Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган өндөрлөх гэж байна. Чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр ажиллав, хаврын чуулганы онцлог юу байна?

-Онцлог гэж хэлвэл энэ хаврын чуулганаар олон ажлын хэсэг рүү орж ажилласан завгүй цаг хугацаа өнгөрлөө. УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг гарсаныг та мэдэж байгаа байх. Түүнээс долоон ажлын хэсэгт орж ажилласан. Мөн хоёр байнгын хорооноос гарсан найман ажлын хэсэгт орж ажилласан байна.

Төрийн үйлчилгээг хялбаршуулж хүнд ойртуулах, процессын дахин инженерчлэл, кибер аюулгүй байдал, Мэдээлэл, технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, ундны ус, ариун цэврийн байгууламжийн эрх зүйн орчныг сайжруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт боловсруулах, эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах, гадаадад байгаа монголчууд шуудангаар болон цахимаар сонгууль өгөх боломжийг хангах зэрэг ажлын хэсгүүдэд орж ажилласан.

Миний хувьд энэхүү хаврын чуулганы хугацаанд таван хуулийн төслийг хамтран УИХ-д өргөн барьсан байна.

-Төсвийн тодотгол орж ирсэн. Үүнд та хувьдаа ямар байр суурьтай байна. Ер нь төсөв танана гэхээс илүү нэмж байж л олон, олон хөрөнгө оруулалт хийгдэх биш юм уу. Үүнд та зарчмын хувьд ямар байр суурьтай байна?

-Төсөв тодотгох нь угтаа тийм ч гайхаад байх зүйл биш. Энэ бол зүй ёсны асуудал. Яагаад гэвэл хүлээж байсан орлого нь байхгүй болчихсон. Нүүрсний үнэ олон улсын зах зээлийн эрсдэлтэй байдлаас болоод унах эрсдэлтэй, унана гэж би ч ярьсан бусад гишүүд ч хэлсэн. Татварын орлого ч хиймэл байна шүү гэдгийг чуулганы индрээс шүүмжилж байсныг санаж байгаа байх. Энэ утгаараа өнгөрсөн жил төсвийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Тэгэхээр төсөв тодотгож байгаа нь бодит үнэнтэйгээ нүүр тулж байгаагийн л илрэл.

Нүүрсний үнийг анх 149 ам.доллар гэж байсан. Дараа нь 105 болсон. Улмаар 80, 70 гэх мэт цаашаа явахаар байгаа. Ер нь цаашид төсвийг танах биш тэлж байж эдийн засаг өснө гэж ярьдаг. Гэхдээ бид нэг зүйлийг маш сайн ойлгочих хэрэгтэй. Монгол Улсын төсөв ДНБ-нд эзлэх хэмжээ хангалттай өндөр. Монголын нийт эдийн засагт төрийн оролцоо 80 хувийг давчихсан. Тэгэхээр цаашдаа эдийн засгаа тэлэхийн тулд яах ёстой вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз. Энэ утгаараа төсвөө тэлж байж эдийн засгаа тэлнэ гээд явах юм бол төрийн оролцоо 80 биш бүр 100 хувь руу дөхнө. Энэ тохиолдолд энэ улсын нийгэм, эдийн засгийн байдал бүхлээрээ өөрчлөгдөх чиглэл рүүгээ явна гэсэн үг.

Чөлөөт эдийн засаг байхгүй бол чөлөөт нийгэм ч хумигдана. Том зургаараа Монголын ардчилал өөрөө маш хүнд байдалд орно гэсэн үг. Тиймээс сонгож авсан замаа үргэлжлүүлээд явуулъя л гэж байгаа бол бид эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулах л хэрэгтэй юм. Ингээд эдийн засгийг тэлэхдээ төсвөөр бус бизнесийг дэмжих, хувийн хэвшилдээ илүү том боломж олгох, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчнуудыг сайжруулах шаардлагатай. Угтаа бид дотоодынхоо эрчим хүчийг бүрэн хангах бүр экспортлох нөөц бололцоо нь бий. Тиймээс цаашид энэ бодлогоо эрчимтэй хэрэгжүүлж ажиллах нь л чухал байна.

-Чуулганы төгсгөлд, мөн иргэдийн анхаарал суларсан үед эрх зүйн ноцтой өөрчлөлтүүд батлагддаг. Хуулийн хулгай ч гэж ярьдаг. Ийм үйлдэл анзаарагдаж байна уу?

-Ийм үзэгдэл цөөнгүй байдаг. Намрын чуулганы хувьд шинэ жил, цагаан сарын баярыг дөхүүлээд хуулийн төслүүдийг чихдэг. Хаврын чуулганаар наадмын өмнө мөн яаралтай нэрийн доор баахан хуулийн төсөл оруулж ирдэг. Өмнө нь байсан энэ асуудал одоо ч ажиглагдсаар л байгаа. Жишээ нь, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ төсөл яаралтай горимоор орж ирж байгаа. Уг нь энэ парламентын даргын захирамжаар ажлын хэсэг гараад эрчим хүчний тухай хуулийг боловсронгуй болгохоор зорьсон. Энэхүү ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа.

Олон эх үүсвэртэй, өрсөлдөөнт тогтолцоог салбарт нэвтрүүлсэнээрээ урт хугацаандаа эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, үнийг нь бууруулах ийм зорилготой явсан. Гэтэл үүнийг нь яг эсрэгээр салбарын яам нь “…үгүй ээ. Нүүрсний цахилгаан станц барих зөвшөөрлийг сайд өөрийн томилосон таван хүний хамтаар шийднэ. Хэдэн төгрөгөөр сүлжээнд нийлүүлэхийг тэр баг шийднэ. Ямар нөхцөлд, хэзээ төсвийн мөнгөөр улсад худалдаж авахыг бас тэр баг шийднэ” гэх ийм төсөл оруулж ирж байх жишээтэй. Энэ бол таны хэлээд байгаа чуулганы сүүлээр баяр наадмыг далимдуулж оруулж ирж байгаа улс оронд эрсдэл авчирах хуулийн төслийн жишээ гэж хувьдаа үзэж байна.

Мөн Нийслэлд дахин их наяд шахуу төгрөгийн санхүүжилт босгож өгөх зорилгоор Засгийн газрын өрийн баталгаа гаргах УИХ-ын тогтоолыг гэв гэнэт наадмын өмнө оруулж ирж байна. Бүтээн байгуулалт хэрэгтэй, гэхдээ гэнэт, яаралтай гэх тайлбар өөрөө буруу бөгөөд эрсдэлтэй.

-Эрчим хүчний асуудал ирэх намраас хүндэрнэ гэж хэн хүнгүй л хэлж байна. Ер нь ирэх өвөл бид дулаан, цахилгааны хязгаарлалтад орчихгүйхэн шиг өвөлжих боломж байна уу?

-Ер нь бол сүүлийн хэдэн жил эрчим хүчний хэд хэдэн шинэ эх үүсвэрүүд баригдсан. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хэлж болно. Дорнодод мөн Чойбалсангийн цахилгаан станц өргөтгөсөн. Тосонцэнгэлд цахилгаан станц ашиглалтад орсон. Хойшоо Сэлэнгэд 70 МВт-ын станц баригдаж байна. Ингээд хэд хэдэн эх үүсвэр нэмэгдэж байсан боломж Дулааны гуравдугаар цахилгаан станцад гэмтэл гарлаа. Ингэхээр тооцоолж байсан ерөнхий бланс алдагдаж байна гэсэн үг. Тиймээс яаралтай ирэх өвлөөс өмнө засварлах хэрэгтэй. ОХУ-аас авдаг хэмжээнд хязгаартаа тулчихсан. БНХАУ-аас импортоор цахилгаан авна гэдэг нь арга ядсан л нөөц хувилбар.

