“Номын баяр” жилээс жилд өргөжин тэлж байна
Энэ удаагийн Номын баярт гадаад, дотоодын олон байгууллага, хувь хүмүүс оролцсоны дотор Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Польшийн зохиолчдын шилдэг бүтээлээс танилцуулж байлаа.
Монгол Улсын Их Хурлаас анх 2021 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдөр болгохоор хуульчилсан. Улмаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөнийг өрнүүлэхээр тусгаж, Монгол хүнийг номтой нөхөрлөж соён гэгээрүүлэх үйл явцыг дэмжих зорилго тавьсан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 39 дэх удаагийн “Номын баяр” амжилттай боллоо. Гурван өдрийн турш ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилгоор номын үзэсгэлэн, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, онцлох бүтээлийн танилцуулга болж хүүхэд, багачуудад зориулсан урлаг, соёлын олон хөтөлбөрийг зохион байгууллаа.
Номонд дуртай нийслэл хотын иргэд төдийгүй, орон нутгийн олон уншигчийн зорин ирдэг арга хэмжээний нэг нь номын баяр болжээ. Мөн түүнчлэн гадаадын улс орны хэвлэн нийтлэгч, зохиолч, утга зохиолын агентлагууд ирж оролцох болсноор номын баярын агуулга, цар хүрээ улам өргөжсөөр байна. Хаврын улиралд болдог номын баяраар гадаад сурталчилгаанд илүү төвлөрдөг бол, намрын номын баяраар үндэсний хэмжээнд мэдээлэл, агуулгыг түгээхэд илүү анхаардаг онцлогтой. “Номын баяр” нь монголчуудын номын соёл, уншлагын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдын уулзалтыг дэмжих, хэвлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Одоо үргэлжлүүлэн Номын баярын ерөнхий зохион байгуулагч, "Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Б.Сувдын яриаг хүргэе.
Б.Сувд: Ном гэдэг чинь бүтээлч хамтын ажиллагаа байдаг. Боловсролыг тодорхой хэмжээгээр номоор дамжуулж хүүхэд залуучууддаа хүргэдэг. Энэ агуулгын хүрээнд зохиолчид хамтын ажиллагаа сайн өрнүүлдэг болсон байна. Энэ бол өөрөө номын соёл нэлээн хөгжиж байгаагийн жишээ. Бид нар хэдхэн жилийн өмнө номон дээр гарын үсэг зурах гэдэг зүйл нэлээн сайн хөгжиж байна гэж ярьж байсан бол одоо зохиогч болгон гарын тамгатай болохоос гадна хүнд дурсамж үлдээж байна гэдгээ чухалчилж боддог болжээ. Нөгөөтэйгүүр хүүхдэд хүргэж байгаа агуулга дээр санал шүүмжийг аваад ирэхийн цагт зохиолчид өөрсдөө хөгжиж байна. Уншигчид сайн болох тусам зохиолчдыг хөгжүүлэх хөшүүрэг нь болж байдаг учраас энэ бол маш чухал үйл ажиллагаа гэж би боддог. Борлуулалтад нөлөөлдөг үү гэж асуулт явуулж үзэхэд 6%-тай гарч ирсэн. Худалдаанд шууд нөлөөлдөггүй харин худалдааг дэмжих хөшүүрэг болдог гэдэг үзүүлэлт нь 80 гаруй хувьтай гарсан. Тэгэхээр ийм сэдэл өгөх ажил их байж гэмээнэ номын зах зээл их өргөжиж байна гэж боддог. Анхны номын баяр ганцхан оролцогчидтой 80 орчим хүн үзэж байсан бол өнөөдөр хэр хэмжээтэй болсон байна, хэчнээн номын дэлгүүр нээгдсэн байна, хэчнээн шинэ паблишингууд бий болсон байна, хэчнээн номын клуб бий болсон байна гээд харах юм бол энэ бол маш эерэг үзүүлэлт гэж бодож байна аа. Бид нарын хувьд жилдээ 2 удаа номын баяр зохион байгуулаад номын зах зээл дээр ажиллаад 19 жил болж байна. Зөвхөн номонд дуртай номын нэвтрүүлэг хийж байсан залуусын дуу хоолой хүсэл мөрөөдөл яагаад энэ хүрсэн бэ гэхээр бид нарт хийх ёстой маш олон ажил байгааг олж харсан. Тэрэндээ дуртайгаар сэтгэл зүрхээ өгсөн учраас энэ хүртэл явж байгаа юм болов уу. Дээрээс нь зохиолч хэвлэн нийтлэгчдийн хэрэгцээ шаардлага байна. Тэдний дуу хоолойг сонсож биелүүлэхийг бас зорьж байгаа алс хэтийн бодлууд их байна.

Номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирдэг. Мөн 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч тогтмол оролцож номын үзэсгэлэнгээ дэлгэдэг. Энэ удаагийн номын баярт гадаад, дотоодын олон байгууллага, хувь хүмүүс оролцсоны нэг нь Бүгд Найрамдах Польш Улсын ЭСЯ байлаа. Польшийн Элчин сайдын яамны ажилтнууд хүмүүсийн сонирхсон асуултанд хариулж, Польшийн зохиолчдын ном, зохиолоос танилцуулж, хүүхдүүдэд зориулсан зургийн уралдааныг явууллаа.
Бид энэ үеэр Польшийн хүүхдийн уран зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэн, бяцхан уншигчдад шинэ ертөнц нээж буй орчуулагч С.Түвшинжаргалтай уулзлаа. Тэрээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд орчуулгын зохиол дээр ажиллаж байгаа юм. Энэ удаагийн номын баярт өөрийн орчуулсан таван бүтээлийг уншигчдад танилцуулж, Польшийн уран зохиолын өвөрмөц өнгө аяс, хүүхдийн сэтгэлгээний ертөнцийг Монголын хүүхэд багачуудтай хуваалцаж байгаа тухайгаа бидэнд хуваалцсан юм. Түүний онцлон танилцуулж буй эхний бүтээл бол Дэлхийн II дайнд Польшийн цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан “Войтек” нэртэй баавгайн тухай зохиол. Польшийн түүхэнд бодитоор үлдсэн энэ баавгай холбоотны армийн бүрэлдэхүүнд багтаж, цэргүүдтэй хамт Гитлерийн Германы эсрэг тулалдаж байсан гэдгээрээ онцлог. Өдгөө энэхүү зохиол Польшийн сонгодог бүтээлийн нэг болж, дунд сургуулийн хүүхдүүдийн заавал унших номын жагсаалтад багтжээ. Орчуулагчийн хэлснээр энэ номоос хайр, нөхөрлөл, хүнийг гаднах төрхөөр нь дүгнэхийн утгагүй байдал, сайн хүний мөн чанарын тухай олон асуултын хариуг олж болно гэсэн юм. Мөн тэрээр Польшийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Хенрик Сиенкевич (Henryk Sienkiewicz)-ийн алдарт “Халуун цөл, харанхуй ширэнгийн гүнд” зохиолыг онцолж байна. Одоо үргэлжлүүлэн орчуулагч С.Түвшинжаргалын ярианд анхаарлаа хандуулна уу.
С.Түвшинжаргал: Энэ ном 19 дүгээр зууны сүүлд Суэцийн сувгийг барьж байсан польш инженерүүдийн хүүхдүүдийг тэнд тусалж байсан арабууд хулгайлдаг түүх. Тухайн үеийн Египет, Африк тивд болж байсан үйл явдал, түүхийг уран зохиолын аргаар бичиж, хүмүүст тухайн үед Египетэд юу болж байсан тухай унших боломжийг олгосон. Ном маань хүүхдүүдэд тохиолдож буй адал явдалт хэлбэрээр бичигдсэн. Уншигч та бүхэн хулгайлагдсан хоёр хүүхэд эцэст нь эсэн мэнд аав нартайгаа уулзах уу гэдэг асуултын хариуг энэхүү номоос олоорой. Дараагийн танилцуулж байгаа зохиол маань Польшийн орчин цагийн нэртэй зохиогч эмэгтэйн гар утсанд донтсон охины тухай бодит амьдралаас сэдэвлэн бичсэн зохиол. Зохиолч өөрөө ээж хүн. Нэг ээж, охин хоёрт тохиолдсон золгүй явдлыг сэтгүүлээс уншаад сэтгэл нь хөдөлж энэхүү зохиолоо бичсэн гэдэг. Хүн бүр л гэр бүл, хүүхдээ сайхан хоол ундтай байлгаж, сайн сургуульд сургаад болчихлоо гэж боддог. Гэтэл хүүхэд маань бид нарын мэдэхгүй тоглоомын ертөнц руу орчихсон байдаг. Ийм аюул бид нарын хажууханд байна гэдгийг анхааруулан сануулсан зохиол юм. Гэхдээ энэ нь хүүхдийн зохиол учраас ямар нэг эмгэнэлтэй үйл явдал гардаггүй, хөнгөн хэлбэрээр ойлгомжтой бичигдсэнэрээ онцлог. Зохиолын гол дүр нь 8 настай, онц сурдаг охин юм. Үе тэнгийн найз нар нь тоглоомын тухай яриад, охин тэр тоглоомыг нь мэдэхгүй байсан тул найзгүй болох гээд байсан тул тэр тоглоомыг тоглож эхлээд, эцэстээ тоглоомдоо донтсон тухай өгүүлдэг. Хүүхдүүд энэхүү номоос ухаарал авах байх гэж бодоод энэ зохиолыг орчуулсан юм. Дараагийн ном маань “Тав дугаарын байшин” гэдэг нэртэй. Энэ ном нь олон нийтийн дунд байдаг сэтгэл эмзэглүүлсэн асуудал болох өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хөндсөн. Хэдийгээр сэдэв нь хүнд юм шиг боловч яг хүүхдийн сэтгэхүйд зориулсан, хүүхэд уншихад тохирсон үг хэллэгээр бичсэн зохиол юм. Энэ зохиолд Эрик гэдэг ангидаа “од” хүү, нөгөө гол дүр болох Пётрик гэдэг зузаан нүдний шилтэй дээрэлхүүлдэг хүү хоёр “Тав дугаар байшин”-д хамт орсноор хоорондоо учраа олж сайн найз болдог тухай өгүүлдэг.
