Р.Сэддорж: Засгийн газар хэлсэн ярьсан, шийдсэндээ л байх ёстой
Улсын Их хурлын гишүүн Р.Сэддоржтой ярилцлаа.
-Танай намаас ээлжит бус чуулган хуралдуулж, төсөвт тодотгол хий гэсний дагуу Засгийн газраас төсвийн тодотголоо өргөн барьсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Манай намын бүлгийн хурал дээр тийм зүйлүүдийг ярьсан. Цаг үеийн хүндрэлтэй асуудлууд, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөл гээд зүйлс их байгаа учраас яаралтай төсөвт тодотгол хийх саналыг Засгийн газарт өгөх тухай асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр дэмжсэн. Дараа нь намын удирдлагууд ч энэ талаараа мэдээлэл хийсэн. Яг үүнтэй зэрэгцээд Засгийн газраас төсөвт тодотгол оруулахаар өргөн барьж байгаагаа зарласан. Тиймээс манай бүлэг дээр ярьсан, гаргаж тавьсан шаардлага байндаа тусжээ л гэсэн үг.
-Ардчилсан намын зүгээс тавьсан гол шаардлагуудыг тодотголд тусгасан болов уу. Багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг олгох мөнгөгүй учраас тодотгол хийх шаардлага үүссэн гэж яриад байгаа. Таны хувьд төсвийн тодотголын төсөлтэй танилцаж амжив уу?
-Миний хувьд одоогоор төсвийн тодотголын төсөлтэй танилцаагүй байна. Удахгүй хагас сарын дараа намрын чуулган нээлтээ хийнэ. Үүнээс наана хуралдаж амжих эсэхийг сайн мэдэхгүй байна. Тийм болохоор тодотголыг намрын чуулганаар л хэлэлцэж таарах болов уу гэсэн бодолтой байгаа. Ер нь энэ Засгийн газар хэлсэн, ярьсан, шийдсэндээ л байх ёстой. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлсэн шийдвэрээ гүйцэтгэх хэрэгтэй байна. Тэр олон багш, эмч нар хүлээлттэй байгаа. Энэ хүмүүс чинь хангалттай цалинтай хүмүүс биш. Тиймээс л хэлсэн, шийдсэндээ байх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Хүн ч гэсэн хэлсэндээ хүрдэг байж л бусдын итгэлийг олж, дааж явдаг биз дээ. Засгийн газар шаардлагагүй зардлуудаа танах ёстой. Яамдын төсвөөс нэлээдийг нь танахаар болсон гэсэн мэдээллийг хэвлэлүүдээс авсан.
Ер нь дэлхий ертөнцийн нөхцөл байдал, улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, ямар тактик, арга барил барьж байна гэдгийг нарийн судлаад ирэх өвлийн хүндрэл бэрхшээлийг урьдчилан харах хэрэгтэй. Үүнийхээ дагуу шаардлагагүй төсвүүдээ танах ажлыг яаралтай хийхгүй бол байдал улам л хүндэрнэ.
-Яамдын төсвөөс танана гэж байна. Уг нь танай намаас Засгийн газрын бүтцээ багасга гэсэн шаардлагыг тавиад байсан шүү дээ. Үүн дээр юу хэлэх вэ?
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн үнэхээр данхар байгаа нь үнэн шүү дээ. Хэдхэн жилийн өмнө гэхэд есөн яамтай л байсан. Гэтэл одоо 20 сайдтай болчихсон. Тэгэхээр ийм олон сайд, чиг үүргийн давхардалтай яамд байх шаардлага байна уу. Жишээлбэл, COP17 хурлын үеэр ажиглаж байхад байгаль орчин, хөдөө аж ахуй, ус гээд нэг яаманд харьяалагддаг юм байна. Хоорондоо уялдаа холбоо ихтэй гурван салбарыг нэг яам зангидаж байна шүү дээ. Тэгэхээр энэ мэт бусад улс орноос суралцах л хэрэгтэй.
-Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт намын бүлгээ ээлжит бусаар хуралдуулсан. Энэ хуралдаанаар ямар асуудлуудыг авч хэлэлцсэн бэ?
-Бүлэг дээр шатахууны асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон энэ оны төсөвт хийх тодотголын талаар л ярилцсан. Энэ хуралд би оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Шатахууны хомсдолыг зөвхөн хоёр хөршийнхөө Засгийн газартай ярихаас гадна дэлхий дээр нефтийн бизнес эрхэлж байгаа томоохон улс, байгууллагуудтай уулзаач. Тэгвэл тэр байгууллагууд чинь аль улсаар, яаж дамжиж, хилээр хэрхэн оруулж ирэхээ өөрсдөө бизнесийн зарчмаараа хийнэ гэдгийг хэлсэн. Дэлхий дээр чинь нефтийн бизнес эрхэлдэг олон улс, байгууллага байгаа. Тэр бүхэнтэй уулзаж, бизнесийн зарчмаар хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм.
-Танай намын бүлгийн дотоод эв нэгдэл хэр байгаа вэ. Ерөнхий сайдад хариуцлага тооцох бичигт гарын үсэг зурсан, зураагүй. Нэг гишүүндээ хариуцлага тооцно, тооцохгүй гээд хэвлэлээр мэдэгдэцгээгээд байна шүү дээ?
-Манай намын бүлэг засаг барьж байгаа биш учраас хамгийн сайн эв нэгдэлтэй байгаа. Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүд бол хэвлэлийн л мэдээ шүү дээ. Бид ер нь эв нэгдэлтэй байж л ирэх хоёр сонгуульд орно. Тийм учраас бүх хүмүүс олонхоо дагаж, нийтийнхээ шийдвэрийг дагаад явж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Тэр бичигт Ч.Лодойсамбуу гишүүн гарын үсэг зураагүй. Үүнд хувь гишүүний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Ч.Лодойсамбуу гишүүн маань чуулганы завсарлагааны үеэр иргэд, сонгогчидтойгоо уулзаад явж байгаа байх гэж бодож байна. Тиймээс чуулган эхлэхээр гарын үсгээ зурах, зурахгүй нь тэр хүний л асуудал. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна.
-Таны хувьд говийн бүсээс сонгогдсон гишүүдийн нэг. Тиймээс манай улсад болж байгаа COP17 хурлын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хурал хэдийгээр зардал өндөртэй ч дэлхийн жишгээр л хийж байгаа байлгүй гэж бодож байна. Ингэж хурал хийж, дэлхийн анхаарлыг Монгол Улсдаа татаж, ийм хурал болж, шийдвэрүүд нь ингэж гардаг юм байна гэдгийг монголчууд маань бүгдээрээ одоо л мэдэрч байна шүү дээ. Бид чинь ямар гадаадад болж байгаа хуралд бүгдээрээ очиж суух биш. Дэлхийн чиг хандлага ямар байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хэр байгаа зэргийг сонсох боломж бидэнд олдож байна. Тийм ч болохоор бид ижил төстэй уур амьсгалтай улс орнуудтай уулзалтуудыг олон хийж байна. Ер нь усгүй болж буй зовлон маш олон оронд байгаа. Усаа хэмнэх, дахин ашиглах технологи эрчимтэй хөгжиж байна. Жишээ нь, Саудын Араб гэхэд л усыг хэрхэн зөв зүйтэй ашиглах вэ гэдэг инноваци, шинэ технологийн талаар 10 сая ам.долларын шагналын сантай уралдаан хүртэл зарласан байсан. Ирэх арванхоёрдугаар сарын 14-нд шалгаруулалтаа хийнэ. Тэгэхээр манайх энэ улсуудын хажууд харьцангуй оройтоогүй байгаа. Тийм учраас тал хээр, говийн бүсээ усжуулах, гүний усыг уул уурхайд хязгаартай хэрэглэх зэрэг ажлуудыг яаралтай хийх ёстой. Одоо 10 жил алдах юм бол хүнд байдлаасаа гарч чадахгүй дуусах байдалтай байгаа юм байна. Усны үнэ цэнийг монголчууд маань сайн ойлгох хэрэгтэй. Үерийн усаа хуримтлуулж, нуур хийгээд уул уурхайдаа заръя гэдэг ойлголтыг хүмүүст өгөх зорилгоор энэ хуралд суулаа.
