Малчдын тоог нэмэхийн тулд жендэрийн хэвшмэл ойлголтыг халах хэрэгтэй

Aдмин / Нүүр

Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банктай хамтран “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгааг энэ оны гуравдугаар сараас долдугаар сар хүртэл хийжээ. Судалгаандаа зургаан аймгийн 24 сумын 15-34 насны малчдыг хамруулсан байна. Үүнээс залуу малчдын боловсрол, нийгэм соёлын үйлчилгээнд хамаарах асуудлыг онцолж байна.

“ОХИНОО Л БОЛОВСРОЛТОЙ БОЛГОЁ” ГЭСЭН ХАНДЛАГА 1990 ОНООС ХОЙШ ТОГТСОН

Төрөөс малчдаа дэмжинэ гэдгийг ноос, ноолуур, мах, түүхий эдийн үнийг өсгөх, зээлийн хүүг бууруулах мэтээр төсөөлсөөр аль ч Засгийн газрын үед дээрх хэдэн үйл ажиллагаа руу чиглэсэн бодлого хэрэгждэг. Гэтэл хүн ам хөдөөгөөс суурин руу шилжиж байгаа энэ үед малчдын залгамж халааг хэрхэн авч үлдэх, улсын хамгийн том, үндсэн салбар болох Мал аж ахуйгаа хэрхэн хөгжүүлж, өргөжүүлэн тэлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна. Энэ бүхнийг шийдвэрлэх нэгэн чухал зүйл нь малчдын жендэрийн хэвшмэл ойлголтыг халахад чиглэсэн төрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх юм.
Учир нь судалгаанд хамрагдсан малчдын эмэгтэйчүүдийн 61 хувь, эрэгтэйчүүдийн 57 хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Тодруулбал, залуу малчин гэр бүлийн эхнэр, нөхрийн боловсролын зөрүү 63:51 байна. Энэ нь малчид охидынхоо боловсролыг дэмжиж, сургуульд бүрэн сургах, улмаар дээд боловсрол эзэмшүүлэх нийтлэг хандлагатай байдгийн илрэл юм. Манай улсад “Эрэгтэй хүүхэд сургуульд сураагүй ч амьдралаа аваад явчихна. Тиймээс охиноо л боловсролтой болгож хүний гар харуулахгүй байх ёстой” гэсэн жендэрийн хэвшмэл ойлголт 1990 оноос хойш тогтсоор иржээ.Энэ хэвшмэл ойлголтын улмаас залуу малчин өрхийн эрэгтэй ба эмэгтэйчүүдийн боловсролын ялгаа эрс ихэсжээ.
Энэ талаар Өвөрхангай аймгийн 34 настай малчин Э “Нэг хүүхэд маань тавдугаар нөгөө нь нэгдүгээр анги. Эхнэр багш учир хүүхдүүдтэйгээ төв дээр байдаг. Ер нь орон нутагт эхнэрүүд нь төв суурин газарт хүүхдээ хараад, эрэгтэйчүүд малаа маллаж ихэнхдээ хоёр тусдаа байдаг. Эцэг эхчүүдийн ихэнх нь хүүгээ л малчин болгох хүсэлтэй байдаг” гэж ярьжээ. Мөн Увс аймгийн МАА-н тасгийн мэргэжилтэн “Ер нь эмэгтэй хүүхэд хөдөө гарна гэдэг ойлголт байхаа больсон гэж харж байна. Айл бүр л эмэгтэй хүүхдээ их сургуульд сургаж байгаа ч эрэгтэй хүүхдээ сургах нь цөөн. Тиймээс охидоо хөдөө гаргах тал дээр сургалт зохиож, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Учир нь гэрлээгүй залуу эрэгтэй малчин олон байна” гэв.

БОЛОВСРОЛЫН ЗӨРҮҮ МАЛЧДЫН ТОО БУУРАХАД ХҮРГЭЖ БАЙНА

Боловсролын талаарх жендэрийн энэ хэвшмэл ойлголт нь залуу малчдыг гэрлэхгүй байх үндсэн нэгэн шалтгаан болж байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 181 мянга гаруй малчин өрх байгаагийн 30 хувийг 15-34 насныхан буюу залуу малчид эзэлж байна. Гэвч үүний 65 хувь нь гэрлээгүй байна.
Энэ талаар Аймаг, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага хийхэд “Малчин өрхүүд охиноо сургуульд сургаж, эрэгтэй хүүхдийн боловсролыг дэмжихгүй байгаагаас сурах хүсэлгүй болж, улмаар сургуулиас завсардуулж малчин болгодог. Энэ нь эцэстээ боловсролтой эмэгтэйчүүд малчин эрэгтэйгээ тоож гэрлэхгүй нөхцөлд хүргэж байна” гэж ярьжээ. Түүнчлэн боловсролын энэ зөрүүнээс үүдэн залуу малчдын тоо буурч, залгамж халаа дутагдалтай болж байгаа нь том асуудал юм. Гэтэл сум, орон нутгийн зүгээс залуу малчдыг дэмжсэн, тэдэнд зориулсан сургалт, уулзалтыг зохион байгуулдаггүй байна.
Малчдын охид хот суурин газарт сургуульд сурах зорилгоор тэндээ суурьшсанаар гэрлэх насны залуу эмэгтэйчүүдийн тоо буурч, залуу малчин эрэгтэйчүүдийн гэрлэх боломж хумигдаж, гэрлэх нас хойшилж, улмаар малчин хүн ам буурахад хүргэж байна. Гэвч залуу эмэгтэй малчдын тоог нэмэгдүүлэхэд тусгайлан анхаарсан арга хэмжээг орон нутгийн зүгээс хэрэгжүүлсэнгүй.

МАЛЧДАД ЖЕНДЭРИЙН БОЛОВСРОЛЫГ ТУСГАЙЛСАН ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ НЬ ЧУХАЛ

Малчдын жендэрийн хэвшмэл ойлголтыг хална гэдэг нь алсдаа залуу малчдын тоо нэмэгдэх, хүйс тэнцвэржих, улмаар залуу малчин гэр бүлийн тоо өсөн нэмэгдэх, МАА-н салбар хөгжих үндэс суурь болж байгаа юм. Тиймээс залуу эмэгтэй малчинг бэлтгэх, чадавхжуулах, тоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг боловсрол эзэмших хэрэгцээтэй нь уялдуулан дэмжих хэрэгтэй байна. Мөн хөвгүүдийн боловсролыг орхигдуулахгүй байлгахад анхаарах сургалт явуулах, эрэгтэй, эмэгтэй малчдад жендэрийн боловсролыг тусгайлсан хөтөлбөрөөр олгохыг санал болгожээ.
Залуу малчдын хувьд мал хөрөнгөний бүртгэл болон өрхийн орлого, мал хөрөнгө хуваарилах мал, бүтээгдэхүүн, эд зүйлээ захиран зарцуулах шийдвэрт эрэгтэйчүүд, өрхийн орлогыг зарцуулахад эмэгтэйчүүд түлхүү эрх мэдэлтэй байна. Малчин өрх дэх шийдвэр гаргах эрх мэдэл нөхөрт хэт давамгай байгаа нь эмэгтэйчүүдийг малчин болохоос татгалзахад хүргэх нэг хүчин зүйл тул гэр бүл дэх жендэрийн эрх тэгш байдал хангахын ач холбогдол, арга замын талаарх мэдлэг хандлагыг малчдад төлөвшүүлэх шаардлагатай байна гэдгийг судлаачид онцолжээ.
Хөдөөгийн малчин л бол соёлоос хоцорсон, боловсрол, мэдлэггүй байх ёстой гэсэн нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгцээ, шаардлага жендэрийн эрх тэгш байдлыг хангахаар зорьж буй Монгол Улсад хамгийн ихээр үгүйлэгдэж байна.Төрөөс малчдын талаар баримтлах бодлогод малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх замаар амьдралын дадалд өөрчлөлт оруулахаар тусгасан байдаг. Энэ хүрээнд малчны байнгын болон түр сургуулийг бий болгох, үүгээр дамжуулан шат дараалсан сургалтыг зохион байгуулах гэсэн зорилтуудыг дэвшүүлжээ. Мөн ХХААХҮ-ийн салбарт жендэрийн талаарх баримтлах бодлого /2018-2025/-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Малчин гэр бүлийн хөгжлийг дэмжих, малчдын хүүхдэд боловсрол хүргэхдээ эцэг эхийн боловсролыг хамт дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлнэ” хэмээн тусгасан байна. Гэвч бодлого батлахаас илүү түүнийгээ хэрэгжүүлэхэд анхаарах нь хамгаас чухал билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

jhgkjhgkjg [103.229.122.120] 2021-10-28 13:27:25

Ер нь Монголд малчин хэрэгтэй юу? Инженер хэрэгтэй юу? МАН-ыг гол дэмжигчид малчид байдаг. МАН дэмжигчдийнхээ тоог л нэмэх бодлого барьж байна. Малчид гэж мэдээллээс хол, татвар төлдөггүй, аль болох авах, идэхийг илүүд үздэг, хувиа хичээсэн, хууль дүрмийг уландаа нөхдүүд байдаг. Хотод төрж өссөн хүүхдүүд олны дунд байдаг учраас арай нийтэч, тусархаг байдаг. Улсыг татвар төлдөггүй, хөдөөний малчид хөгжүүлэхгүй ээ. Харин инженерүүд л хөгжүүлнэ.

jslkdjfslkf [203.23.199.85] 2021-10-29 03:41:51

Мэдээж мал аж ахуйг тэр чигт нь зорилготойгоор устгаж болохгүй нь ойлгомжтой. Мал маллах болон дэлгүүр ажиллуулах хоёрыг ижил түвшинд тавих хэрэгтэй. Мал маллах гэдэг бол зүгээр л нэг бизнес. Өөр юу ч биш.

Зочин [202.9.40.113] 2021-10-28 13:52:57

Яг үнэн,мал аж ахуйг таягдан хаяцгая.

Зочин [59.153.112.233] 2021-10-28 04:24:17

Малчидтай уулзахад: Малчин болох хүүхдүүдийг 5-6 ангийн боловсрол эзэмшүүлмээр байна. 9-12 жил төв суурин газар сууж, сураад дассан хүүхдүүд хөдөө мал маллахгүй юм. Суурин амьдралд дассан тул хөдөө гарахгүй. Сургуулиас залхаж зугтагсад л малчин болох төлөвтэй. Залуу малчны санал: ХААИС-д малчин бэлдэх сургалт, тэргүүний малчдыг дадлагын багш болгон явуулж байсан. Зогссон байна. Малчин гэж олон талт нарийн мэргэжил шүү. Онол, практик дадлаар олгож дипломжуулан, цаашид тэднийг төрийн бодлогоор дэмжмээр байна. Сургуулийн дотуур байрны хүртээмж, нөхцлийг сайжруулах, Эдгээр нь дээрх судалгааны өгөгдхүүн биш шүү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.