Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр: ОХУ-ын засгийн газар Арц-Сууриар шатахуун оруулах тогтоол баталлаа

Aдмин / Улстөр

ОХУ-ын Засгийн газар 2025 оны 07 дугаар сарын 03 өдөр хуралдаж Завхан аймгийн Арц-Суурийн боомтоор шатахуун оруулах, тээвэрлэх тогтоолыг баталсан.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООЛ №1007. 2025 оны 07 сарын 03. Москва хот Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2010 оны 12 сарын 31-ний 1211 тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай Оросын Холбооны Улсын Засгийн газраас тогтоох нь: “Оросын Холбооны Улсаас зарим нэр төрлийн барааг автомашинаар Оросын Холбооны улсын хилээр ЕвроАзийн Эдийн Засгийн холбооны гаалийн бүс нутгаас цааш нэвтрүүлэх боомтуудыг тодорхойлох тухай” (Оросын Холбооны улсын хуулийн эмхтгэл, 2011 он, №2, 376 хуудас, 2018 он, №41, 6242-р зүйл) Оросын Холбооны Улсын Засгийн Газрын 2010 оны 12 сарын 31-ний №1211 дугаар тогтоолын хавсралтын “Улсын хилийн Орос-Монголын хэсэг” заалтад дараах агуулга бүхий 111 гэсэн заалтыг нэмж оруулсугай: “111.Цаган-Толгой”. Оросын Холбооны улсын Ерөнхий сайд М.Мишустин

Тайлбар: Зарим нэр төрлийн барааг тухайлбал нефтийн бүтээгдэхүүнийг автомашинаар нэвтрүүлэх боомтуудыг тодорхойлох тухай ОХУ-ын Засгийн газрын 2010 оны 12 сарын 31-ний 1211 дугаар тогтоолд: Орос-Монголын хилийн хэсэгт Хандагайт буюу Увс аймгийн Боршоо, Ташанта буюу Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт боомтуудаар оруулахыг заасан байдаг бол энэ тогтоолдоо 2025 оны 07 сарын 3-ны 1007 тоот тогтоолоор нэмэлтээр Цагантолгойн боомт буюу Завхан аймгийн Арцсуурь боомтыг оруулж өгсөн байна. Цаган-Толгой гэдэг нь Арц-Суурийн цаадах Орос талын хилийн боомтын нэр. Өөрөөр хэлбэл хилийн наад талаа бид Арц-Суурь гэдэг бол Оросууд Цаган-Толгой гэж нэрлэдэг.

Завхан аймаг хилийн боомттой мөртлөө сүүлийн 30 жилийн турш бусад аймгуудаас хамгийн үнэтэй шатахуун хэрэглэж ирсэн. Энэ байдлаас гарахын тулд Арц-Суурийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлж, шатахуун оруулах, мах гаргах асуудлын хойноос сүүлийн 2 жилийн турш уйгагүй хөөцөлдөв. Москвад очиж Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралд сууж, тайлбар мэдээлэл хийв. ОХУ-д гурван ч удаа очиж албан уулзалтууд хийв. Монгол-Оросын Засгийн газрын комиссын дарга, гишүүдэд Арц-Суурийн боомтын асуудал бэрхшээл, боломжуудыг сайн ойлгуулав.

Арц-Суурийн боомтын бүтээн байгуулалтын иж бүрэн зураг, ТЭЗҮ бэлэн болгуулав. Арц-Суурийн боомтын авто замын ажлыг эхлүүлэв.

Оросын тал бас асуудалд ач холбогдол өгч Цаган-Толгой боомтод шатахуун гаргах автомат жин хэмжүүр суурилуулж дуусгав. Цаган-Толгой боомтын бүтээн байгуулалтаа 2 жилийн дотор бүрэн дуусгана гэж Росгранстрой байгууллагын удирдлагууд мэдэгдсэн.

Шатахуун тогтоол гаргасан өдрөөс шууд оруулах эрх нь нээгдсэн ч бидэнд дэд бүтэц, шатахуун агуулах савууд хил дээр байхгүй. Тиймээс эдгээр ажлуудыг хийхэд тодорхой хугацаа орно. Шатахуун оруулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, орос талын гэрээ хэлэлцээр, дэд бүтцийн бүтээн байгуулалт гээд шийдвэрлэх олон асуудал байна. Товчхондоо асуудал зөвхөн биднээс л шалтгаална.

Энэ асуудлыг дэмжиж ажилласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол-Оросын Засгийн газрын комиссын дарга асан Шадар сайд Ч.Хүрэлбаатар, одоогийн дарга Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогт, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн нарт баярлалаа. Мөн Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, ЭСЯ-ны яамны хамт олон, ОХУ-ын Тувад суугаа Монголын консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Завханчууд бид бусадаас үнэтэй биш адилхан үнэтэй шатахуун хэрэглэхэд нэг алхам ойртлоо. Хүлээгдэж буй бусад асуудлаа яаралтай шийдвэрлэхийн төлөө ажиллана.


Сэтгэгдэл

1 [202.179.18.234] 2025-08-07 10:27:14

Оросын клонктой боловол үнэ хямд чанартай яааг өөриинхэн оронд хэрэглэдэг бензинээ өгөн шүү. Энэ бол зах зээлиин хууль.

Б [202.179.18.234] 2025-08-07 10:17:16

Монголын хилиин наад талд нь оросйн колонк оростой тохиролцоод барьчихвал хамаагүүй дээр. Монголын колонк барьвил яаааг ижилхэн монголд мөрдөгдөж буй үнээр аван.

Зочин [66.181.185.33] 2025-08-06 14:32:57

Шатахуун хамгийн үнэтэй аймаг байсанв

Зочин [103.57.95.146] 2025-08-06 13:09:48

Ганцаараа бүгдийг хийцийм бишүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.