"Германы эрх баригчид өсвөр насныханд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байна"

Aдмин / Гадаад мэдээ

Холбооны Засгийн газрын Хар тамхи, донтолтын асуудал хариуцсан төлөөлөгч Хендрик Штрек (Hendrik Streeck) наймдгуур сарын 27-ны лхагва гарагт ARD телевизийн Morgenmagazin нэвтрүүлэгт оролцохдоо, Германы эрх баригчид өсвөр насныхан насанд хүрэгчдийн хамт байхдаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байгаа талаар мэдэгджээ.

Германы одоогийн хуульд зааснаар, 14 наснаас дээш өсвөр насныхан эцэг эх, асран хамгаалагчийн хамт олон нийтийн газар, баар, ресторануудад пиво, дарс, шампанск хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэвч Штрекийн хэлснээр, архи согтууруулах ундаа өсвөр насныханд илүү хортой. Учир нь, тэдний бие махбод, ялангуяа тархи зэрэг чухал эрхтэнүүд бүрэн хөгжөөгүй байдаг аж.

Тэрбээр мөн Германд залуучуудын дундах архидалт тахлын хэмжээнд хүрээгүй гэж онцолсон ч эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Штрекийн тэмдэглэснээр, Германы өсвөр насныхан архи уухаас татгалзах хандлагатай болж байгаа тул Засгийн газар үүнийг дэмжихийг зорьж байгаа аж.

Холбооны мужууд ч хоригийг дэмжиж байна

2025 оны зургадугаар сард Мекленбург-Өмнөд Померани мужийн Эрүүл мэнд, спортын яам ижил санаачилга дэвшүүлжээ. Тус яамны төлөөлөгч Сильвия Гримм тухайн үед "Германд архины хэрэглээг нийгмээрээ зөвшөөрдөг бөгөөд энэ нь Европын бусад орнуудтай харьцуулахад өндөр түвшинд байна" гэж хэлж байсан аж. Түүний санаачлагыг холбооны бусад мужийн эрүүл мэндийн байгууллагууд ч дэмжсэн байна.

DPA агентлагийн мэдээлснээр, хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 12–17 насны охидын 6.9 хувь, хөвгүүдийн 12.4 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа архи хэрэглэдэг аж. Германы өсвөр насныхан архийг анх удаа дунджаар 14 настайдаа, зарим нь бүр өмнө нь хэрэглэж байжээ.

Залуус эрсдэлт бүлэгт хэвээр байна

Хайдельберг хот дахь Германы Хавдрын Судалгааны Төв (DKFZ)-өөс 2022 онд нийтэлсэн “Архины атлас” судалгаа архидалт өсвөр насныхны дунд түгээмэл хэвээр байгааг харуулжээ. Тухайлбал, 16–17 насныхны 25 хувь нь архинаас хамааралтай болсон бол 18–25 насныхны 30 орчим хувь нь тогтмол архи хэрэглэдэг байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.