Д.Даваабаяр: Шатахууны импортын ямар нэгэн доголдол гараагүй, АИ-92 бензиний нөөц бий

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас шатахууны нөөцийн талаар тодрууллаа.
-АИ-92 бензинийг зарим ШТС-ууд өгөхгүй байна гэх асуудал үүссэн. Манай улсын шатахууны нөөцийн талаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улс шатахууныхаа хэрэглээг боловсруулах үйлдвэр байхгүйтэй холбоотой 100 хувь импортоор хангадаг. Шатахууны импортын дийлэнх нь буюу 95 орчим хувь нь ОХУ-аас орж ирдэг. Он гарсаар наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 513 мянган тонн буюу сард дунджаар 65 мянган тонн АИ-92 бензин импортолсон байна. Дизель түлшний хувьд жилд 1 сая 117 мянган тонн буюу сард дунджаар 145 мянган тонныг импортолсон байна. Бусад бүтээгдэхүүнтэй нийлбэл манай улс нийтдээ 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж, хэрэглэсэн гэсэн дүн мэдээ гарсан.
Манай байгууллага долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гаригуудад шатахууны импорт борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс мэдээ авч, нэгтгэж гаргадаг. Өнгөрсөн баасан гаригийн мэдээгээр улсын хэмжээнд 35 мянган тонн буюу 18 хоногийн хэрэглээ, дизель түлшний хувьд 85 мянган тонн буюу 26 хоногийн хэрэглээтэй тэнцэхүйц нөөцтэй байна гэсэн мэдээ гарсан. Монгол Улс сард дунджаар 60 орчим мянган тонн АИ-92 шатахуун, 120-130 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Наймдугаар сард импортлогч ААН-үүд ОХУ-аас 60 мянган тонн АИ-92, 130 мянган тонн дизель түлш, БНХАУ-аас 3000 тонн АИ-92 дизель түлш захиалсан байна. Тэгэхээр импорт хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно. Зөвхөн Сүхбаатар боомтоор гэхэд энэ сарын 23-ны өдрийн байдлаар 913 вагон АИ-92 бензин буюу 54 мянга 800 тонн бензин импортолсон байна. Өдөр болгон тасралтгүй импорт хийгдэж байгаа. Түлшний хувьд 2873 вагон буюу 172 мянга 400 тонн дизель түлш Сүхбаатар боомтоор орж ирсэн байна. Үүн дээр нэмээд Эрээнцав боомтоор АИ-92 бензин 2300 тонн, Замын-Үүд боомтоор АИ-92 бензин 2750 тонн гээд нийт 60 мянга гаруй тонныг импортлоод байна.
Тэгэхээр шатахууны импортын ямар нэгэн доголдол гараагүй, АИ-92 бензиний нөөц бий. Харин өчигдөр зарим ШТС-ууд АИ-92 бензин олгохгүй байна гэсэн асуудал үүсчээ. Агуулахууд хагас бүтнээр амарчихдаг. Амралтын өдрүүдээр хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор борлуулалт нэмэгдэж, татаж авсан АИ-92 бензин дууссан байх. Мэдээж дараагийн ачилтууд ирнэ. Мөн шатахуун тээвэрлэлт хийхдээ оройн цагаар замын хөдөлгөөнд оролцох ёстой байдаг учраас зарим ачаалалтай ШТС-уудын бензин дууссан байх.
-Ургац хураалтын үе эхэлж байгаа. Тэгэхээр түлшний хувьд нөөц хангалттай байгаа гэж ойлгож болох уу?
-Наймдугаар сард бусад саруудаа бодоход захиалга, импорт ч нэмэгддэг. Сүхбаатар боомтоор гэхэд 172 мянган тонн түлш импортолсон байна. Тэгэхээр АИ-92 шатахууны эх үүсвэрийн ямар нэгэн саад бэрхшээл гараагүй.
-Шатахууны үнийн хувьд мэдээлэл өгвөл?
-Өргөн хэрэглээний АИ-92 бензинийг ОХУ-аас сар болгон хөнгөлөлттэй үнээр тогтвортой авч байгаа. Нийлүүлэгч талтай байгуулсан хэлэлцээр үргэлжлээд явагдаж байгаа учраас үнэ тогтвортой байна. АИ-92 бензиний үнэ 2022 оноос хойш тогтвортой байсан. Одоогоор бензиний үнэтэй холбоотой асуудал үүсээгүй байна.
-Манайд шатахуун импортлогч хэчнээн компани байдаг вэ. Тэднээс хүсэлт, гомдол ирсэн үү?
-АИ-92 бензиний импорт хийдэг 7-8 компани бий. Түлшний 30-аад компани байдаг. Цагаан нуур, Боршоо боомтоор ОХУ-ын экспортын хязгаарлалттай холбоотойгоор өндөр татвар тогтоосон учраас импорт хийх боломжгүй болсон. Ийм учраас бид төвийн бүсээс баруун бүс рүү буюу Баян-Өлгий, Ховд руу шатахуун нийлүүлэлтийг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор шатахуун тээвэрлэлтийн хүрэлцээ, ачаалал зэргээс хамаарч харилцан адилгүй хугацаанд ШТС-уудад хүргэж байгаа.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА
Сэтгэгдэл