ХААН Банк Францын Proparco санхүүгийн байгууллагатай 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХААН Банк Францын хөгжлийн агентлагийн харьяа Proparco хөгжлийн санхүүгийн байгууллагатай уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, орон нутгийн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэ нь Proparco байгууллагаас ХААН Банканд олгож буй анхны хоёр талт санхүүжилт бөгөөд урт хугацааны түншлэлийн суурийг тавьсан чухал үйл явдал болж байна.
Нийт 50 сая ам. долларын санхүүжилтийн 30 сая ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон дасан зохицоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулах бол 20 сая ам.долларыг нийслэлээс алслагдсан бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулах юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалт
Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга зэрэг уур амьсгалтын өөрчлөлтийг сааруулах төслүүдийг санхүүжүүлэхэд голчлон чиглэнэ. Монгол Улсын хувьд нүүрсний хэрэглээнээс хамааралтай байдлыг бууруулах, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон агаарын бохирдлыг бууруулахад энэхүү хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой юм. Мөн санхүүжилтийн нэг чухал зориулалт нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл, хөтөлбөрүүд буюу ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд оршино. Тухайлбал, бэлчээрийн даац хэтрэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулахад чиглэсэн төсөл, бизнесийн үйл ажиллагаа, тогтвортой мал аж ахуйг дэмжих нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг Монголын хөдөө орон нутгийн эдийн засагт онцгой үр нөлөөтэй.
Орон нутаг дахь урт хугацаат санхүүжилтийг нэмэгдүүлэх нь
Бизнес эрхлэх өндөр чадавхтай ч урт хугацааны санхүүжилтийн хүртээмж хязгаарлагдмал орон нутгийн бичил болон жижиг, дунд үйлдвэрүүд, бизнес эрхлэгчдийг энэхүү хөрөнгө оруулалтаар дэмжих юм. Улмаар уг санхүүжилтийг орон нутгийн эдийн засгийн идэвхжил, үр өгөөжийг сайжруулахад зориулснаар орон нутаг, бүсчилсэн хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотод төвлөрсөн, уул уурхайн салбараас хамаарал өндөртэй эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
ХААН Банкны тухай
Монгол Улсын тэргүүлэгч ХААН Банк нь улс орон даяар байрших 535 салбар нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан Монголын нийт хүн амын 83 хувьд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Харилцагчидтайгаа хамтдаа өсөж хөгжих эрхэм зорилготой ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгч, мөн томоохон аж ахуйн нэгжүүдэд банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэж ажилладаг төдийгүй тогтвортой санхүүжилт, цахим банкны инновац болон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тэргүүлсээр байна.
Proparco санхүүгийн байгууллагын тухай
Proparco нь хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагааг голлон хариуцдаг, Францын хөгжлийн агентлагийн харьяа санхүүгийн байгууллага юм. 50 гаруй жилийн түүхтэй тус байгууллага нь Африк, Ази, Латин Америк, Еврази болон Ойрх Дорнодын 115 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудыг санхүүжүүлэх замаар эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.
Мөн сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх салбаруудад арвин туршлагатай байгууллага бөгөөд компаниудын хөгжлийн үе шат бүрд тохирсон баталгаа, зээл, хөрөнгө оруулалт зэрэг олон төрлийн санхүүгийн хэрэгслийг санал болгохын зэрэгцээ түнш байгууллагуудынхаа үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн техникийн туслалцаа, Propulse хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Proparco-гийн охин компани болох Digital Africa нь Африкийн технологийн гарааны бизнесүүдийг үйл ажиллагааны эхний шатанд нь санхүүжүүлэхэд чиглэн ажилладаг.
Proparco нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 26 суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан харилцагчид болон тэдний үйл ажиллагааны үр шимийг хүртэгчидтэй нягт хамтран ажиллаж, илүү шударга, тогтвортой дэлхий ертөнцийг цогцлоохыг зорьдог.
Дэлгэрэнгүйг: proparco.fr/en | LinkedIn: @Proparco |WhatsApp : Proparco

































































.jpg)



Сэтгэгдэл