Нүүрсний үнэ 40 орчим хувиар унаж, төсвийн нийт орлого 1.3 их наяд төгрөгөөр буурчээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан. Түүний хэлснээр, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7,4 хувь, 2024 онд 4,9 хувь байсан бол 25 оны эхний улиралд 2,4 хувь болж буурчээ.
Нийт экспорт 2025 оны эхний 5 сард 5,4 тэрбум ам. доллар болж, өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний 5 сард 11,4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1,3 их наяд төгрөгөөр буурсан байна.
Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ ГЕГ-аас зарладаг албан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унажээ.
Экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй байхаар байна.
Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,2 их наядаар бууруулж, нөгөө талд нь төсвийн зарлагыг 1,9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан байна.
Уг хуулийн төсөлд нэгдсэн төсвийн 2026-2027 оны төсөөлөл шинэчлэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай тул уг хуулийн төслийг дагах хуулиар өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагч, ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт "Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийг 7,2 хувиар тооцсон боловч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тооцож 9,5 хувиар тооцсон. Үндэсний статистикийн хороо өргөн хэрэглээний 430 орчим бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг жинлэн инфляцийг тооцдог. Тиймээс бодит тооцоо хэмээн дүгнэж байна" хэмээн хариулав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар УИХ-ын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэв.
Энэхүү дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцуулсан. Тэрбээр "Ажлын хэсэг гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн салбарын төсөв, эдийн засаг, дэд бүтцийн салбарын төсөв болон төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа, орон тоотой холбоотой мэдээлэлтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, гишүүдийг мэдээллээр хангах үүрэг бүхий 4 дэд хэсгийг байгуулж ажиллалаа" гэв.
Мөн тэрбээр төсвийн цаглабар, нийгмийн салбар, төрийн албан хаагчийн цалин, нийгмийн баталгаа, орон тоо, эдийн засаг, дэд бүтцийн төсөв, гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой саналуудыг тус тус багцлан танилцуулав. Тухайлбал,
УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн хэлэлцүүлэхээр төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлгийн шинэ үе шат нэмж, нийт 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт, өөрчлөлт холбогдох хуульд оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор төсөв хэлэлцэн батлах хугацаа, чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтыг нэмэх шаардлагатай.
Ингэснээр хоригийг хүлээн авснаас шалтгаалан төсвийг шинээр хэлэлцэх асуудалд хууль зүйн маргаан үүсэхгүй байх, дэгийн хувьд эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг санал гаргасан байна.
Мөн төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, ажиллагсад, гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хүрээнд олгож буй цалин, нийгмийн баталгаа салангид зохицуулагдаж, зарим төрлийн цалин, урамшуулал, нэмэгдэл нь харилцан уялдаагүй, хэт төвлөрсөн байх нь төсвийн зардал, төрийн албаны бүтээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.
Иймд төрийн албаны цалин, нийгмийн баталгааны тогтолцоог уялдуулах, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг нэгтгэн зохицуулах зорилгоор “Төрийн албаны цалин, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг боловсруулж, батлуулан нэгдсэн цалингийн тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэхчилэн саналуудыг боловсруулан танилцуулав.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Заяабал, Ж. Ганбаатар нар төсвийн цаглаварыг өөрчлөх эсэхийг эргэн харах, төсвийн орлогыг бага төлөвлөж байж, төрийн албаны данхайсан бүтэц багасах боломжтой, төсвийн зардлыг бодитой төлөвлөхөд анхаарах, төсвийг сүүлийн 3 жил дараалан хэт нэмэгдүүлснээс эдийн засгийн өнөөгийн хүндрэл үүсэх нэг шалтгаан болж байгаа талаар саналаа хэлэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Төрийн албаны нэгдсэн цалингийн сүлжээ [66.181.191.94] 2025-06-27 10:46:56
Төрийн албанд нэгдсэн цалингийн сүлжээ хэрэгтэй. Салбар бүр өөртөө хуулиар давуу байдал бий болгож аль лобби хийж чадсан салбар нь өндөр цалин, ямар ч хэмжүүргүй элдэв нэмэгдэл урамшуулал авдаг болсон
Том том ярьж попорсны гор [66.181.191.94] 2025-06-27 10:43:47
Хэзээ ч үл биелэх том том юм ярьж, ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургасны гор. Мега том төсөл энэ тэр гэж солиорч байхаар өрхийн, жижиг дунд үйлдвэрээ дэмжиж ирсэн бол өдийд юу гэж ингэх билээ
Иргэн [66.181.161.182] 2025-06-27 07:14:47
Нэг тосгон шдээ хужаагын МОНГОЛ