-ДЦС 3 -ын гэмтлийг намраас өмнө засварлах боломж харагдаж байна уу?

-Амжих боломжтой гэдэгт хувьдаа итгэж байгаа. Харамсалтай нь энэхүү Засгийн газар бүрдэснээсээ хойш чамгүй хугацааг ардаа үлдээлээ. Ажлаа мэдэж байгаа учраас Б.Чойжилсүрэн сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хийж байгаа болов уу гэж ойлгосон. Тийм бол ДЦС 3-ын турбин нийлүүлэгчээ хурдхан шиг сонгоод ажлаа эрчимжүүлээч ээ гэж хэлмээр байна. Гэтэл ийм ажил эхлүүлсэн талаар одоо болтол сонсогдсонгүй. Гэмтэл юунаас, хэнээс, яагаад болсон зэргээ дараа нь тогтоодог юм байгаа биз, юуны өмнө тоног төхөөрөмжийнхөө захиалгыг хийх хэрэгтэй. Хожигдож байна.

-Ирэх өвөл нийслэл хагас коксжсон түлш түлнэ, зуухуудыг шинэчлэнэ гэж байна. Хагас коксжсон, илүү сайжруулсан гэх түлшид иргэд итгэхээ больсон байна. Утаа нь багасах боловч хортой чанар нь нэмэгддэг гэсэн бодолтой хүмүүс их байна. Үүнд та инженер хүний хувьд ямар шийдэл, саналыг хэлэх вэ?

-БНХАУ-аас хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш оруулж ирэн түлнэ гэдгийг би эсэргүүцэж байгаа. Учир нь энэ бол асар их мөнгө. Бараг 226 орчим тэрбум төгрөгөөр Эрээн нөхцлөөр худалдан авна гэж байна лээ. Хил, гаалиар нэвтэрнэ, дараа нь Улаанбаатарт авчирна. Ингээд түлшээ агуулна, савлана, түгээнэ, борлуулна. Энэ бүх зардлуудыг нэмбэл нийт өртөг нь явж өгнө. Нөгөөтэйгүүр энэ түлшийг массаараа хэрэглэж үзээгүй. Энэ бол шинэ түлш учраас ямар эрсдэл гарахыг нь мэдэхгүй. Мэдэхгүй байна гэдэг бол асар их эрсдэлтэй гэсэн үг.

Бөөн зардал, бөөн хөрөнгө зарцуулчихаад яг хэрэглээд явтал энд тэнд хүн хордлоо гэх асуудал гарвал ямар хэрэг байна. Ингээд ирэх өвөл утаа нь ч хэвээрээ, хор нь ч хэвээрээ байвал бид яах гэж энэ их мөнгийг зарцуулав аа гэж харамсана. Хоёрдугаарт, УИХ-аас утаа гаргадаг зууханд, мөн түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй гэсэн агуулгатай тогтоол гаргасан. Улмаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Энэ бол миний гаргаж дэвшүүлсэн санаа биш шүү.

Өнгөрсөн удаад утааны сонсголыг хийсэн. Улмаар холбогдох байнгын хороо асуудлыг авч хэлэлцээд гарсан дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн баталсан байдаг. Гэтэл УИХ-ын тогтоол гарчихаад байхад Нийслэлээс олон улсаас хагас кокс түлш авна гэсэн тендерийг зарласан. Тэгэхээр УИХ-ын тогтоол, Нийслэлээс зарласан тендер зөрчилдөж байгаа учир асуудлаа бид нэг талдаа гаргах ёстой.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

асуулт баЙНА [103.212.116.178] 2025-07-09 12:06:35

Нүүрснээс гаргаж авна гэсэн 50 иад тэрбумын өртөгтэй ажлын ҮР ДҮН гарсан уу? ТА манай БГД ээс сонгогдсон.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000