СЭТГЭЛ ЗҮЙЧ М.БАТХҮҮ: ШҮҮМЖЛЭМТГИЙ, АТААРХУУ НИЙГЭМ ЭЦЭСТЭЭ ХҮНИЙ БИЕД ХАЛДАХАД ХҮРГЭЖ БАЙНА

Aдмин / Нүүр

-Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэйн биед халдсан этгээд өмнө нь ч энэ төрлийн хэрэг үйлдэж байжээ-


Цэцэрлэгээс хүүхдээ авахаар очсон эмэгтэй халдлагад өртөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад буй. Энэ явдал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт энэ сарын 21-нд болжээ. Хохирогч А нь цэцэрлэгээс хүүхдээ авахаар очоод байсан бөгөөд 22 настай Ц гэгч эмэгтэй индүүгээр толгойг нь цохижээ. Хохирогч эмнэлгийн тусламж авч, Ц-г цагдаагийн ажилтнууд саатуулсан байна.

А нь сошиал сүлжээнд олон мянган дагагчтай бүсгүй аж. Харин Ц нь хүний биед халдсан шалтгаанаа “Би А-гийн сошиал сүлжээнд оруулдаг зураг, бичлэгийг нь байнга үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” гэх тайлбарыг өгсөн байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн, толгойн гэмтэл хүнд хэлбэрийнх биш гэнэ.

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэхдээ “Иргэн Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар Цагдаагийн байгууллагаас ажиллаж байна” гэсэн юм. Хэрэгтэн Ц өмнө нь ч энэ төрлийн хэрэгт холбогдож байжээ. Өөрөөр хэлбэл, сошиал сүлжээнд олон дагагчтай өөр нэгэн эмэгтэйн биед халдаж байсан удаатай гэнэ. Цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд уг хэргийн шалтгааныг олон нийт янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Үүнээс онцлох нэгэн тайлбар бол нийгмийн сэтгэл зүй өнөөдөр ямар байдалд хүрсэн, сошиал сүлжээний хэрэглээ ямар байх ёстой вэ гэх мэт олон асуудлыг дагуулж байна.


Энэ талаар сэтгэл зүйч М.Батхүүтэй ярилцсан юм.


-Сошиал сүлжээнд танигдсан бүсгүй халдлагад өртсөн байна. Хэрэгт холбогдсон хүний өгсөн тайлбар анхаарал татаж байгаа. “Хохирогчийн зураг, бичлэгийг байнга хардаг, атаархал төрдөг байсан” гэсэн агуулгатай. Сэтгэл зүй талаас ийм байж болох уу?

-Ийм байдалд хүргэж буй олон шалтгаан байгаа л даа. Өнөөдөр улс орны нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын чанар, үнэлэмж гээд олон зүйл эрс тэс ялгаатай байна. Үүнээс шалтгаалаад хүмүүст янз бүрийн үзэл бодол бий болдог. Хохирогч бүсгүй олны танил гэж байна шүү дээ. Тиймээс мэдээж үйл хөдлөл, өмссөн зүүснээрээ үлгэрлэдэг, түүнийг нь хүмүүс хардаг байсан байж таараа. Тэдгээр дунд тийм байдалд хүрч чадаагүй нөхөд ч байна. Тэд яадаг вэ гэхээр өөртөө итгэлгүй хүмүүс байдаг. Дээр нь маш их шүүмжлэмтгий, атаархуу зан чанартай байх нь элбэг. Өнөөдрийн нийгэм ийм л болсон шүү дээ. Үүний л үр дүн ийм хэрэгт хүргэж байна.

-Ийм асуудлаас яаж сэргийлэх ёстой вэ?

-Хүн бол нийгмийн амьтан шүү дээ. Дахиад хэлье. Хэрэг өдөөсөн хүнийг хэдийгээр сэтгэцийн өвчтэй, эмгэгтэй гэх мэтээр ярьж л байна. Гэхдээ тэр хүн өнөөдрийн нийгмийн бүтээгдэхүүн. Сургуулийн орчинд ч ийм асуудал элбэг байдаг. Сурагчид нэгнийгээ ялгаварлах, гадуурхах, гадаад үзэмжид нь атаархах гэх зэргээр сэтгэл зүйн маш ноцтой асуудлууд үүсдэг. Нийгэм гэдэг бол нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах ёстой. Гэвч энэ байдал алдагдаад нийгэм анархист байдал руугаа орж байгаагийн илрэл энэ явдал болж байна.

Нөгөө талаар хүнд тодорхой хэмжээний ёс суртахууны зарчим гэж бий. Хүн тэр зарчимдаа баригдаж явдаг. Жишээ нь, Осоржамаа гээд сошиалын бас нэг дүр байдаг шүү дээ. Түүний үйл хөдлөлийг харсан хүмүүс ихэнх нь дургүй байгаагаа илэрхийлдэг. Нэг ёсондоо нөгөө хүний ёс суртахууны зарчим тодорхой хэмжээгээр зөрөөд байгаа учраас илэрхийлж байгаа явдал. Түүнийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ямар ч сошиал хэрэглээндээ анхаарах ёстой. Хаана юу хийж байгаагаа, ялангуяа хүүхэдтэй холбоотой мэдээллийг маш анхааралтай мэдээлэх ёстой.

Мэдээж нийгмийн асуудал болчихоод байгаа ийм зүйлд төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйчдийг олноор бий болгох ёстой. Европын орнуудад бол сэтгэл зүйн зөвлөгөө мэргэжлийн хэмжээнд хөгжчихсөн. Манайд л сүүлийн жилүүдэд бий болж эхлэх гэж байна. Үүнийг төр засгаас ч анхаарах ёстой юм. Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн засал бол ийм нийгэмд зайлшгүй шаардлагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Zochin [103.57.95.16] 2022-11-30 01:32:32

Chadaj baigaa ymand arga bhgui. Ene ardchilsan niigem. Hund ataarhuulj amidarna uu bn uu hend ch hamaagui

ЗОЧИН [202.21.114.139] 2022-11-30 03:27:51

ГАЙХУУЛЖ БАЙЖ АМИА АЛДАЖ Ч МЭДЭХ НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГААГАА УХААРАХГҮЙ БОЛ ОДОО ЯАХАВ ДЭЭ

Зочин [202.70.46.20] 2022-11-30 01:34:13

hutsaa , ardchilal geed duraara baina gej eu baidgin , ardchilsan niigemd amidrd huniig alah zugeer uu?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.