ХААН Банк дотоодын хөрөнгийн зах зээлд анхны Жендэр бонд гаргах зөвшөөрлөө авлаа

ХААН Банк дотоодын анхны “Жендэр бонд”-ыг хөрөнгийн зах зээлд нээлттэй санал болгон арилжаалах зөвшөөрлийг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр авлаа.
Банкны салбарын актив хөрөнгийн 28 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлж, 2023 онд олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд Монгол Улсаас анх удаа Ногоон бонд гаргаж байсан билээ.
Энэ удаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, эдийн засгийн оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн санхүүжилт олгох зорилгоор Жендэр бонд гаргаж байна. Энэхүү бонд нь олон улсын “Sustainable Fitch” мэргэжлийн байгууллагаас баталгаажуулж, дүгнэлт гаргасан ХААН Банкны “Нийгмийн бондын санхүүжилтийн хүрээ” баримт бичигт тодорхойлсон зарчмуудтай нийцэж буйгаараа онцлогтой юм.
Жендэр бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК, хууль зүйн зөвлөхөөр “ХаанЛекс Партнерс” ХХН, санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК тус тус хамтран ажиллаж байна.
ХААН Банк анхны Жендэр бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд Тогтвортой санхүүжилтийн шинэ төрлийн бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
ХААН Банк анхдагч зах зээлд Жендэр бонд арилжих тов зарласнаар олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх болно.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл