П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, нэр хүндийг сэргээн, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай болгох ёстой

Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлэх дөхлөө. Үүнтэй холбоотойгоор багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавиад Засгийн газраас гурван яамны хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажил нь ямар шатандаа явж байна вэ?
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Сангийн яам болон Боловсролын яамны цалингийн бодлого мэдэх, шийдвэр гаргах түвшний хүмүүс хамтарсан ажлын хэсэг байгуулаад энэ асуудлыг судалж, Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна. Багшийн цалинг нэмэх асуудал гэдэг ер нь эдийн засгийн өсөлттэй уялдаж, төсвийн орлоготойгоо холбоотой явдаг зүйл. Тиймээс бид энэ удаад хэдий хэмжээнд өсгөж чадах вэ гэдгийг хэлэхэд хэцүү байна.
Өнөөдөр төрийн албыг нэлээд цомхотгож байгаа. Энэ утгаараа үүсч буй хэмнэлтүүдийг багш, эмч гэсэн нийгмийн гол үйлчилгээ үзүүлдэг хүмүүст хэрхэн хүргэх вэ гэдэг нь чухал. Ноднин инфляцитай уялдуулан төрийн албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмсэн. Түүний өмнө ч эдийн засаг өсөлттэй байсантай холбоотойгоор нэмсэн байдаг. Тэгэхээр одоо бид энэ хэмжээндээ хүргэж чадах уу, үгүй юу гэдэг асуудал хурцаар тавигдаж байна.
-Манай улс хэдэн мянган багшийн дутагдалтай гээд яриад байгаа. Гэтэл энэ дутагдлыг нөхөх хамгийн чухал арга нь цалин нэмэх болчихоод байна шүү дээ?
-Үнэн, өөрөөр хэлбэл цалин нь гайгүй салбар руу хөдөлмөрийн хүч урсдаг нь жам шүү дээ. Нэг хэсэг уул уурхай руу их ажилд орцгоосон. Тэгэхээр үндсэн цалинг нь гэр бүлээ тэжээх хэмжээнд аваачиж чадах юм бол боловсролын салбарт багшлах хүсэлтэй хүмүүс эрс нэмэгдэнэ гэж харж байна.
Өнөөдөр багшийн мэргэжлээр суралцаж байгаа тохиолдолд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгодог. Нийтдээ 4850 оюутан ийм тэтгэлгээр суралцаж байна. Цаашдаа ч энэ тоог нэмэх болов уу. Гэхдээ бид илүү чанартай оюутан, багшлах сэтгэлтэй, голч дүн өндөртэй хүмүүс багш болоосой гэж хүсээд байгаа юм. Харин ингэхийн тулд цалин нэмэхээс өөр арга зам байхгүй.
-Энэ жил шинээр нэлээд хүүхэд нэмэгдэж орж ирж байгаа гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байгаа вэ?
-Ерөнхий боловсролын сургуулиудыг төгссөн, элсэж байгаа хүүхдүүд хоёрын хооронд энэ жил 28 мянгаар нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр ачааллыг дааж гарахын тулд тодорхой бодлогууд хэрэгтэй. Нэгдүгээрт, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Шинээр болон баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг гүйцээж барина.
Ойролцоогоор 200-гаад төсөл, арга хэмжээ өнөөдөр явж байна. Эдгээрийг гүйцээхийн тулд бид 500 орчим тэрбум төгрөгийг төсөвлүүлж байгаа. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банктай ярилцаад буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 150 сая ам.долларыг боловсролын салбарт ашиглахаар ярилцаж байна. Үүнийг Сангийн яам ярьж оруулж ирж байгаад их баяртай байна.
Энэ Монгол Улсын авах зээлийн асуудал учраас УИХ-аар орж соёрхон батлагдах учиртай. Тийм болохоор гишүүдийгээ энэ асуудлыг дэмжээсэй гэж хүсч байгаа. Ингэсэн тохиолдолд тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадах болов уу гэж харж байна. Улс орны эдийн засгийн өсөлт тааруу, төсвийн орлого төсөөлж байснаас хамаагүй доогуур ийм нөхцөлд бид “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” л хэрэгтэй болж байгаа юм.
-Төгсөгчдийн босго оноо, төрөлх хэлний шалгалтын дүн гээд дунд боловсролын чанарын асуудал нэлээд яригддаг. Энэ асуудал дээр яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Чанарын асуудал ярихаар багшийн чадвартай шууд холбоотой. Сурах бичгийн болон хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдох учиртай. Тиймээс хөтөлбөрийг бид ноднин жилээс боловсруулж эхэлсэн. Үүнийгээ турших, харах ёстой болохоор жил дамнаад явж байна. Харин энэ онд хөтөлбөрийн шинэчлэлийг сургуулийн өмнөх боловсрол дээр хийж эхэлнэ. Ингэснээр таван настай хүүхдэд дасгал ажлын дэвтэр олгож, сургуульд орох бэлтгэлийг нь сайн хийлгэдэг болж байна.
Түүний зэрэгцээ өөрийгөө болон бусдыг энэрэх, нийгмийн амьдралд оролцох тал руу нь илүү хөгжүүлсэн, зүрх сэтгэлтэй, эрүүл бие бялдартай болгох тал руу хөгжүүлээд олон багшийг сургаад явж байна. Хоёрдугаарт, унших чадварыг сайжруулах шаардлагатай байгаа. Унших чадвар гэхээр зүгээр нэг уншихын нэр биш. Ойлгох, түүнийгээ илэрхийлэх, улмаар логиктой бичих юм.
Энэ тал дээр нэлээд учир дутагдалтай байгаа нь харагдсан. Иймд хөтөлбөрийг энэ чиглэл рүү нэлээд шинэчилж байна. Үүний зэрэгцээ монгол хүн, зөв хүн байх, гэр бүлийн хариуцлагатай гишүүн, дэлхийн хэмжээний чадвартай байх, энхтайвныг эрхэмлэдэг хүмүүсийг бүрдүүлэх чиглэлд хөтөлбөрийн шинэчлэл явж байгаа.
-Тэгвэл мэргэжлийн боловсрол дээр ямар анхаарал хандуулж байгаа вэ. Саяхан та Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн шинэ барилгыг бариулна гэж мэдэгдсэн байсан шүү дээ?
-Мэргэжлийн боловсрол дээр 65 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн тал хувь нь хувийн хэвшил. Нийтдээ 40-өөд мянган хүн суралцаж, жилдээ 18 мянган хүн төгсдөг. Гэтэл энэ нь зах зээлийнхээ хэрэгцээг бүрэн хангахгүй байна. Эдгээр төгсөгчид та бидний амар тайван ажиллаж, амьдрахад шаардлагатай хамгийн гол ажлуудыг хийдэг хүмүүс шүү дээ. Тиймээс тэднийг олноор нь төгсгөж гаргах нь төрийн бодлого. Ингэхгүй бол бид яаж энэ нийгмээ авч явж, том том төслүүдээ хөдөлгөх вэ.
Энэ утгаараа бид мэргэжлийн боловсролыг дэмжиж байгаа. Өнөөдөр шинээр элсэж байгаа 20 мянга гэдэг тоог төсөв дээрээ 26 мянга болгож нэмэгдүүлж байна. Энэ хэмжээгээр нь хувьсах зардал өгнө гэсэн үг. Ер нь мэргэжлийн боловсролыг сурталчлаад хэлчихэд 1-3 жилийн хугацаанд суралцах боломжтой. Энэ хугацаандаа мэргэжлийн эрхээ олж аваад, хэрвээ амжилттай суралцвал нэг удаагийн буцалтгүй тусламж болох зургаан сая төгрөг олгож байна.
Таны дурдсан Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 2350 хүүхэдтэй. Би өөрөө очиж үзсэн, гурван ээлжээр хичээллэж байна. Ингэж ерөөсөө болохгүй. Тийм болохоор өөрсдийн санаачилгаар есөн давхар хичээлийн байр барихаар төсөв, зургийг нь гаргаад магадлан үнэлгээгээр оруулаад батлуулчихсан байна лээ. Энэ өөрөө төрийн өмчийн сургууль учраас төрийн зүгээс санхүүжүүлэх шаардлагатай. Тиймээс би Азийн хөгжлийн банкны төсөлд санал тавьж байгаа. Үүний зэрэгцээ бусад боломжтой газруудад санал тавина. Хэрэв амжилттай болвол ирэх жилээс барьж болно.
-Намар болгон л гардаг их сургуулиудын төлбөр болон дотуур байрны хүртээмжийн асуудал яригдаад эхэлсэн байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Дээд боловсролын төлбөрийн хэмжээг тогтоох нь хуулиараа тухай сургуулийн эрх чөлөөнд тооцогддог. Удирдах зөвлөл нь шийднэ. Гэхдээ тайлбарлах үндэслэлтэй байх ёстой. Миний авсан мэдээллээр бол нэмэгдэж байгаа сургуулиуд нь багшийн цалин хөлс, дотуур байр шинээр барихад зарцуулна гэсэн байна лээ. Мөн дээд боловсролд төрөөс олгож байгаа дэмжлэг хэвээр үргэлжилнэ гэдгийг хэлье.
Төрийн өмчийн Их, дээд сургуулиудын тогтмол зардалд зориулан 17 тэрбум төгрөгийн татаасыг төрөөс олгож байгаа. Энэ нь оюутны төлбөрийг их хэмжээгээр нэмэхгүй байхад нь зориулан олгож байгаа дэмжлэг гэж ойлгож болно. Хоёрдугаарт, их сургуулиудыг судалгааны сургууль болж хөгжихөд нь боломж олгож байна гэсэн үг.
-Багш нарын цалинг нэмэхээс гадна орон сууцны асуудал их яригддаг. Энэ тал дээр салбар яам ямар бодлого барьж байгаа вэ?
-Багшийн хөнгөлөлттэй орон сууцны зээлийн асуудлыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц гэсэн хөтөлбөрт хамруулах асуудлаар бид Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай ярилцаж байгаа. Энэ талаар албан ёсоор хүсэлтээ тавина. Гурван жилийн өмнө багш нарын наймдугаар их хурлаас гарсан шийдвэр. Мөн багш нарт үйлчилгээний байгууллагууд хөнгөлөлттэй картаар үйлчилдэг системийг нэвтрүүлэх гэсэн шийдвэр байдаг. Энэ ажил эхэлсэн, Монголын багш нарын холбоогоор дамжуулан аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийгээд явж байна.
Тухайлбал, М-Банк, Монос гээд газрууд эхнээсээ ажлаа хийгээд эхэлсэн байгаа. Энэ маягаар багш нарыг дэмжих цогц арга хэмжээнүүд эхнээсээ яваад эхэлж байна. Гэхдээ ярианы эхэнд дурдсанаар багш мэргэжил эзэмшихийг хүсэх, мөрөөдөлтэй болох нь гэр бүлээ тэжээгээд аваад явах хэмжээний цалинтай шууд холбоотой.
Ер нь 1990 оноос хойш Монгол Улс төрийн албан хаагчдаа үндсэндээ гаргуунд нь хаясан. Хамгийн их ажил хийлгэдэг хэрнээ хамгийн бага цалин өгдөг байдлаар явж ирсэн. Үүнийгээ дагаад ямар ч нэр хүндгүй болсон. Тиймээс ачааллыг бууруулж, нэр хүндийг нь сэргээж, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай болгох цаг ирсэн.
-Багшийн ачааллын тухай гомдол их ирдэг. Гэвч цахим орчинд бичих, хэвлэлд яриа өгчихөөр сургуулийн захирал, дээд байгууллагын удирдлагуудаас дарамт их ирдэг гэдэг?
-Ер нь төр нэг асуусан зүйлээ олон дахин давтахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудыг өнөөдөр цомхотгоод эхэлж байна. Засгийн газрын өнөөдөр (өчигдөр)-ийн хуралдаанаар 35 агентлагийн асуудал орж ирсэн. Боловсролын ерөнхий газар л гэхэд 165 орон тоотой байсныг 91 болгож бууруулсан. Ингэснээр дунд шатны удирдлагуудын элдэв зүйл нэхдэг нь багасна гэсэн үг. Давхардаж нэхэхээ болино. Цаашдаа энэ бодлогыг бүрэн хэрэгжүүлэх ёстой.
Түүнчлэн нийслэл, дүүрэг, Боловсролын ерөнхий газар гээд олон талаас нь элдэв тайлан нэхдэг. Дээрээс нь дан ганц багш гэхээсээ илүүтэй сургууль дээр хамгийн их ачаалал үүрч байгаа хүмүүс бол менежерүүд. Уг нь тэр хүмүүс багшийнхаа хичээлд сууж, заах арга зүйд нь анхаарч, чадварыг нь дээшлүүлэхийн төлөө ажиллаж байх ёстой байтал тайлан бичээд сууж байдаг дүр зураг их бий. Тиймээс эдгээр ачааллыг эрс бууруулах нь зүйтэй.
Мөн тэр багшид очиж байгаа дарамтын тухайд гэвэл бодитой зүйл байвал баримтыг нь гаргаад ярьж, холбогдох газарт нь хэлдэг байх хэрэгтэй. Монгол Улс бол ардчилсан орон. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг улс. Хэрвээ дарамт байвал үүнийг өршөөж болохгүй.
