Шинэчилж дууссан замуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө

Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж буй компаниудын удирдлагатай уулзав.
НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байна. Нийт 210 мянган ам.метр талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 13 байршилд 13 компани тендерт шалгарсан бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна. Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө. Төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан компаниудын гэрээг цуцална.
Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас ажлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар хийгдэж буй явган хүний зам шинэчлэлийн ажил нь шугам, сүлжээний өргөтгөлийн ажилтай уялдаж байгаа.
Иймд долоо хоног бүр гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Геодези, усны барилга байгууламжийн газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох ажилтнуудтай уулзаж, тухай бүрд нь асуудлаа шийднэ” гэлээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [171.125.159.80] 2025-08-28 09:28:50
Гол нь өвөл гулгаж тэшдэггүй зам Монголд хэрэгиэй
lalar [202.70.37.123] 2025-08-28 09:07:49
хаЙРАН МӨНГӨ ИРЭХ ЖИЛ АХИАД ЗАССАН ЗАМАА ЗАСААД ШААНАА. ЯМАР Ч ЧАНАР СТАНДАРТ БАЙХГҮЙ.