Өрхийн эмч нар төрийн давхардсан үүрэг, тайлангаас чөлөөлөхийг хүсэв

Aдмин / Эрүүл мэнд

Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Өрхийн эмчийг чөлөөлье” сэдэвт хэвлэлийн хурлыг “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр зохион байгууллаа. Энэ жилийн “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг “Дижитал ертөнцөд-Хүн төвтэй тусламж үйлчилгээ” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс энэхүү өдрийг 2012 оноос хойш тэмдэглэн ирсэн бөгөөд энэ удаад өрхийн эмч нар бодит ажлын ачаалал, тулгамдаж буй асуудлаа олон нийт болон төрийн байгууллагуудад хандан танилцууллаа. Хэвлэлийн хурлын үеэр өрхийн эмч нар иргэдэд хамгийн ойр, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ч үндсэн үүргээс нь хөндийрүүлсэн олон төрлийн нэмэлт ажилд дарагдаж байгааг онцолсон юм. Тухайлбал, тайлан мэдээ, давхардсан хяналт шалгалт, төрөл бүрийн аян, кампанит ажил нь эмчийн өвчтөндөө зарцуулах цагийг хумьж байгааг дурдлаа.

Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Тэмүүн: Нийслэлд хэрэгжүүлж буй 90-70-90 хөтөлбөрийг богино хугацаанд өндөр үзүүлэлтэд хүргэх шахалт өрхийн эмч нарт ирж байна. Уг нь ДЭМБ-аас 2030 он гэхэд ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг 90 хувь, умайн хүзүүний хавдрын илрүүлгийг 70 хувь, эмчилгээнд хамруулалтыг 90 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэтэл үүнийг энэ онд 100 хувьд хүргэнэ гэж зарласнаар өрхийн эмч нар үндсэн ажлаа орхиж, иргэдээ дуудан вакцинжуулалт хийхэд төвлөрч байна. Үүнээс гадна олон төрлийн судалгаа, мэдээлэл шаардаж байгаа нь ажлын ачааллыг нэмэгдүүлж байна.

Баянгол дүүргийн “Мөнх-Увдис” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Баясгалан: Улсын хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төвд 1600 гаруй эмч ажиллаж байгаагийн 70 хувь нь 25-40 насныхан байна. Өрхийн эмч нар иргэнийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд ахмад нас хүртэлх бүхий л үед нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Иргэдийнхээ эрүүл мэндийн түүх, амьдралын хэв маяг, эрсдэлт хүчин зүйлсийг мэддэг учраас өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх боломжтой байдаг. Давхардсан агуулгатай олон сургалтад ажлын цагаар хамруулдаг. Үүнээс гадна богино хугацаанд тайлан мэдээ шаардах нь эмчийг иргэддээ үйлчлэх боломжгүй болгож байна. Эмч нарыг ажлын байран дээрээ хүнээ үзэх нөхцөлөөр хангаж өгөх шаардлагатай.

Түүнчлэн өрхийн эмч болохын тулд нүд, хүүхэд, нярай, жирэмсэн эх зэрэг 18 төрлийн чиглэлээр суралцаж мэргэшдэг. Гэвч өнөөдөр тайлан мэдээ, судалгаа, захиргааны дарамтаас болж иргэддээ бүрэн хүрч ажиллах боломж хязгаарлагдаж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.