НҮБ: Дэлхий даяар 316 сая хүн мансууруулах бодис хэрэглэж байна

Дэлхий даяар 2023 онд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 316 саяд хүрч өсжээ. НҮБ-ын тооцоолсноор, дэлхий дахинд улам бүр нэмэгдэж буй тогтворгүй байдлын улмаас 2023 онд мансууруулах бодис хэрэглэж буй хүний тоо 316 саяд хүрч өссөн байна.
НҮБ-ын Мансууруулах бодисын хяналт ба гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас Вена хотод зургадугаар сарын 26-нд нийтэлсэн тайландаа өнгөрсөн 2024 онд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 292 саяд хүрсэн талаар дурджээ. Хамгийн өргөн хэрэглэж буй бодис нь каннабис аж.
UNODC-ийн мэдээлснээр, каннабис хамгийн өргөн хэрэглэдэг мансууруулах бодис хэвээр байгаа бөгөөд 244 сая хүн түүнийг хэрэглэдэг байна. Харин опиоидуудыг 61 сая, амфетаминыг 30.7 сая, кокаиныг 25 сая, экстазиг 21 сая хүн тус тус хэрэглэж байгаа ажээ.
НҮБ-ын мэргэжилтнүүдийн хамгийн их анхаарал хандуулж буй асуудал нь кокаины хууль бус худалдааны хурдацтай өсөлт юм байна. 2023 онд кокаины хууль бус үйлдвэрлэл 3708 тоннд хүрсэн нь 2022 онтой харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт аж. Сүүлийн арван жилд кокаин хэрэглэгчдийн тоо 8 саяар нэмэгдсэн байна.
UNODC-ийн гүйцэтгэх захирал Гада Вали хэлэхдээ "Зохион байгуулалттай мансууруулах бодисын бүлэглэлүүд дэлхий нийтийн хямралыг өөрсдийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглаж, хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг онилж байна" хэмээн мэдэгдэж, олон улсын хамтын нийгэмлэгийг гэмт хэргийн сүлжээтэй идэвхтэй тэмцэхийг уриалжээ.
Тус газраас наркокартелуудын хоорондох ширүүн өрсөлдөөн зөвхөн Латин Америкаар хязгаарлагдахгүй, Африк, Ази, Европыг ч хамарч байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл