Авлигатай тэмцэх газар гурван объектод нэгжлэг хийжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны наймдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 964 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэн, 1 хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаанд өнөөдрийн байдлаар 952 хэрэг шалгагдаж буй юм байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.
Сэтгэгдэл