Б.Баярдаваа: Тэтгэврийн зээл хэрэглээний зээлтэй ижил шалгууртай болсон

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж, мөн тэтгэврийн зээлийн өр, орлогын дээд хязгаарыг 50 хувиар тогтоохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээл хэрэглээний зээлтэй ижил шалгууртай болов. Энэ шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэллээ.
Төв банк өмнөх хурлаараа тэтгэврийн зээлийн шалгуурыг чангалж, зээл олгох хэмжээнд хязгаарлалт тавиад байсан ч үүнийгээ огцом, хатуу шийдвэр байсан гэж дүгнэжээ. 2020 оны I сард УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах үед улсын хэмжээнд нийт үлдэгдэл нь 700 тэрбум төгрөг орчим байсан.
Энэ оны III сарын байдлаар 2.1 их наяд төгрөг болж өсжээ. Зарцуулалтыг нь харвал тухайн зээлдэгч өөрөө хэрэглэх бус, ихэвчлэн хүүхдийнхээ төлбөр, хүүхдэдээ байр, автомашин авах зэрэгт зарцуулсан байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "2022 онд тэтгэврийн нийт зээл 500 тэрбум төгрөг байсан бол одоо 1.8 их наяд төгрөгт хүрээд байна. Богино хугацаанд дөрөв дахин өссөн тул Төв банк зохицуулах шаардлагатай гэж үзэн, амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх мөнгийг ахмадуудад заавал үлдээх шийдвэр гаргасан. Учир нь 40 мянган ахмад бүх тэтгэврээ зээлдээ суутгуулан, ямар ч орлогогүй аж төрдөг байна.
800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн амьжиргааны доод түвшин болох 497 мянган төгрөгийг сар бүр авч, 300 мянган төгрөгийн зээл л банкнаас авч байв. Энэ шийдвэрийн нөлөөгөөр гурван сарын дотор тэтгэврийн нийт зээл 250 тэрбум төгрөгөөр буурсан.
Гэвч 800 гаруй иргэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өргөдөл өгч, тэтгэврийн зээлд тогтоосон хатуу зохицуулалтыг хүчингүй болгохыг хүссэн байна. Иймд ахмадууд тэтгэврийнхээ талыг гар дээрээ авч, үлдсэн дүнтэй тэнцэх зээлийг авах зохицуулалт хэрэгжиж эхэллээ.
Гэхдээ Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хугацааг зохицуулалтгүй, нээлттэй үлдээсэн. Таван банк энэ зээлийг 12, 18, 24 сарын хугацаатай олгож байна. Төв банк хэдийгээр тэтгэврийн зээлд уян хатан зохицуулалт авчирсан ч хэрэглээний зээлийг хумиж, бизнесийн зээлийг түлхүү олгох бодлогоо хэвээр үргэлжлүүлнэ.
Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Хуулийн төсөл боловсруулж байна. Энэ төсөлд зээлдэгчийн амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх орлогыг заавал үлдээж, үлдсэн орлоготой нь тэнцэх зээлийг банкууд, ББСБ-ууд олгодог болох заалтыг нэмнэ. Ингэж зээлдэгч иргэдийн эрх ашгийг хуулиар хамгаалах шаардлагатай" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.115.29] 2025-06-16 20:13:31
Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адилтгаж байдаг ийм эргүү новшнуудаар төрийн санг бариулах гэж Энхамгалан үмхий хужаа ч бас юу ч билээ авах ёстой шимтгэл яахаараа хэрэглээний зээлтэй ижил болдог билээ
Зочин [59.153.112.55] 2025-06-16 18:06:33
Та нар чтнь яагаад хүний хөрөнгө рүү дураараа гар дүрээд байнаа