Дүүжин замын тээврийн угсралт эхэлжээ

Дүүжин замын тээврийн угсралт өнөөдөр /2025.08.26/ эхэлж байгааг албаныхан мэдээллээ. Улаанбаатар хотыг замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөж буй. Төслийн хүрээнд Франц Улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулсан эхний ээлжийн 67 чингэлэг ачааг төслийн талбайд буулгасан талаар мэдээлж байв.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн хоёрдугаар шугамыг 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөжээ.
Дүүжин замын тээвэр төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Нийслэлчүүд ирэх жилийн наадмаар дүүжин тээврээр зорчиж эхэлнэ. Энэ талаар Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн долдугаар сард чуулганы хуралдаанд мэдээлэл өгөхдөө “Дүүжин тээврийн төсөл 2019 онд Монгол Улсын Засгийн газраар орж, УИХ-аар батлагдсан Франц, Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ. Өөрөөр хэлбэл, Намайг хотын дарга, сайд болохоос өмнө хэрэгжиж эхэлсэн байсан. Миний бие ажлаа авснаас хойш энэ төслийн зарим байршил, буудлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж, суурь багана цутгах ажлыг хийж байна. 2026 оны гуравдугаар сар гэхэд хөдөлгөөнд орж, зургадугаар сард туршилт хийнэ. Цагт дунджаар 4800 орчим хүнийг Яармаг-Хархорин захын чиглэлд нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр Яармагийн замын оргил ачааллын үед нэг цагт 90 мянган автомашин хотын төв рүү орохоор хөдөлгөөнд оролцож байна” гэдгийг хэлсэн юм.
Нийт есөн жил гацаж, олон сайд, дарга нарын нүүр үзсэн "Дүүжин тээвэр"-ийн барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэж албаныхан мэдээлж байв.
Тэгвэл, дүүжин тээвэр ашиглалтад орсноор үнэ ханшийн хувьд 1500-2600 төгрөг байхаар тооцоолсон энэ үнэ эцэслэгдээгүй байна. Ямартай ч иргэн бүр суух боломжийг бүрдүүлж, тарифыг тогтоох юм байна. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгсөн юм.
Сэтгэгдэл
Зочин [171.125.159.80] 2025-08-26 12:35:02
Францчууд Хятадаас Бүх юм уу авч,байгаа ш тээ. Хятадын метро, хурдны,зам дэлхийд тэргүүлж байхад Хятадтай хамтарсан бол дээр байхгүй юу дараа засвар үйлчилгээ, хэрэгтэй эд ангийг нь Хятадаас зөөхөд ойрхон