Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно

Aдмин / Нүүр

Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Шелкунчик”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет бичсэн байдаг. Энэ дотроос “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Энэхүү балет УДБЭТ-ын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр балетмейстер, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож, тайзны ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Энэ жил “Хунт нуур” балетыг 50 дахь жилдээ, 203 дахь удаагаа энэ сарын 26, 27-нд ОХУ-ын Буриадын театрын уран бүтээлчдийг урьж, Буриадын театрын тавилтаар, 28-ны өдөр өөрийн театрын тавилтаар тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагватай ярилцлаа.


-Таны хувьд балетын урлагтай хэзээнээс амьдралаа холбосон бэ. Сонгодог урлаг юуг илэрхийлдэг талаар хэлэхгүй юу?

-Миний хувьд 1979 оноос хойш балетын урлагтай амьдралаа холбосон байна. Сонгодог урлаг гэдэг ерөөсөө хайрыг л магтдаг. Хүн төрөлхтний хүрэх боломжтой, эсвэл боломжгүй зүйлийг магтан дуулдаг. Гэвч үүнийг бид хайж явсаар байгаад үхдэг нь үнэн. Гэхдээ хайр бол ерөөсөө л эмэгтэй хүн. Тэгвэл эмэгтэй хүнийг магтан дуулах хорвоогийн гайхамшгийг хаанаас олох юм бэ. Сонгодог урлаг үүнийг үргэлж толилуулж байдаг. Үүний нэг жишээ нь П.И.Чайковскийн “Хунт нуур” балет. “Хунт нуур” юуг өгүүлдэг вэ гэвэл хүний дотор сайн нь ч бий, муу нь ч бий. Гаднаа ч гэсэн ялгаагүй сайн нь ч бий, муу нь ч бий. Харин сайхан, муухай гэдгийг сонгодог урлаг хариултгүй хаядаг юм. “Хунт нуур”-ыг хүн төрөлхтөн яагаад өнөөдрийг хүртэл үзээд байна вэ. Цаашид дахиад хэдэн зуун жил үзэх бол… Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно. Маш олон хувилбараар тоглогдоно. Гэхдээ ганцхан зүйл нь хувирахгүй. Тэнд байгаа хайр л хувирахгүй.

-Тэгвэл “Хунт нуур”-аас эмэгтэй хүний гоо сайхан, хайрыг мэдэрч болох нь ээ?

-“Хунт нуур”-ын гол дүрд тоглож байгаа бүсгүйчүүд хамгийн хөөрхөнөөрөө тоглодог. Хамгийн гайхамшигтайгаар тоглодог. Үүгээрээ л улс орон уралддаг юм уу гэж балетыг энд тэнд очоод үзэж байхдаа би боддог юм. Яах вэ, амжилтад хүрсэн эрчүүдээрээ уралдаад л байдаг. Заримдаа чадалтай эрчүүдээрээ уралддаг. Гэвч эмэгтэй хүний гоо сайхангүйгээр юу ч байхгүй шүү дээ. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг байдаг. Гоо сайхан гэдэг мэдэхгүй хүнд гадна гоо үзэсгэлэн байж болно л доо. Гэхдээ гоо сайхан гэдэг “Хунт нуур”-т л байдаг юм. Эмэгтэй хүн хорвоог аврахын төлөө чөтгөр ч болдог, сайн сайханд хүргэхийн төлөө бурхан ч болдог. Хорвоо дээр эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүн амжилтад хүрсэн түүх байхгүй. Үүнийг л “Хунт нуур” өгүүлдэг. Бид үүнийг л дэлхийд байдаг хамгийн өндөрлөгөөр ард түмэндээ хүргэх гэж эрмэлздэг юм. Манай монголчууд ч маш их үнэлдэг дээ.

-1975 оны “Хунт нуур” балетад ямар уран бүтээлчид оролцож байсан юм бол?

-1975 онд л Монгол Улс мэргэжлийн балеттай болж байлаа. 50 жилийн өмнөх “Хунт нуур” балетын гол дүрд Одетта, Одиллия-д зууны манлай балетын жүжигчин, ардын жүжигчин Ю.Оюун, Зигфрид-д гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбарт-д гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадай-д ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглож байсан. “Хунт нуур” балетыг симфони оркесторгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог. Дэлхийн сонгодог бүтээл гэдэг хүн төрөлхтний хүрсэн оргил нь гэсэн үг. Түүнээс илүү зүйл одоогоор бүтээгдээгүй байгаа. Гэхдээ үүнийг ганцхан балетаар ойлгож болохгүй. Хөгжмөөр, зургаар, яруу найргаар илэрхийлдэг. Үүнийг л Монголдоо авчирч, толилуулсны үр дүнд өнөө үеийн залуус амжилт гаргаж байна. Тухайн үеийн Ю.Оюун эгч бол үнэхээр гайхалтай. 200, 300 хувь бие, сэтгэл зүрхээ балетын урлагт тушааж явсан хүн. Тэр гайхамшиг дээр л өнөөдрийн гайхамшгуудыг бүтээж байна шүү дээ. Өчигдрийн үүд нээгдсэн болохоор өнөөдрийн жаргалыг бид мэдэрч байгаа юм. 50 жилийн өмнөх гайхамшгийг өнөөдөр бид унагаахгүй аваад явж байгаадаа ч баярладаг юм.

