ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нарын санаачлан боловсруулсан “Цусны донорын тухай” хууль Улсын Их Хурлаар эцэслэн батлагдлаа.
Өмнө мөрдөгдөж байсан “Донорын тухай” хуульд эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой зохицуулалтууд голчлон тусгагдсан байдаг бол шинэ хуулиар цусны донорын нийгмийн баталгааг хангах бие даасан эрх зүйн зохицуулалттай болж байгаагаараа онцлог юм.Тус хуулиар “Цусны хүндэт донор”-т олгох хөнгөлөлт, дэмжлэгийг тодорхой тусгажээ. Тухайлбал, цус болон цусны бүрэлдэхүүн хэсгийг 50, бүхэл цусаа 35, ховор бүлгийн цусаа 25 ба түүнээс дээш удаа хандивласан иргэнийг “Цусны хүндэт донор”-оор алдаршуулах бөгөөд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлэхээр болсон байна. Үүнд:
- Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих;
- Жилд нэг удаа эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах;
- Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан, сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амрах;
- Шаардлагатай тохиолдолд өөртөө цус, цусан бүтээгдэхүүн үнэ төлбөргүй сэлбүүлэх зэрэг хөнгөлөлт эдлэх юм.
Хэрэв өвчин эмгэгтэйгээ мэдсээр байж нуух, худал мэдээлэл өгөх зэргээр бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулсан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон байна.
ДОНОРЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛНО
Шинэ хуулийн хүрээнд донорын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, гамшиг, онцгой байдлын үед цусны нөөцийг шуурхай бүрдүүлэх, удирдах, хянах боломж бүрдэх юм.
Түүнчлэн донорын үйл ажиллагааг дэмжсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Тодруулбал, донорын үйл ажиллагаанд зориулан хандивласан 10 сая төгрөг хүртэлх зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох зохицуулалт хуульд тусгагдсан байна.


































































Сэтгэгдэл