НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
Нэмүү өртгийн албан татварын босгыг дөрвөн зуун сая болгоно гэж өргөн баригдсан хуульд заажээ. Хууль батлагдвал бизнест тус дэм болно гэцгээж байгаа. Гэхдээ энэ хууль батлагдвал дунд давхарга, дун гарын бизнест халгаатай болох юм биш үү. Тэд 50 саяас дээш гүйлгээнд НӨАТ шивүүлж аваад байдаг нь байхгүй болох нь. Дунд зэргийн аж ахуйн нэгж жилийн гүйлгээ нь хоёр тэрбум таван зуун төгрөгөөс дээш хавьцаа л эргэлдэж байдаг. Өөрсдөө бол НӨАТ-аа төлдөг хэвээрээ, харин бусдаас авдаг нь байхгүй болох нь ээ. Дээрээс нь татварын хөнгөлөлт энэ тэр огт тусахгүй шинжтэй байна.
Ер нь бол энэ НӨАТ бол татвар биш, хяналт гэж бий болсон гэж ярьцгаадаг. Одоо бүүр авах ёстой татвар болчхоод бүгд авах гээд чичрээд байдаг болсон. Нэгэнт хяналт юм бол бүгд НӨАТ төлдөг байвал дээргүй юу. Харин төлөхдөө бага гурван хувь ч юм уу,их сайндаа гишүүдийн яриад байгаа таван хувийг өгдөг болоод зуун хувь буцааж авдаг байвал хяналт гэдэг утгадаа тохирох юм биш үү гэсэн санааг бизнес эрхлэгчид байнга тавьдаг.Энийг эрхэм гишүүд мэргэн оюундаа тунгаана биз ээ. Засаг бол ямар нэгэн аргаар л НӨАТ-ыг авах талдаа байдаг. Төр засаг ингэж их томорсон учир ард түмнээс татвар авч байж л энэ том бүтцийг авч явахаас өөр арга үгүй. Тэгэхлээр цомхон төр гэдэг ямар чухал вэ гэдэг нь харагдана. НӨАТ-ын босго, татварын нэг хувь гэх зэрэг өөрчлөлт аж ахуйн ихэнх хувийг бүрдүүлдэг дунд давхаргын аж ахуйн нэгжид огт хүртээлгүй өнгөрөх нь байна. Тэгвэл ийм аж ахуйн нэгжүүд бол Монголын компаниуд бараг бүгд гэдгийг мэдэж байгаа юу. Хэдхэн л том аж ахуйн нэгж байдаг.
Нэгэнт татвар ярьсных тэр НДШ-ийн талаар ч бас юм хэлмээр. НДШ нийт 24 хувь цалингаас суутгадаг. Үүнийг даатгуулагч нь 11.5 хувийг ажил олгогч 12.5 хувийг төлдөг. Даатгуулагч энэ төлсөн шимтгэлийн тодорхой хувиар тэтгэвэрт гарна. Ажил олгогчийн төлсөн мөнгө тэтгэвэрт бодогдохгүй. Тэгвэл энэ их мөнгө хаачдаг юм бэ. Дарга, цэрэг, цагдаа, эмч, багш нар бидний төлсөн татвараар цалинждаг. Ажил хийгээгүй ч халамж авдаг хүмүүс бас татвараар халамжийн тэтгэвэр авна. Энэ НДШ-ийн ажил олгогчийн төлж байгаа мөнгө ямар утгатай юм бэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй байна. Зүгээр л гаднаас ажилчин оруулж ирсэн компаниудын төлдөг татвар шиг монгол хүн ажил хийлгэсний татвар уу. Аль эсвэл “Май чи ингээд монгол хүнийг ажилтай байлга” гэсний торгууль юм уу.Үгүй бол Нийгмийн даатгалын ажилтнуудын “идэхэд” зориулагдсан мөнгө үү. Тэндээс байсхийгээд л үй түмээрээ байранд ороод л хэдэн арван тэрбумаар нь хулгайлдаг гэсэн хэл ам тасардаггүй. Тэр мөнгө л энэ компаниудын хуруу хумсаа хуйхалчих гэж төлдөг НДШ-ийн ажил олгогчийн 12.5 хувь байх нь ээ гэсэн таамаг төрөх юм.Олон ажилчин авч болдоггүй, цалин нэмж болдоггүй ямар хорон татвар билээ, энэ ажил олгогчийн 12.5 хувийн шимтгэл. Тэгэхэд энэ талаар хэн ч, юу ч хэлэхгүй гуч гаруй жил ийм маягаар явчихсан байна гээд бодохлоор манайд төр засаг гэж байсан юм уу. Үе үеийн гишүүд үүнийг мэдээгүй байна гэж байх уу. Тэд бүгд л мэддэг байсан байж таарна. Сая л Ч.Лодойсамбуу гишүүн залуу ч юм байгаа, сэтгүүлч ч юм байгаа олон түмэнд зарлалаа. Энэ ажил олгогчийн төлдөг шимтгэлийг байхгүй болгох нь бас чухал байна.
Нэгэнт татварын шинэчлэл хийж байгаа юм бол зоригтой эрс шинэчлэл хийх хэрэгтэй . Том жижиг гэлтгүй бүгд татвар төлдөг, тэр нь бага бас утгатай баймаар юм. Татварын дарамт жижиг, дунд шатны бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ж.САНДАГДОРЖ


































































Сэтгэгдэл