ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.08.13) болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон ажлын үйл явцын талаар хэлэлэв.

Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 09-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэ хугацаанд авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар танилцуулжээ. Тус баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, ажиллаж байгаа аж.

2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийнх нь амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс заржээ. Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долдугаар сарын эхээр өсөж тонн нь 700 юаниас 1000 юань болж өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долоодугаар сараас наймдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 23 удаагийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс борлуулсан байна.

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

2025 оны зургадугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд 90 сая ам.доллар орсон бол 2025 оны долоо болон наймдугаар сарын эхний 10 хоногт нийт 210 сая ам.доллар орж, валютын нөөц нэмэгдүүлсэн байна.

Нүүрс тээвэр болон зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг, техникийн ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

Мөн компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд эхний ээлжинд худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргийн давхардлыг арилгаж, бусад чиг үүргийн давхардлыг арилгах бэлтгэл ажлыг хангаж, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж буй юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.140] 2025-08-13 20:15:16

Онцгой дэглэм тогтоохоос өмнө ажиллаж байсан удирдлага менежпннтийн багийг нь бүгдийг зайлуулж өөрчлөөчээ

Зочин [202.126.91.105] 2025-08-13 19:15:44

birjee hezee bolih ve


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.