирдагч өөрөө энэ яриа хэлэлцээнд оролцож магадгүй. Түүний Турк руу нисэх эсэх нь Владимир Путин тэнд очих эсэхээс шууд шалтгаална” гэж мэдээлэв.
Тэгвэл Саудын Арабт айлчилж, Эр-Риядтай АНУ-д хөрөнгө оруулах, зэвсэг худалдаж авах нийт 600 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан ерөнхийлөгч Дональд Трамп “Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Туркт болох Орос-Украины хэлэлцээнд оролцох болно. Туркт сайн үр дүн гарах байх” гэж мэдэгдэв.
Данийн нийслэлд болсон “Копенгагены ардчиллын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Каяа Каллас Орос улс Украинтай Туркт энхийн хэлэлцээ хийх сонирхолгүй байна гэж үзэж байна.
Каллас энэ сарын 13-ны мягмар гаригт "Украин болзолгүй гал зогсоохыг зөвшөөрснөөс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрч байхад Москва Украиныг бөмбөгдсөөр байна. Хэрэв тэд энх тайвныг хүсч байсан бол нэн даруй гал зогсоох байсан. Орос улс тоглоом тоглож, цаг хугацаа хожихыг хичээж, цаг хугацаа тэдний талд байгаа гэж найдаж байгаа нь тодорхой.
Иймээс бид Орос улсаас эерэг хүчин чармайлт, сайн шинж тэмдгийг олж харахгүй байна. Иймээс ерөнхийлөгч Владимир Зеленский, Владимир Путин нар уулзаж, хэлэлцээрийн ширээний ард суувал энэ нь эерэг алхам болно. Гэхдээ би Путин үүнийг хийж зүрхлэхгүй гэж бодож байна" гэж хэлжээ.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.32] 2025-05-15 22:43:46
Энэ ЕХУ ОХУын нэг хэсэгт шунаж үхлээ ! Өгөхгүй түүхээсээ оросын газар нутаг
Зочин [66.181.187.121] 2025-05-15 22:08:33
Алиа салбадай КГБ-тагнуулч байсан Ерөнхийлөгчтэй яаж мөр зэрэгцэн уулзах билээ ?
Зочин [202.179.24.197] 2025-05-15 18:34:27
ОРОСУУД НАТО-ТОЙ ХИЛЛЭХ НЬ ТУН УДАХГҮЙ ДЭЛХИЙГ СӨНӨӨХ ХЭМЖЭЭНИЙ ДАЙН ТУЛААН БОЛНОО Л ГЭСЭН ҮГ. ШУЛУУХАНДАА АМЕРИК ОРОС ХОЁР УКРАЙНЫ НУТАГ ДЭЭР ХАЛЗ ТУЛНА. ТЭР АЮУЛ МАШ ОЙРХОН ИРСЭН. ДЭЛХИЙГЭЭРЭЭ ЭНЭ ҮНЭНИЙГ МЭДЭЖ БАЙГАА УЧРААС УКРАЙНЫ ТЭНЭГЛЭЛД ҮГҮЙ ГЭЭД БАЙГААМ.ДА
Зочин [202.126.91.249] 2025-05-15 18:14:28
Бүх юм тэдний хүссэнээр л байх ёстой юм биз дээ. Юун дураараа юм. Үг дуугүй буулгаж авахгүй л бол жаахан сэхээд дайн өдөөх нь ойлгомжтой. 2022 онд хэлэлцэж тохирсон биз дээ,гэнэт л дайтах болчихсон. Ийм дураараа юм байж болохгүй байх аа. Улс орон,хүний амь насны асуудал шүү дээ....
Гамарт [202.126.88.173] 2025-05-15 15:21:12
Ялагдах болохоороо гал зогсоох гэнээ. 2022 онд зогсоох боломж байсан