Х.Цогбаатар: 70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэмж биетэй нисдэг гүрвэлийн яс олдсон
“Монголын говиос дахин эрт галавын үеийн үлэг гүрвэлийн олдвор олджээ. Судлаачид энэ удаа 10 гаруй метрийн урт далавчтай, нисэх онгоцны дайны хэмжээтэй птерозавр хэмээх аварга амьтны араг ясны үлдэгдэл олсон байна. Птерозавр нь Европ, Хойд Америкаас олдсон далавчтай махчин үлэг гүрвэлүүдээс одоогоор хамгийн том нь ажээ.
Энэ аварга үлэг гүрвэл 70 сая жилийн тэртээ дэлхийн уур амьсгал зөөлөн дулаан, гэхдээ одоогийнх шиг хуурай болоогүй байхад амьдарч байжээ” хэмээн National Geographic-ийн сэтгүүлч Жон Пикелл нийтлэлдээ бичжээ. Бид энэ талаар Монголын Шинжлэх ухааны академи, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогбаатараас тодруулга авсан юм.
-“National Geographic” сэтгүүл дээр бичсэн энэ үлэг гүрвэлийн яс хэдэн онд, ямар нутгаас олдож байсан юм бэ?
-Энэ бол үлэг гүрвэл биш, птерозавр чинь нисдэг гүрвэл байхгүй юу. Энийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй л дээ. “Динозавр, үлэг гүрвэл, нисдэг гүрвэлийн яс олдлоо” гэхээр бүтэн араг яс олсон юм шиг боддог. Энэ бол хагас дутуу хадгалалттай, гэхдээ таньж тодорхойлж болохоор байсан. Хамгийн сонирхол татаж буй зүйл нь гэвэл нисдэг гүрвэлүүдийн амьдарч байсан цаг үеэс нэлээд хожуу амьдарч байсан. Мөн үлэмж том биетэй болохоор олны анхаарлыг татсан байх. 2006 онд Өмнөговь, Баянхонгор аймгийн зааг дээр байдаг Гурилын цав гэдэг газраас Монгол, Японы палеонтологийн хамтарсан экспедици аварга том биетэй байж болохоор амьтны нуруу, хүзүүний үений хэсгүүд олсон юм.
-Ер нь дэлхийн бусад орнуудаас үлэмж том биетэй нисдэг гүрвэлийн яс олдож байсан уу?
-Нисдэг гүрвэлүүдийн палеонтологийн олдвор энд тэндээс зөндөө олддог л доо. Манай улсад птерозаврын олдвороос өмнө нисдэг гүрвэлийн яс 3-4 газраас олдож байсан. Ер бусын том хэмжээтэй гэдгээрээ л анхаарал татаж байгаа юм. Нисдэг гүрвэлүүдийн олдвор ихэвчлэн түрүү цэрдийн үеэс олддог байхгүй юу. Гэтэл птерозаврын олдвор хожуу цэрдийн үеийн олдворт газраас олдсон нь сонин. Өөрөөр хэлбэл нисдэг гүрвэл юрийн галав, түрүү цэрдийн цаг үеэс наашаагаа хожуу цэрд үе хүртэл амьдарч байснаараа анхаарал татсан.
-Тэгэхээр одоогоос хэдэн сая жилийн өмнө гэсэн үг вэ?
-70 орчим сая жилийн өмнө амьдарч байсан гэсэн үг. Нисдэг гүрвэлүүд ихэвчлэн 110-аад сая жилээс урагш амьдарч байсан гэж үздэг. Нисдэг гүрвэлийн олдворууд дэлхийн өнцөг булан бүрээс олддог боловч Ази тивээс харьцангүй ховор олдож байсан. Сүүлийн жилүүдэд Хятад улсаас их олдож байгаа. “National Geographic” сэтгүүл дээр птерозаврын талаар нийтлэл бичсэн Жон Пикелл зохиолч хүн л дээ. Хүмүүст энгийн үг хэллэгээр их гоё ойлгогдохоор бичсэн байна лээ. Тэгээд л олны анхааралд орсон болов уу.
-Птерозавр нисдэг гүрвэлийн талаархи судалгаа, шинжилгээ ямар шатандаа явна вэ?
-Судалгаа, шинжилгээний үе шат ерөнхийдөө дуусчихсан. “Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд судалгааны тайлан хэдхэн хоногийн өмнө нийтлэгдсэн. Энэ сэтгүүл бол хамгийн том шүүлтүүртэй, өгсөн материал болгоныг нийтэлдэггүй палеонтологийн чиглэлийн эрдэмтэдээр шүүлгэж, үнэн зөвийг нь тунгааж байж сэтгүүлдээ гаргадаг. Сүүлийн үед ийм мэргэжлийн өгүүллэгийг палеонтологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг янз бүрийн орны эрдэмтэд хамтраад бичдэг болсон. Ганцаараа бүгдийг хийдэг үе өнгөрсөн. Энэ өгүүлэл дээр Монголоос миний бие, миний шавь Бүүвэйгийн Майнбаяр оролцсон. Мөн Япон, АНУ-аас судлаачид оролцсон.
-Нисдэг гүрвэлийн яс олдсон гэхээр иргэд их сонирхож байна. Үлэг гүрвэлийн музейд тавигдах болов уу?
-Үзмэр талаасаа нэг их сонирхолтой биш. Судалгаа талаасаа маш чухал олдвор. Бид үзмэртээ аль болох бүтэн олдвор тавьдаг. Олсон юм болгоныг музейд тавьдаггүй юм.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл