Малчид: Төр засгийнхан минь хэдэн малчдынхаа амьдрал руу ормооргүй байна аа, арай дэндлээ

Бид орон нутгийн малчидтай холбогдож, тэдэнд тулгараад байгаа асуудлын талаар тодруулсан юм. Малчдын хувьд малаас гарч буй түүхий эд үнэгүйдэж, банкнаас зээл авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүртэл хүндрэл үүсч байгаа учраас хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах малчин цөөрч байгааг онцолсон юм. Бид Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын малчин А.Батнасантай холбогдсон юм.
-Таны хувьд хэдэн жил мал маллаж байна вэ. Малчдын хувьд малаас гарч байгаа түүхий эдээрээ амьдралаа залгуулдаг шүү дээ. Гэтэл энэ жил ноолуурын үнэ өссөнгүй. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Миний хувьд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 35 жил мал маллаж байна. Малчдын хувьд ямааныхаа ноолуураар хаврын цагт хэдэн төгрөгтэй залгадаг байсан бол энэ жил тийм юм алга. Одоо хүртэл ноолуур авч байгаа хүн байхгүй байна. Ноолуур дөнгөж гарч эхлэх үед ченж нар авч байснаа одоо больчихлоо. Ченж нар өөрсдөө үнэ зохиогоод, дуртай үедээ үнээ цохиж аваад, мөнгөгүй үедээ зээлээр аваад явж байна. Авахаараа 120 мянгаар л авч байна. Дээрээс нь мал авч байгаа газар ч байхгүй, үнэ ханш ч алга. Цөөхөн малтай хүмүүс аргаа барж байх шиг байна. Манай аймгийн төв дээр мал авч байгаа газар ч алга. Өмнө нь ноолуурыг булаацалдаад л авдаг байсан. Үнэндээ малчдын амьдрал огцом доошилж байна. Хөдөөгүүр сэтгэл санаагаар унасан, гундсан хүмүүс л их байна.
-Эрүүл мэндийн үйлчилгээгээ хөнгөлөлттэй авч чадаж байна уу?
-Миний хувьд эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг. Эмнэлгийн үйлчилгээ бол яах вэ. Малчид бид чинь өвдөөд нам хэвтчихгүй л бол барагтаа эмнэлэгт очихгүй. Бараг л үзүүлэхгүй. Хааяа нэг эмнэлэг орохоор эм тан нь их л үнэтэй байдаг юм билээ.
-Төр засгийн зүгээс малчдыг хэрхэн дэмжээсэй гэж бодож байна?
-Төрийн зүгээс малчдын амьдрал руу битгий орооч ээ л гэж хэлмээр байна. Ноос, ноолуурыг гадагшаа гарах гарцыг нь нээгээд өгчихөөсэй. 126 гишүүнээс өөр хүсэх зүйл алга. Үнэндээ туйлдаж байна. Хөдөөгүүр л нэг хот хүрээ явна гэсэн хүмүүс байна.
Ер нь хамаг хүмүүс нь хот яваад нутаг орон эзгүйрэх шинжтэй байна. Ноолуур үнэгүй, малчид бүгд зээлтэй. Зээлээ ч дарж чадахгүй үнэхээр хүндрэлтэй байна. Талбай дээр очиж суулт хийдэг юм уу, яадаг юм. Залуучууд нь мал үнэд хүрэхгүй болохоор ашиггүй юм байна, гадагшаа явна л гэх юм. Миний үеийн хэдэн муу сайн өвөө, эмээ нар л үлдлээ. Энд тэнд очиход ажил төрөл олдохгүй болохоор нутаг орноо бараадахаас өөр аргагүй. Арай ч турж үхэхгүй байх, шалдан ч гэсэн махаа идээд явж байя гэж бодож байна. Үнэхээр төр засагт гомддог бол гомдоод, гутардаг бол гутармаар байна. Түүхий эдийг нь дотоодын үйлдвэрүүд нэмүү өртөг шингээгээд үнэд хүргэх юм яриад байсан байхгүй. Өмнө нь нэг төлөг зараад гурил авчихдаг байсан чинь гурилын үнэ нь дийлдэхээ байлаа. 50 килограммын гурил 140 мянгатай болсон байна. Төр засгийнхан минь хэдэн малчдынхаа амьдрал руу ормооргүй байна аа, арай дэндлээ.
Малчин Д.Отгоо: Өмнө нь ноолуураа зараад зээлээ хаачихдаг байсан бол энэ жил тийм юм байсангүй
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин Д.Отгоотой ярилцлаа. Түүний хувьд 2010 оноос хойш 15 жил мал маллаж байгаа гэв. Сүхбаатар аймагт энэ хавар ноолуур 120 мянгаас эхлээд 150 мянга хүрсэн аж.
