Сүүлийн өдрүүдэд Афганистаны зүүн хэсэгт орших Кунар, Нангархар мужуудад болсон хоёр газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүний тоо нэмэгдэж 2200 даваад байна.
Тэгвэл энэ удаад гурав дахь тохиолдол буюу 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тухайн бүс нутгийн иргэд ахин айдас, түгшүүрт автжээ. Энэ талаар Германы Гео шинжлэх ухаан, судалгааны төв мэдээлэв.
Уг газар хөдлөлт нь газрын гадаргаас 10 километрийн гүнд болжээ. Ийнхүү Афганистан улсад дараалан болсон хүчтэй газар хөдлөлтийн гурав дахь тохиолдол бүртгэгдсэн учир ахиад газар хөдлөлт болох магадлалтайг үгүйсгэхгүй юм.
Дараалсан газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн шархадсан бөгөөд 5000 гаруй байшин бүрэн сүйдсэн гэж олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулжээ. Афганистаны өмнөд, зүүн хэсгийн аймгуудад барилгын чанар муу агаад шавар болон модон хийцтэй байшин барилга олноороо нурж, иргэд нурангид дарагдсан тул аврах ажиллагаа үргэлжсээр байгаа билээ.
Гэвч нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй хүчин зүйлс нь тус бүс нутагт орсон хүчтэй аадар бороо, улмаар хөрсний гулсалт юм. Энэ нь аврах ажиллагааг саатуулж, нурсан байшин барилгуудад дарагдсан иргэдийг олж гаргахад хүндрэл учруулж байна.
Олон улсын байгууллагууд яаралтай тусламжийн санхүүжилт, түр байр, хүнс, ундны ус болон эмнэлгийн хэрэгслийн дутагдаж буйг анхааруулж, Афганистанд туслахыг дэлхий нийтэд уриалсаар байгаа билээ. Гэвч Талибаны Засгийн газрын олон улсын харилцааны хязгаарлалт нь тусламжийн урсгалыг сааруулж байгаа талаар шинжээчид онцолжээ.
Ийнхүү гурван ч удаагийн давтамжтай хүчтэй газар хөдөлсөн нь Афганистаны гамшгийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл