Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы (2025.06.25) нэгдсэн хуралдаан 14 цаг 17 минутад гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа үүгээр дуусаж байгаа учраас төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Үндэсний баялгийн сангийн асуудлыг хариуцах сайдын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат тодруулахад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хариуцах болно гэдэг хариултыг С.Бямбацогт сайд өгсөн. Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар, төсвийн хөрөнгийг үргүй зарж байгаа асуудлуудыг хэмнэх, Үндэсний хороодыг цөөлөх, статусыг тодорхой болох саналыг Ө.Шижир гишүүн хэллээ. Боловсролын сайдын талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн байр суурь илэрхийлсэн бол төрийн албан хаагчдын тоог бууруулах бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодруулгыг М.Мандхай гишүүн хийв. Д.Энхтүвшин гишүүн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тодруулга авсан бол Дав.Цогтбаатар гишүүн хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар, М.Энхцэцэг гишүүн эрчим хүчний реформыг үр дүнтэй хэлбэрээр эрчимжүүлэх талаар санал хэлж, Эрчим хүчний үндэсний хороог татан буулгах эсэхийг тодруулж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүнээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулсан.

Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх ажилд парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлснээр Үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог ажиллуулахаар тусгасан аж. Тус дэд хороог байгуулснаар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагаас явуулсан гүйцэтгэх ажилд тавигдах Улсын Их Хурлын хяналтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах Тусгай хяналтын дэд хороо, хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-д тавих Улсын Их Хурлын хяналтыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах Тусгай хяналтын дэд хороо хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулагдаж, төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй юм байна. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа байрь сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй Байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Иймд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүнээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулж түр хорооны даргыг сөрөг хүчнээс буюу цөөнхийн төлөөллөөс сонгохоор хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Энэ тохиолдолд Улсын Их Хурлын хянан шалгах арга хэрэгслүүдийн нэг болох түр хороог илүү үр дүнтэй болгоход ач холбогдолтой гэж үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцэхэд гишүүдийн олон үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хэмээн Б.Пүрэвдорж гишүүн танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Баярбаатар, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, М.Мандхай, О.Номинчимэг, Б.Батбаатар нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж буй эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар илэрхийлэв. Холбогдох хуульд парламентын хянан шалгах эрхийг хэрэгжүүлэх хэд хэдэн механизмыг тусгасан байдгийг сануулаад төсөл дэх зохицуулалтыг гишүүдийн эрхэд нөлөөлөхгүйгээр уян хатан, нээлттэй байдлаар зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 56.1 хувь дэмжсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулахад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авсан бөгөөд уг завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Ингэхдээ хуулийн төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, найруулгын шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авав. Энэ явцад Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Засгийн газар, сайд нар дэмжиж ажиллахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүдээр ахлуулсан 60 гаруй ажлын хэсгийг маш идэвхтэй ажилласан гэдгийг тэмдэглэлээ. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиудын бичилт, найруулга, үзэл баримтлал, философийг цаг үетэй нийцүүлэх чиглэлээр олон дэвшил гаргасан хэмээгээд энэ чуулганы хугацаанд 18 ажлын хэсэг санал, дүгнэлтээ хэлэлцүүлээд байгааг танилцуулав. Түүнчлэн санал, дүгнэлтээ танилцуулахаар бэлэн болгоод буй 15 ажлын хэсэг байгаа аж. Намар, хаврын ээлжит чуулганы хугацаанд 30 гаруй ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж буй нь Улсын Их Хурлын гишүүдийн идэвх санаачилгатай, эрчтэй, ачаалалтай ажиллаж байгаагийн илрэл хэмээн тодотгов.

Улсын Их Хурлын гишүүдийн санал, санаачилгыг Засгийн газрын холбогдох сайд нар дэмжиж, хамтарч ажиллах нь зүйтэй гэлээ. Д.Амарбаясгалан дарга “Зарим сайд нар зориудаар буюу эс үйлдэхгүйгээр хуулийн хугацаа дуусгах гэх зэрэг тохиолдлууд гарч байгааг анхаарч ажиллаарай” гэв. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд ажлынхаа үр дүнг гаргахын төлөө ажиллана гэдгийг анхааруулаад эрчимжүүлж, идэвхжүүлэх шаардлагатай бүгдээрээ ажил хэрэг болгохыг уриалсан.

