М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд зарчмын хувьд хоёр том нам тохирвол гүйцэтгэх засаглал дээр хамтарч магадгүй
НИТХ-ын төлөөлөгч асан, эдийн засагч М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан улстөрч хүн. Энэ утгаараа нийслэл хотын хөгжлийн бодлого яаж явагдах ёстой, хараат бус бие даасан байдал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ардчилсан нам бол харьцангуйгаар орон нутгийн бие даасан байдал, нутгийн удирдлагыг дэмждэг нам. Харин МАН-ын хувьд эрх мэдлийг төвлөрүүлэх хандлагатай. Гэхдээ энэ удаагийн нөхцөл байдлыг зөвхөн орон нутгийн бие даасан байдал гэж харах нь өрөөсгөл. Миний харж байгаагаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Х.Нямбаатарын удирдсан нийслэл хоёрын олон их наядын өртөгтэй мега төслүүд дээр тулгуурласан хамтын ажиллагаа, улс төрийн хоршил дуусгавар болж байгаагийн илрэл юм. Өмнөх Засгийн газар том төсөв, том төсөл, төрийн оролцоо, бүтээн байгуулалтын хэт романтик хандлагатай байсан. Харин Н.Учралын Засгийн газар илүү прагматик, хувийн хэвшлийн орон зайг тэлэх чиглэл рүү бодлогоо эргүүлж эхэлж байна. Энэ хоёр чиглэл өөр хоорондоо зөрчилдөж байгаа хэрэг. Хот бол аль болох бие даасан бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ улсын хэмжээний стратегийн ач холбогдолтой төслүүдийг нийслэл дангаараа авч явах гэж дайрч болохгүй. Жишээ нь, Туулын хурдны зам, томоохон тээвэр, ложистикийн төслүүд бол үндэсний хэмжээний бодлого, санхүүжилт, эдийн засгийн тооцоотой уялдах ёстой. Ийм төслүүдийг Засгийн газар манлайлж, байгаль орчин, эдийн засгийн өгөөж, өрийн дарамт, төсөвт ирэх ачааллыг нь тооцож шийдвэрлэх учиртай.
-Сүүлийн хоёр, гурван жилийн хотын хөгжлийг та юу гэж харж байна. Улаанбаатар хот асуудлаа үнэхээр шийдэж чадсан гэж хардаг уу. Утаагаа бууруулсан уу, түгжрэл багассан уу. Товчхондоо хотын даргын ажлыг Х.Нямбаатар ямар хэмжээнд хийсэн гэж та хувьдаа бодож, дүгнэж байна вэ?
-Х.Нямбаатар дарга идэвхтэй, махруу ажилласан гэдгийг бол зөвшөөрнө. Гэхдээ зөв ажилласан уу гэвэл үгүй. Нийслэлийн Засаг дарга бол өдөр тутмын асуудал бүрийн араас гүйдэг хүн биш. Их хотын бодлого, институци, системийг удирдаж, асуудлыг тогтолцооны түвшинд шийдэх ёстой хүн. НИТХ нь бодлогын чиглэлийг нь тодорхойлж өгдөг. Гэтэл сүүлийн жилүүдэд хотын удирдлага бодлого боловсруулах, институци бэхжүүлэхээс илүүтэйгээр асуудал бүрийн араас өөрөө гүйж, хэрэлдэж, зохицуулж байгаа дүр зураг давамгайлсан. Ингэж 10, 20 асуудлыг шийдэж болно. Харин өдөр бүр шинээр үүсдэг мянга мянган асуудалтай мегаполисыг ингэж удирдах боломжгүй. Х.Нямбаатар нийтийн аж ахуйн ерөнхий менежер шиг ажилласан. Ингэж ажиллахдаа тэр олон их наядын өртөгтэй том төслүүд ярьж, пиардаж, эдгээр нь асуудлыг углуургаар нь шийдэх бодлого гэж ойлгож, зөвтгөж ирсэн. Жишээлбэл, Туулын хурдны зам бол зөвхөн Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөл биш. Үндэсний хэмжээний тээвэр, ложистик, транзит урсгалтай холбоотой асуудал. Тиймээс нийслэл дангаараа шийдэх биш, Засгийн газар манлайлж явах ёстой төсөл. Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад бол нөлөөлөл бага.
-Юм болгон дээр гүйж очиж, тодорхой ажлуудыг тухай бүрд нь хийж явсан хотын дарга байлаа гэж ярих хүмүүс олон бий шүү дээ...?