Тэрээр ноолуурын үнэ ханшийн талаар ярихдаа “Өмнө нь ноолуураа зараад зээлээ хаачихдаг байсан бол энэ жил тийм юм байсангүй. Ноднин малчны зээлийг хойшлууллаа гэсэн. Гэвч зуд болоод малчид бид юун ямаа самнахтайгаа байлаа. Зээл хойшиллоо гээд баярлаад байсан чинь энэ жил тэрнээс болоод маш их өрийн дарамт үүссэн. Хүү нь өсчихөж байгаа юм чинь” гэсэн юм. Тэрээр төдийлөн эмнэлэгт хэвтээд байдаггүй ч энэ хавар эмнэлгээр явах ажил гарсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг ч сэтгэлд хүртэл үйлчилгээгээ авч чадаагүй. Эмнэлэгт хэвтсэн ч нийгмийн даатгал хэмжээнээсээ хэтэрлээ гээд илүү мөнгө авдаг, эсвэл ор хоногийн мөнгө нэхдэг нь тогтмол орлогогүй малчдад санхүүгийн дарамт үзүүлдэг хэмээв. Малчдын хувьд мал маллаад хэрэг байна уу, тэрний оронд тогтмол орлоготой, төв бараадаж барилгын ажил хийвэл хамаагүй дээр гэж ярьдаг болсон гэв.
Завхан аймгийн Яруу сумын малчин Б.Болд: Ядаж ахмадуудад тэтгэврийн зээлийг нь хүссэнээр нь өгчих л дөө
-Малчдыг төрөөс яаж дэмжих хэрэгтэй байна. Таны бодлоор?
-Ядаж ахмадуудад тэтгэврийн зээлийг хүссэнээр нь өгчих л дөө. Хүн өөрийнхөө захиран зарцуулах эрхтэй, насаараа хуримтлуулсан мөнгөө яаж хэрэглэхийг төр засаг хязгаарлах нь яг зөв үү. Дээрээс нь залуу малчдаа төрөөс дэмжихгүй бол одоо тэтгэвэрт гарах гэж байгаа хэдэн хөгшин нь өнхрөөд өгөхөөр, хөдөө малчингүй болоход бэлэн болсон байна. Мал аж ахуйгаа анхаарч байж малчин бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
-Малаас гарч байгаа түүхий эдээ зарж борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж чадаж байна уу?
-Чадахгүй байна. Арьс ширнээс эхлээд ноос ноолуур нь хүртэл үнэгүйдчихлээ. Арьс шир шууд хог дээр хаягдаж байна. Түүхий эд нь үнэлэгдэж байж малчид оршин тогтноно. Үүнд засаг төр зөв арга хэмжээ аваад, голдиролд нь оруулах хэрэгтэй. Заавал Улаанбаатарт үйлдвэр барих биш, хөдөө орон нутагт үйлдвэр барьж болно шүү дээ. Манай суманд гэхэд тог цахилгаан хангалттай болсон. Том хэмжээний үйлдвэр барихад тогноос айх юмгүй болж байна. Олон жил гацаагдсан мега төслүүдийг түргэн явуулах хэрэгтэй. Тэгвэл залуучууд хөдөө орон нутаг руугаа тэмүүлдэг болно. Тэгж байж малчид, мал ахуй оршин тогтноно. Шинэ хоршоо гээд зээл өгөөд байх юм. Ашиг нь гарч байгаа юм уу, бүү мэд. Заавал хоршоо гэхгүйгээр малчдад хувь хувиар нь олгочихмоор байгаа юм.
Төв аймгийн Батсүмбэр сумын малчин Л.Энх-Амгалан:
“Энэ хавар манай нутаг гантайдуу байна. Манайх өмнө нь бог малтай байсан ч сүүлийн хэдэн жил үхрээ дагнаад маллаж байна. Үхэр зарна гэсэн зар тавихаар хүмүүс их л асуудаг. Тэгсэн хэрнээ бэлэн мөнгөтэй хүн ховор байна. Ер нь малчдын амьдрал хэцүү шүү дээ. Банкинд малаа үнэлүүлээд зээл авъя гэхээр мал нь ямар ч үнэ байхгүй. Тугалтай үнээг зах зээлийн ханшаар 4-5 сая төгрөгөөр авдаг. Гэтэл банкнаас зээл авах гэхээр үхрийг маань дээд тал нь 2 сая 500 мянган төгрөгөөр үнэлдэг. Дээрээс нь хүү нь өндөр. Гар дээрээ бэлэн мөнгө байхгүй бид чинь хэдэн малаа зарж л амьдралаа болгож байна. Сүү цагаан идээгээ зарахаар зундаа литр сүүг 1000 төгрөгөөр л зардаг. Өвөлдөө сүүний үнэ хамгийн дээд тал нь 2500 төгрөг хүрдэг. Бид чинь малаа тэжээнэ, тэжээлээ худалдаж авна гээд асуудал их. Тэжээл ямар үнэтэй билээ. Мал маллах хэцүү шүү дээ. Мал нь үнэд хүрэхгүй, түүхий эд нь хүртэл үнэгүйдчихээр дөрвөн улиралдаа жигд орлогогүй болчихож байгаа юм. Ер нь ашиггүй шахуу. Малчид маань хот орж ажил хийе гээд шантарч эхэлж байна. Манай эргэн тойронд 20-30 өрх байсан ч ихэнх нь хот руу орчихлоо. Банкнаас зээл авъя гэхээр хүү нь өндөр. Ноднин жил хоршооны зээл гээд зөндөө хөөцөлдсөн. Над мэтэд тэр нь олдохгүй юм билээ. Банкинд очихоор шаардлага хангахгүй гэнэ. Ядаж зээлээ хүү бага, урт хугацаатай өгдөг болмоор юм” гэв.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа
Сэтгэгдэл
Зочин [188.162.254.29] 2025-05-13 13:06:26
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!