Орчуулагч С.Түвшинжаргал ээж хүний хувьд хүүхдүүддээ ямар ном уншуулах вэ гэсэн эрэл хайгуул нь түүнийг Польшийн хүүхдийн уран зохиолтой ойртуулсан хэмээн ярьж байлаа. Польш хэлний мэргэжлийн орчуулагчийн хувьд хэлний сорилт харьцангуй бага байсан ч сайн орчуулгын үндэс нь эх хэлний мэдлэг гэдгийг тэрээр мөн онцолсон юм. Тэрээр номын баярын үеэр “Гадаад хэл мэдэхээс гадна эх хэлээ маш сайн эзэмшсэн байх ёстой. Тэгж байж орчуулгын үг хэллэг аяндаа гоё урсаж ирдэг” хэмээн хүүхэд залууст өөрийн орчуулгын туршлагаасаа хуваалцжээ. Орчуулагч С.Түвшинжаргал ойрын хугацаанд Польшийн зохиолч Eliza Piotrowska-гийн “Барбара” нэртэй шинэ номоо хүүхдийн баяраас өмнө уншигчдад хүргэхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэрээр орчуулгын бүтээлүүдийг нь дэмжин ажилладаг Польшийн уран зохиолыг дэлхий дахинд түгээн сурталчилдаг Польшийн номын институт болон Улаанбаатар хот дахь БНПУ-ын ЭСЯ-ны хамт олонд талархлаа илэрхийлж байсан юм. Мөн Монголын номын зах зээл жижиг, сонголт арвин энэ үед чанартай орчуулга, сайн зохиол уншигчдын итгэлийг олно гэдэгт тэр итгэлтэй байна. Цаашид ч Польшийн уран зохиолын шинэ содон бүтээлүүдийг монгол хүүхэд, залууст хүргэхээр зорьж буйгаа илэрхийллээ.

Ийнхүү 39 дэх удаагийн “Номын баяр” зохиол, бүтээлийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ үе үеийн зохиолч, орчуулагч, уншигчдыг нэгэн дор уулзуулсан соён гэгээрлийн өргөн талбар болж өндөрлөлөө. Энэ баяр зөвхөн ном худалдах, шинэ бүтээл танилцуулах арга хэмжээ бус, харин уншихуйн соёлыг төлөвшүүлж, хүүхэд залууст мэдлэгийн гэрэл асаах, гадаад, дотоодын сор бүтээлүүдийг монгол уншигчдад ойртуулах гүүр болсоор байна.
Номын хуудас бүрт хүний оюуны хөгжил, сэтгэлийн тэжээл, ирээдүйн мөрөөдөл шингэсэн байдаг. Тиймээс номтой нөхөрлөсөн хүүхэд мэдлэгтэй иргэн болж төлөвшиж, мэдлэгтэй иргэдээс соёлт, хөгжингүй нийгэм бүтдэг билээ. “Номын баяр” жилээс жилд өргөжин тэлж, уншигчдын эгнээ улам нэмэгдэж буй нь Монголчуудын оюуны хөрөнгө арвижиж буйн тод илэрхийлэл юм.
Нийтэлсэн: З.Дэнсмаа

































































Сэтгэгдэл