Ингээд санал хураалтыг түр хойшлуулаад Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дугаар дунд сургууль, 2000 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр суралцаж төгссөн. Философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2018 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн байна. Тэрбээр 2000-2004 онд нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005-2008 онд тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008-2012 он, 2016-2020 онд Багануур дүүргийн Засаг даргаар 2 удаа сонгогдон, нийт найман жил ажилласан байна. 2013 оноос одоог хүртэл Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж. Тэрбээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож ажилласан болохыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ. 2020, 2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн аж. Эл саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Б.Баярбаатар гишүүн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудал болон Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг сонгохыг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 97 гишүүний 60.8 хувь дэмжив. Иймд холбогдох Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцож, Д.Амарбаясгалан дарга эцсийн найруулгын танилцуулсан.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа танилцууллаа.

Засгийн газраас 2025 оны энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 24-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасан аж. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл саналыг дэмжсэн хэмээн Х.Болормаа гишүүн танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Очирбат, Д.Энхтуяа нар асуулт асууж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас хариулт авав. Дараа нь төслүүдийг эцэслэн батлах санал хураалтуудыг явууллаа. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцох зохицуулалттай. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 71 гишүүн дэмжсэнээр төслийг эцэслэн баталлаа. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 69 гишүүн дэмжсэн юм. Хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 70 гишүүн, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 65 гишүүн, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 66 гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 68 гишүүн, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 67 гишүүн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг 65 гишүүн дэмжин баталсан юм. Түүнчлэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлахыг 69 гишүүн дэмжив.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон юм.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, хүн амын гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжиж, үнийг зохистой түвшинд тогтворжуулах зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонтой холбоотойгоор улсын стратегийн нөөцийг 100.000 тонн улаанбуудайгаар бүрдүүлэх, мөн гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах, суурилагдсан гурилын үйлдвэрүүдийн хүчин чадал, ашиглалтыг нэмэгдүүлж улаанбуудайн гурил, үр тариаг экспортлох боломжийг бүрдүүлэх, баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх болон гурил, тэжээлийн хангамжийн тогтвортой байдлыг бий болгох, үнийн өсөлтөд нөлөөлж буй тээврийн зардлыг бууруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан П.Сайнзориг гишүүн үг хэлсний дараа “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 99 гишүүний 54 нь буюу 54.5 хувийн саналаар дэмжиж, батлав. Иймд Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж, Х.Тэмүүжин гишүүн хууль санаачлагчийн илтгэлийг, Ц.Сандаг-Очир гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийж буй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан нийтийн албан тушаалтан, бусад этгээд үнэн бодит мэдээлэл өгөх асуудлыг үүрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг төсөлд тусгажээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 73.7 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүрд нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан П.Сайнзориг, О.Номинчимэг нарын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт, тайлбар авсан. Байнгын хорооны саналаарх санал хураалтыг түр хойшлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүнээс энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Б.Бат-Эрдэнэ гишүүн төсөл санаачлагчийн илтгэлийг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Э.Болормаа гишүүн тус тус нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж заасныг баталгаажуулах зорилгоор улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Агаар, орчны бохирдлын дэд хороог Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяанд байгуулахаар төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.9 хувь нь дэмжсэн хэмээн Э.Болормаа гишүүн танилцуулсан.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналаарх санал хураалтыг түр хойшлуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүнээс энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг А.Ариунзаяа гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баярбаатар гишүүн танилцууллаа.

Хуулийн төсөлд иргэд, байгууллагаас Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр төсөлд тусгажээ. Байнгын хороодыг нэгтгэсэнтэй холбоотойгоор Аж үйлдвэржилтийн бодлогын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Ёс зүй, дэгийн, Инновац, цахим бодлогын байнгын хороодын эрхлэх асуудлыг холбогдох Байнгын хороодод шилжүүлэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн; Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац, цахим бодлогын хөгжлийн; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс, хөдөө аж ахуйн; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог байгуулах нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулахад төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус бүрд нь дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Рэгдэл, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, төсөл санаачлагч гишүүн А.Ариунзаяагаас хариулт аван, санал хэлж байв. Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 100 гишүүний 54 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 62 хувь нь дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 67 хувиар дэмжсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус бүрд нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд тус бүрд нь дэмжсэн учраас төсөл санаачлагч гишүүд нэгтгэн хэлэлцэх талаар зөвшилцөхийг сануулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг танилцуулав. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000