-Орчин үед балетын урлагаас маш олон залуу уран бүтээлч төрөн гарч, амжилт үзүүлж байна. Тухайлбал, 23 насандаа гавьяат цол хүртсэн О.Анужин байна?

-Дээр үед зөвхөн балетын сургуульд, цөөн хэдэн хүн сурдаг байлаа. Гэтэл одоо хүн төрөлхтний хүртэх ёстой гоо сайхан болчихсон байна. Үүнийг мэргэжлийн сургуулиуд ч зааж байна, ээж нь ч охиндоо зааж байна. О.Анужин маань Чикагогоос 50 жилийнхээ ойд ирж оролцож байна, Б.Саруул маань маш хүнд өвчний дараа сэргээд, босоод ирж байна. Балетын урлагийг харахад сайхан юм шиг боловч, спортоос хүнд, биеийн хүчний хөдөлмөрт ордог. Гэхдээ сонгодог урлаг амьдралын хүндийг нууж, сайн сайхныг илрүүлж байх ёстой. Хүн төрөлхтний сайн сайхан гэдэг нь уйлах, инээх, жаргах юм шүү дээ. “Хунт нуур”-ыг “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” гэдэг Буддагийн үгээр ойлговол их амархан байдаг. Бид үүний төлөө л хөдөлмөрлөж байгаа. Хар хун нь байгаагүй бол цагаан хунг бид яаж ойлгох юм бэ. Хүний сайхан сэтгэлийг харьцуулж байж л ойлгох боломжтой. Хэрвээ эмэгтэй хүмүүс байгаагүй бол эрэгтэй хүмүүс яаж гоо сайхныг ойлгох юм бэ. Үүнтэй адил “Хунт нуур” балет хүн төрөлхтнийг араасаа дагуулсаар л байна.

-Тайзан дээр гарах үеийг үгээр илэрхийлээч. Тухайн үед яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хүмүүс онгод гэж ярьдаг. Хорвоогоос тасардаг мэдрэмж юм шүү дээ. Бэлтгэл дээр тайван сургуулилтаа хийгээд л явдаг. Гэтэл жүжиг эхлэх гэж байх үед гараад явчихмаар, айдас хүрсэн, чадмааргүй ч юм шиг мэдрэмж төрдөг юм. Эсвэл онгироод байгаа ч юм шиг. Тэгээд хөгжим дуугараад, тайзан дээр гараад анхны алхмаа хийгээд, гэрэл харахад бүх зүйл тунгалагшаад, гэрэл болж хувирдаг. Үүний төлөө, энэ мэдрэмжийг мэдрэхийн төлөө бүжигчид маань өдөр шөнөгүй, ясаа хугарсан ч хичээсээр л байдаг. Энэ бүх мэдрэмжээ би Д.Урианхай багштайгаа холбож ярих дуртай байдаг юм.

Ерөөсөө эмэгтэй хүний гоо сайхнаар л балет бүтдэг. Тэгэхээр “Хунт нуур” балет хүн төрөлхтний яруу найраг. Балет бол бүжиг биш. Хөдлөх болон үл хөдлөхөөр хүргэдэг, дотоод ертөнцийн гоо сайхныг магтан дуулдаг жүжиг. Балетын шилдэг сонгодгуудыг үзсэнээрээ гэртээ хариад гэр дүүрэн галтай, харсан хүнээ хайрлах хүсэл мөрөөдлөөр дүүрсэн байдаг. Үүний төлөө л “Хунт нуур” тоглогддог юм.

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл

зочин [66.181.187.199] 2025-06-29 14:56:27

Сонгодог урлагийг дэмжиж байна, гэхдээ Монголын театрууд/жүжигчид яагаад зөвхөн оросын урлаг соёлыг хэт шүтэж сурталчилдаг вэ? бусдыг нь мэддэггүй юмуу? чаддаггүй юмуу? Монголынхоо урлаг соёлыг өргөн дэлгэр мэдүүлж, түгээж, сурталчилаасай.

Зочин [66.181.180.27] 2025-06-29 11:53:57

баярлалаа! Урлагийг ингэж сурталчилж соён гэгээрүүлж байгаад тань амжилт хүсье!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000