ЭМЭЭТЭЙ ДРИФТ

Aдмин / Нүүр

Налгар намрын өдрүүд үргэлжилсээр. Намрын өнгө, гоо үзэсгэлэн юутай онцгой сайхан. Навчис шаргалтан хийсч, хангайн уулсад хурын солонго асгарчихав уу гэлтэй үзэмж төгөлдөр харагдана. Ил тайвшрал дундаас өнгөрсөнд үлдсэн дурсамж сэтгэлийн гүнээс оргилон цалгиж, тархинд задрахдаа зарим нь нулимс болон гадагшлах нь бий.

Эмээтэй, дэндүү сайхан эмээтэй байлаа, би. Тээр жилийн өвөл юм уу даа. Эмээ, ээж, аав, эгч нараа машиндаа суулгаад хөдөө байх нагацынх руугаа явлаа. Нагацынд хүрэх зам өвөлдөө гол дээгүүр давхиад оччихдог, их зугаатайсан. Мөсөн дээр яваа учраас жаахан дүрсгүйтмээр санагдлаа. Ингээд огцом рулиэ дарж, бага зэрэг карданаа таттал машин ёстой сургаагүй хангал адуу шиг суурин дээрээ эргэлдэж бусгалаа. Хойно сууж явсан ээж, эгч нар хашгиралдаж зүрх нь амаараа гарах шахав. Машин зогслоо. Ээж, эгч хоёр “Өвчтэй амьтан бэ, яаж байгаа юм” гээд уурлах аястай араас нударч байна. Аав ч үг дуугарсангүй.

Харин хажууд сууж явсан эмээ маань буйлан шүдээ булталзуулан хүүхэд шиг ход ход инээж байх юм. “Хүүе эмээ та зүгээр үү” гэтэл “Зүгээр ээ миний хүү” гэж байна. Би цаашлуулаад “Эмээ гоё байна уу, нахих уу” гэлээ. Эмээ “Күй хүү минь, болохоор бол тэгье” гэж байна шүү. Их л таалагдсан бололтой. Хамгийн сүүлд хэзээ ч ингэж мөсөн дээр тоглосон юм, хөөрхий. Хүүхэд насных нь дурсамж сэргэж, сэтгэлийнх нь гижиг хүрсэн бололтой. Эмээтэй дрифт, эмээтэй хамт аянд мордох хөгжилтэй хийгээд сайхан. Хүн хөгшрөхөөрөө хүүхэд шиг болдог гэдэг нь үнэн аж. Тэр үед хүүхэд шиг инээж байсан хөх торгон дээлтэй эмээ минь дээ...

Намрын сар дундаа орж, хангайн халиун буга хаа нэгтээ урамдсаар. Намар, намрыг аргадан суух налгар сайхан буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.


Сэтгэгдэл

Иргэн [103.9.90.100] 2022-10-05 10:48:27

Эмээгийн тухай сайхан дурсамж юм. Надад ч бас зөндөө бий. Тэнгэрийн оронд жаргалтай байгаа даа эмээ минь


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.