Японы Ерөнхий сайд II дайн дууссаны ойн өдөр уучлалт хүссэн мэдэгдэл хийв

Aдмин / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба “Дайны зовлон зүдгүүр, гашуун сургамжийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий шингээх ёстой” хэмээн онцолж, “Япон улс дахин буруу зам сонгож, алдаа гаргахгүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр энэ мэдэгдлийг 1945 онд Японы эзэн хаан Хирохито II дайн дууссаныг зарласны 80 жилийн ой, дайнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр хийсэн байна. Ёслолыг NHK телевиз болон интернэтээр шууд дамжуулжээ.

Ишиба “Дайн дууссанаас хойш 80 жил өнгөрчээ. Одоо амьдарч буй хүмүүсийн ихэнх нь дайныг мэдэхгүй үеийнхэн. Бид дахин дайны гамшгийг давтахгүй. Цаашид бид буруу зам сонгож, дахин алдаа гаргахгүй. Тэр дайн бидэнд сургамж болж үлдсэн.

Зовлонгийн түүхийг зүрх сэтгэлдээ гүн гүнзгий шингээх хэрэгтэй. Түүнчлэн энэ 80 жилийн хугацаанд манай улс энхийн замаар тогтвортой урагшилж, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирлээ” гэж тэмдэглэжээ.

"NHК" агентлагаас мэдээлснээр, Токио хотноо болсон, Дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үндэсний ёслолд 4000 гаруй хүн оролцсоны дотор уй гашууд автсан ар гэрийнхэн нь байсан аж.

Амиа алдагсдын 2.3 сая орчим нь Японы эзэн хааны армийн цэргүүд болон бусад хүмүүс бөгөөд 800 мянга орчим энгийн иргэн амиа алджээ. Ёслолд оролцогчид үд дундын үед дуугүй зогсож, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.

Японы Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар мөн нас барагсдын төлөө залбирчээ. Эзэн хаан “Дайн дууссанаас хойш 80 жил өнгөрч байна. Ард түмний тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд манай улс өнөөдөр амар амгалан амьдрал, хөгжил цэцэглэлтийн үр шимийг хүртэж байна.

Хүнд хэцүү үеийг эргэн дурсахдаа би асар их уй гашууд автдаг. Бид дайны үеэр болон дайны дараа тохиолдсон зовлон зүдгүүрийн талаарх түүхийг хойч үедээ дамжуулж, ирээдүйд энх тайван, ард түмний аз жаргалыг эрэлхийлэхийн тулд оюун санааны нэгдмэл байдлаа хадгална гэж миний бие найдаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS, NHK
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.