-Товчхон дүгнэвэл, том төсөл их ярьсан, жижиг асуудлууд дээр өөрөө гүйж очиж зохицуулсан, хот доторх автозамын гэх мэт зарим ажлыг боломжийн явуулсан Засаг дарга байлаа. Гэхдээ 10 жилийн өмнөх Засаг даргатай харьцуулахад 7-8 дахин том төсвөөр шүү дээ. Түгжрэл, утаа зэрэг үндсэн асуудлыг системийн түвшинд шийдэж чадаагүй. Би анх хотын дарга болоход нь танай сонинд бүтэн нүүр зөвлөмж, нийтлэл бичиж байсан. Тэр үед ч асуудлыг институци, төлөвлөлт, эдийн засгийн логикоор шийдэх ёстой гэж хэлж байсан. Орлогч даргаараа баахан хуульч хүмүүс тавьчихаад хуулийн хамгаалалттайгаар юу дуртайгаа хийе гээд эхэлсэн. Би эдийн засагч аваач ээ гэж хэлдэг байсан. Гол нь эдийн засгийн тооцоо, үр өгөөж шүү дээ.
-Хотын даргыг чөлөөлөх, томилох эрх бол Ерөнхий сайдын бүрэн эрх мэдлийн асуудал байдаг ч Х.Нямбаатарыг огцруулах Ерөнхий сайдын үндэслэл зөвхөн шалтаг байлаа гэж шүүмжлэх иргэд олон байна. Таны хувьд хотын даргыг огцруулсан үндэслэлийг хэр бодитой гэж харж байгаа вэ?
-Засгийн газар нөхцөл байдлаа үнэлээд шинэ чиглэл рүү эргэж эхэлсэн. Энэ шинэ чиглэл дээр Х.Нямбаатар даргатай хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн болов уу. Заавал махны үнэ, нөөцийн мах гэх мэт асуудал гаргаж ирэхгүйгээр ч Ерөнхий сайд хамтарч ажиллах боломжгүй гэж үзвэл чөлөөлөх бүрэн эрх, хууль зүйн үндэслэл бий.
-Цаад утгаараа эрх баригч МАН-ын дотоод улс төрийн зөрчил их байгаа нь хотын даргыг чөлөөлсөн үйл явдлаас харагдлаа гэж ойлгогдохоор байна. Та улстөрчийн хувьд эрх баригч намын энэхүү зөрчил, зодооныг юу гэж харж байна?
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэлээд романтик, тэлэх чиглэлийн бодлоготой байсан. Айл гэрээр жишвэл, жаахан орлого орж ирэнгүүт том төлөвлөгөө гаргаж, их мөнгө зарцуулж, тансаглаж эхэлсэн айл шиг. Тэр бодлогын мөчлөг дуусч байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд нүүрс, эрдэс баялгийн өндөр орлоготой үедээ төсвөө хэт тэлж, олон их наядын үр ашиг нь тодорхойгүй төслүүд ярьж эхэлсэн. 2026 оны улсын төсвийн нийт зарлага 33 их наяд төгрөг давсан нь ДНБ-ий бараг гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн. Харамсалтай нь эдийн засгийн суурь бүтэц, бүтээмж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвараа бэхжүүлэхээс илүүтэйгээр төр өөрөө том тоглогч болж, том төсөл ярьсан. Үүний үр дагаврыг өнөөдөр иргэд инфляци, ханшийн дарамт, өндөр зээлийн хүү, амьдралын өртгийн өсөлтөөр мэдэрч байна.
-Нийслэл хотоос эхлээд аймаг, сум орон нутаг ер нь яаж хөгжих ёстой вэ. Тогтолцоо, эрх зүйн хувьд бие дагаад хөгжих боломж нь чөлөөтэй, нээлттэй байгаа юу?
-Сүүлийн жилүүдэд хийгдсэн татварын тогтолцооны өөрчлөлтөөр аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн эрх мэдэл тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хүртэлх хувийг орон нутагт үлдээдэг болсон нь чухал өөрчлөлт. Одоо хамгийн чухал зүйл бол төвөөс очдог татаас, дэмжлэгийг бууруулж, эдийн засгийн хувьд илүү бие даалгах хэрэгтэй. УИХ-ын гишүүдээр дамжиж тавигддаг жижиг, популист шинжтэй “жалгын төсөв”-үүдийг зоригтой танах шаардлагатай. Ингэж байж орон нутаг өөрийн эдийн засгаа хөгжүүлэх бодит сонирхолтой болно. Тухайн аймаг өөрийн онцлогтоо тохирсон эдийн засгийн бодлого явуулдаг болох ёстой. Хаана уул уурхай хөгжүүлэх вэ, хаана аялал жуулчлал, хаана хөдөө аж ахуй, хаана логистик хөгжүүлэх вэ гэдгээ өөрсдөө өрсөлдөн боддог болох хэрэгтэй юм. Харамсалтай нь өнөөдөр зарим орон нутаг хөрөнгө оруулагчдыг татах биш, үргээдэг хэвээр байна. Уул уурхайг үгүйсгэсэн, бизнесийг дарамталсан, тогтворгүй, дээрэмдсэн шинжтэй хандлага байсаар байна.
-Н.Учралын Засгийн газар байгуулагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Бодитой хийсэн ажил гэхээс илүү том төслүүдээ ч хөдөлгөхгүй, хөдөлж байгааг нь гацаасан шийдвэр гаргаж байна гэж эдийн засагчид шүүмжилдэг. Таны хувьд Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэр, тэр дундаа эдийн засгийг сэргээх чиглэлд хэрхэн ажиллаж байгаа гэж боддог вэ?
-Ерөнхий чиглэл нь зөв гэж харж байгаа. Хэмнэлттэй төсөв, жижиг төр, төрийн оролцоог бууруулах, дижитал шилжилт, либерал эдийн засгийн зарчим руу эргэж байгаа нь зөв дохио. Гэхдээ бодит хэрэгжилт хамгийн чухал. Манай улсад бодлого тунхаглах амархан, хэрэгжүүлэх хамгийн хэцүү байдаг. Нөгөө талдаа том төсөл хөдөлгөхгүй байна гэдэг шүүмжлэлийг би тэр чигт нь зөв гэж бодохгүй байна. Зарим төслийг зогсоож байгаа нь өөрөө хожмын их хохирлоос сэргийлж байгаа хэрэг. Зүйрлэж хэлбэл, өмнөх Засгийн газар намаг шалбаагтай, суурь муутай хөрсөн дээр өндөр том, гялгар барилга барих гэж зүтгэсэн. Харин өнөөдөр Монголын эдийн засагт хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол сууриа бэхжүүлэх. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчноо сайжруулах, авлига, хүнд суртлыг бууруулах, эрчим хүч, ложистик, дэд бүтцийн суурь асуудлаа шийдэх, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, хувийн хэвшлээ амьсгалах боломжтой болгох гэдэг жижиг мэт боловч амин чухал реформууд хэрэгтэй байна.
-МАН бүх эрх мэдлийг 10 гаруй жил дангаараа барилаа. Харамсалтай нь энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг, төсөв хөрөнгө чамлахааргүй өссөн ч үр өгөөж гэдэг зүйл огт алга байна. Хөрөнгө нь өсөхийн чинээ хулгайлж байгаа мөнгөн дүн нь хэдэн их наядаар хэмжигдэх болсон гэж шүүмжлэх хүмүүс олон бий...?
-Хамгийн том асуудал бол бодлогын тогтворгүй байдал. Монголд урт хугацааны хөгжлийн бодлого, институцийн залгамж чанар маш сул. Дээрээс нь хэт томорсон төсөв, данхайсан төр, сахилга батгүй төсвийн бодлого, төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал, авлига, улс төрөөс хамааралтай эдийн засаг гэдэг асуудлууд хувийн хэвшлийн өсөлтийг боож байна. Өнөөдөр төр өөрөө эдийн засгийн хамгийн том тоглогч болчихсон. Ингэхээр бизнесүүд зах зээлээрээ биш, төртэй харилцах чадвараараа өрсөлддөг болдог. Энэ нь инноваци, бүтээмж, шударга өрсөлдөөнийг устгаж байна.
-Эдийн засгийн байдал хүнд байна. Үнийн өсөлт, инфляци эрс нэмэгдэж иргэдийн худалдан авах чадвар, төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларсаар байгаа. Зарим нэг хүмүүс инфляциас илүү дефляцийн бодлого явуулах нь илүү үр дүнтэй гэж ярьж байна. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Юуны өмнө “дефляцийн бодлого” гэдэг ойлголт эдийн засгийн онолд байдаггүй. Тэгж ярьж байгаа хүмүүс нь үнэндээ инфляцийг хязгаарлах, мөнгөний хатуу бодлого явуулах ёстой гэсэн санааг хэлж байгаа хэрэг. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 35 жилийн хугацаанд байнгын инфляцийн дарамттай явж ирсэн. Энэ утгаараа инфляци Монголд шинэ үзэгдэл биш. Харин өнөөдөр хүмүүс үнийн өсөлтийг илүү хүчтэй мэдэрч байгаа нь өөр шалтгаантай. Яг нарийн ажиглахад сүүлийн жилүүдэд албан ёсны инфляци огцом тэсэрсэн зүйл байхгүй. Гэтэл хүмүүсийн амьдрал дээр хүндээр мэдрэгдээд байдаг. Энэ юунаас вэ гэвэл орлогын ялгаанаас илүү хөрөнгийн ялгаа маш хүчтэй өсөж байгаад оршино. Жини коэффициент гэх мэт орлогын тэгш бус байдлын үзүүлэлтүүд сүүлийн 10 жилд өөрчлөгдсөн, муудсан зүйл байхгүй. Харин байр, газар, үл хөдлөх хөрөнгө зэрэг asset-ийн үнэ маш хурдтай өссөн. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн инфляци яваад байна. Хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийн үнэлгээ өсөөд худалдан авах чадвар нь улам нэмэгдэж байхад яг цалингаараа амьдардаг, татвар төлдөг, орон сууцны зээлтэй, хүүхдээ сургууль соёлд явуулдаг дундаж давхаргад хамгийн хүнд тусч байна.
