Чэндүгийн наадмаас хамгийн олон орны тамирчид медаль хүртжээ

БНХАУ-ын Чэндү хотноо болсон Дэлхийн спортын наадмаас 83 улс орон, бүс нутгийн тамирчид медаль хүртсэн нь тус наадмын түүхэнд дээд амжилт юм.
Тус хотод дэлхийн 18 дээд амжилтыг шинээр тогтоосон бол 55 улс орон, бүс нутгийн тамирчид алтан медаль хүртсэн гэж наадмын Гүйцэтгэх хорооны Спортын өрсөлдөөн, допингийн эсрэг газрын орлогч дарга Чэнь Жи мэдэгдсэн байна.
Зохион байгуулах хорооны гүйцэтгэх дэд дарга Сюй Сингуо хэлэхдээ, энэ удаагийн наадамд 116 улс орон, бүс нутгаас 6679 тамирчин, албаны хүмүүс оролцсоноор урьд хожид үзэгдээгүй өргөн дэлгэр наадам боллоо гэв. Түүнчлэн нийт 220 мянга гаруй тасалбар зарагдсан бөгөөд гимнастик, муай-тай буюу тай бокс, ушугийн тэмцээнүүдийн тасалбар зарагдаж дууссан байна. Тэмцээн уралдааныг зохион байгуулахад 4600 хүний бүрэлдэхүүнтэй баг, 1133 техникийн ажилтан, 13 мянган ажилтан дэмжлэг үзүүлжээ.
Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны дэд ерөнхийлөгч Том Дилен урьд хожид байгаагүй спортын гүйцэтгэл болоод тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлсэн байна. “Бид гайхалтай зохион байгуулалтыг нүдээр үзээд зогсохгүй Хятадын ард түмний халуун дулаан, зочломтгой занг мэдэрлээ. Галт бамбарын анхны буухиа, гайхалтай нээлтийн ёслол нь шинэ жишиг тогтоох нь гарцаагүй” гэж тэрбээр онцлон хэлэв.
Наймдугаар сарын 7-17-ны өдрүүдэд болсон Чэндүгийн Дэлхийн спортын наадмын үеэр спортын 34 төрлөөр 256 тэмцээн уралдаан явагдсан юм. Хятадын баг тамирчид 36 алт, 17 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлсэн бол Герман 17 алт, 14 мөнгө, 14 хүрэл, Украин 16 алт, 14 мөнгө, 14 хүрэл медаль авснаар удааллаа. Харин Армени, Аруба, Намиби, Бермуд, Монтенегро зэрэг орны тамирчид дэлхийн спортын наадмаас анх удаа медаль хүртжээ.
Сэтгэгдэл