Бид өөрсдөө их ойлгож, мэдрэх хэрэгтэй байгаа юм. Мэдрүүлэхэд COP17 их хэрэг боллоо л гэж бодож байна. Одоо ямар тунхаглал, зөвлөмж гарах, хэдий хэрийн санхүүжилт гарах юм. Түүнээс хэд нь монголчуудад ирэх юм гээд асуудал бий. Энэ чинь дэлхийн мөнгө л цуглаж байгаа шүү дээ. Усны газар, БОУАӨЯ, аймгуудын дэвшүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ хэр сурталчилж, ярьж байгаагийн үр дүн энэ хурлын дараа гарах байх. Ямар ч байсан уул уурхайд хэрэглүүлж байгаа усны үнийг нэмэх шаардлагатай гэдэг нь тодорхой байна. Ард иргэдээсээ хямд үнээр уул уурхай нь ус хэрэглэнэ гэж юу байх вэ дээ. Ядаж адилхан үнээр хэрэглүүлээд тэр төлбөрөөрөө ойжуулах, усжуулах, хөв цөөрөм байгуулах ажлуудаа хийх, хуулиа сайн хэрэгжүүлэх гээд ажлууд үлдэж байна.
-Хөрөнгө мөнгө татах нь нэг хэрэг. Тэр мөнгөө зүй зохистой ашиглах, зориулалтын дагуу хэрэглэх тал дээр нь хяналт тавьж ажиллах уу?
-Тэгэлгүй яах вэ. Томоохон нуур хийгээд говь, тал хээрийн бүс рүү татах ажлын эхний техник эдийн засгийн үндэслэлүүд гарчихсан байна. Жишээлбэл, тал хээрийн болон зүүн голуудаас нуур үүсгэх ТЭЗҮ гарчихсан. Хуучин Хэрлэн голын сав дагуу нуур үүсгэх төсөл шүү дээ. Үүний ТЭЗҮ нь 870 орчим сая ам.доллар байна. Бүх зардал нь ороод энэ. Сайншандаар дайруулаад Оюу толгой, Тавантолгойн бүлэг орд руу татах төсөл. Өндөр өртөгтэй ч гэсэн тендер зарлаад хийхэд монголчууд хяналтаа тавиад, хэрхэн илүү хямдхан хийх боломжтой талаарх саналууд гараад явах байх. Олон улсын байгууллагуудаас оролцоно. Эрдэмтдээ ч нэлээд оролцуулна. Онги-Цагаанбургастай, Тооно уулын нуур үүсгэх хоёр төслийг одоо эхлүүлбэл үр дүн нь таван жилийн дараагаас эхлээд гарна. Тэгэхээр яаралтай эхлүүлээд Өвөрхангай, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг нийлээд энэ төслүүдээ яаралтай гацаахгүйгээр эхлүүлэх хэрэгтэй байна. ТЭЗҮ маш үнэтэй хийгдэж байгаа. Хэрлэн-Тоонотын ТЭЗҮ-ийг Оюу толгой санхүүжүүлээд 6-7 тэрбум төгрөгөөр хийж байгаа юм. Энэ чинь таван жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Тэр хугацааг нь алдвал дахиж нэмэлт тодотгол хийх хэрэгтэй болно. Бас л зардал гарна. Тийм учраас ТЭЗҮ бэлэн боллоо, ойрын хугацаандаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ Монголынхоо эрдэмтдийг түшиглээд, дотоодын аж ахуйн нэгжүүдээрээ хийлгэх ёстой юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





































































Сэтгэгдэл