-Дундаж давхаргад чиглэсэн бодлого үнэндээ алга байна гэж үү?
-Өнөөдөр Монголд дундаж давхаргад ээлгүй орчин бий болсон. Үүнээс гарахын тулд НӨАТ, ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг хөдөлмөрлөж, баялаг бүтээж байгаа хэсэгт ирдэг дарамтыг бууруулах хэрэгтэй. Харин үл хөдлөх хөрөнгө, өв залгамжлал зэрэг хөрөнгийн татварын асуудлыг илүү нухацтай ярих цаг болсон. Мөн манай улсын хэт том төсөв, төрийн өмчит компаниуд “crowding out” гэдэг нөлөөгөөр хувийн хэвшлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын орон зайг шахаж байгааг зоригтой өөрчлөх. Хөрөнгийн зах зээл сул, бизнесийн орчин тогтворгүй, авлига өндөр, төрийн дарамт их, бүтээн байгуулалтын улирал богино, хөдөлмөрийн зах зээл жижиг, өргөн уудам нутагтай учир ложистикийн зардал өндөр гэдэг асуудлууд байсаар байна. Ийм суурь асуудлуудаа шийдэх, эсвэл бүтээн байгуулалтын улирал богино гэдэг шиг онцлогтоо тохирсон бодлого боловсруулахгүйгээр, гадны орнуудын мега төслүүдийг хялбараар дуурайж, эдийн засгаа хүчээр тэлэх гэж оролдсоор байвал инфляци, өндөр зээлийн хүү, ханшийн дарамт, иргэдийн амьдралын өртөг улам л өснө.
-Шинэ Засгийн газрын хувьд хотын даргын асуудлаас болж нэр хүнд нь нийгэмд унаж байх шиг байна. Цаашид тогтвортой байх эсэх нь ч эргэлзээтэй болсон гэж улс төр судлаачид хэлэх боллоо. Энэ утгаараа Н.Учрал Засгийн газраа тогтвортой байлгахын тулд сөрөг хүчингүй болгох буюу АН-ыг Засагтаа урих улс төрийн тохироог явуулж байгаа гэдэг зүйлийг хэлж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн хүрээнд талцсан хоёр тал бие биедээ хүчтэй дайралт хийж байгаа нь ийм сэтгэгдэл төрүүлж байна. Өнөөдөр эрх баригч нам өөрөө дотроо сөрөг хүчинтэй болчихсон нөхцөл байдал үүссэн. Ийм үед парламентад суудалтай хоёр дахь том хүчинтэй хамтрах нь бодлогоо хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээнд тустай байж болно. Нөгөө талдаа Н.Учралын Засгийн газрын өнөөдөр ярьж байгаа жижиг төр, либерал эдийн засаг, татварын дарамтыг бууруулах гэсэн чиглэлүүд нь АН-ын олон жил ярьж ирсэн бодлоготой ойролцоо юм. Тиймээс үзэл баримтлалын хувьд хамтарч болохгүй гэх том зөрүү харагдахгүй байна. Мэдээж бодит хэрэгжилт, улс төрийн тохироо дээр асуудал гарна. Миний хувьд хамтрахыг шууд эсэргүүцэхгүй. Харин ч бодлогын залгамж чанар, макро орчны тогтвортой байдалд тодорхой хэмжээнд хэрэгтэй байж болох юм. Гэхдээ ийм хамтын ажиллагаа урт настай байх магадлал бага. Учир нь жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр үед улс төрийн өрсөлдөөн эргээд хурцадна. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгууль дээр зарчмын хувьд хоёр том нам тохирвол хамтрах байх.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН
































































Сэтгэгдэл