-Ирэх оны төсвийн төсөл энэ өдрүүдэд ид яригдаж байна. Иргэдээс санал авахад боловсрол, эрүүл мэндийн салбарт хамгийн ихээр зарцуулах ёстой гэсэн саналыг өгсөн байсан. Харин яг боож, УИХ-д өргөн барихдаа иргэдийн энэ саналыг тусгаж, боловсролын салбарт түлхүү тавьж чадахаар байна уу?
-Сангийн сайдтай миний хувьд энэ тал дээр нэлээд ярилцаж байна. Өрийн таазандаа боловсролын салбарт ямар ч байсан 150 сая ам.долларыг зөвшөөрч байна гэдэг чинь анхаарч байгаагийн нэг хэлбэр. Дээрээс нь хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлтэйгээ нийлэхээр нэг их наяд төгрөгийг давчихаж байгаа юм. Энэ бол түүхэндээ байгаагүй хөрөнгө оруулалт. Одоо бас цалин нэмэх асуудал дээр анхаарч, эх үүсвэрээ хайх ажил хийж байна.
Бидний тавиад байгаа санал бол гурван жил дараалан 20 хувиар нэмээд 60 хувь болгочих гэж байгаа. Мэдээж бодит байдал, олж байгаа орлогодоо тааруулах ёстой. Гэхдээ төрийн үйлчилгээ унаж болохгүй. Зах зээлийн нийгмийн үед бид маш хэцүү цаг үеийг туулсан. Гэвч бид 2000-аад оны эхэн үед Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 хувийг боловсролдоо зарцуулж байсан.
Өнөөдөр тэр үеэс эдийн засаг хэдэн 10 дахин томорсон болохоор зарцуулж байгаа нь мөнгөн дүнгээрээ их байгаа. Гэхдээ ДНБ-ий хувиар авч үзэхээр доогуур буюу дөнгөж 12.5 хувьтай байна. Энэ бол олон улсын өмнө бид амласан 20 хувьд хүргэх амлалтдаа хүрэхэд зайтай байгаа тоо. Боловсролд зориулсан нэг ам.доллар ирээдүйд 10 дахин өсч орж ирдэг.
Мөн боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бүтээмжийг өсгөдөг юм байна. Харин бүтээмж нь өссөн ард түмэн ямар ч эдийн засагтай байсан аргаа олдог юм байна. Тарифын дайнаас болоод өнөөдөр Хятад улсын эдийн засаг саарах, түүнйигээ дагаад манайхаас авдаг импортын барааны хэмжээнд нөлөөлж байгаа. Гэхдээ бид хийх ёстой зүйлээ хийгээд л яваад байвал, ямар нэгэн хэрэгцээгүй зөрчлөө арилгаж, нэг зүйл рүү улсаараа харж чадах юм бол хүрэхгүй гэх газар алга. Үүнийг бий болгох нь боловсрол.
Ер нь эх хэлээрээ боловсрол эзэмшсэн хүн эх орондоо хайртай байдаг. Тиймээс эх хэлнийхээ боловсролд сайн анхаарах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд гадаад хэлийг сайн сурна. Тэгэхээр англи хэлийг илүү бага ангиас нь заах бодлого амжилттай хэрэгжих эсэх нь эх хэлний сургалт хэр сайн явуулахаас шууд хамаарна. Монголчууд англи хэлийг давхар сайн эзэмших хэрэгтэй.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Сэтгэгдэл
Гадаад явахын тулд Монголдоо юү сурах хэрэгтэй вэ? [66.181.180.251] 2025-08-22 01:12:49
Монголын боловсрол гэж гадаадад аяга угаах, хог шүүрдэх хэмжээнд байгаа юм биш үү? “Сайн байна уу” “Баяртай””Баярлалаа”-гаа англиар дугарчихдаг, цалин хөлсөө бодочих математиктай, дэлгүүр, билетийн касснаас бараа тийзээ авчих хэлтэй байхад л болчихоод байгаа юм биш үү? Үүнээс өөр юүнд монголчууд гадаадад хүрч чадах юм бэ?
Зочин [192.82.92.42] 2025-08-21 21:25:24
Боловсролын цогц бодлого угуйлэгдэж бна. Терийн емчицн их сургуулийг цэгцлэх болсон, хоцрогдол, завхрал хирээс хэтэрсэн!!!
зочин [183.177.99.226] 2025-08-21 20:22:46
Хөдөө орон нутгаар Сургууль цэцэрлэг Спортын хороо Номын сан гэх мэт байгууллагуудын цалин санхүүжилт байхгүй гээд тансан байна лээ Эрхэм САйд Наранбаяраааа