Эрдоган: Трамп Оросын Ерөнхийлөгч Путинтэй Туркт уулзахад бэлэн байна

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Нидерландын Гаага хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцаж явах замдаа сэтгүүлчдэд “Украины асуудлаарх энхийн хэлэлцээрийн хүрээнд Владимир Путин очвол Дональд Трамп Стамбул, Анкарад ирэхэд бэлэн байна” гэж ярьсан талаар Туркийн “TRT Haber” телевиз пүрэв гараг буюу зургадугаар сарын 26-нд мэдээлжээ.
Эрдоган хэлэхдээ "Бидний үзэж байгаагаар, Орос-Украины дайн эцэслэж, энх тайван тогтох горьдлого байна. Шийдэл олохын төлөө “зүүгээр нүх малтах” хэрэгтэй болсон ч бид түүнийг дагана. Бидний эцсийн зорилго бол манай оронд төрийн тэргүүнүүдийн түвшинд уулзалт зохион байгуулж, хүсэн хүлээсэн энх тайвныг бий болгох явдал юм" гэжээ.
Түүний хэлснээр, тэрбээр Гаагад Дональд Трамптай Украины асуудлаарх хэлэлцээрт АНУ-ын тал оролцох боломжтой эсэх талаар хэлэлцсэн байна. Эрдоган "АНУ-ын Ерөнхийлөгч ‘Хэрвээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шийдэл олох зорилгоор Стамбул, эсвэл Анкарад ирвэл би ч бас тэнд байх болно’ гэж хэлсэн” хэмээн уламжилжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы үзэж буйгаар, Стамбулд өмнө нь болсон Орос, Украины хоорондын хэлэлцээрүүд "энхийн хаалга”-ыг нээжээ. Тэрбээр "Бүгд энх тайвнаас нүүр буруулсан ч бид хэзээ ч тэгэхгүй" гэж мэдэгдсэн байна.
Эрдоган зургадугаар сарын эхээр “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг уулзуулах нь "миний хамгийн том хүсэл" гэж хэлжээ.
Харин Кремль үүний хариуд “Путин ийм уулзалтад бэлэн байгаа ч юуны түрүүнд хоёр орны төлөөлөгчдийн хооронд шууд хэлэлцээрийн үр дүн гарсан байх ёстой” гэж мэдэгдсэн байна. Ийм шууд хэлэлцээр хамгийн сүүлд зургадугаар сарын 2-нд Стамбулд болсон билээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.136] 2025-06-27 14:24:07
Тийм үү
Зочин [103.57.93.90] 2025-06-27 11:15:41
нохой зеленскийг албал таарна