Сумынхны худалдан авах чадвар буюу “Өрийн дэвтэр”
Төгрөгийн ханш унаж, иргэдийн худалдан авах чадвар улам муудаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци өсөж байгааг мэргэжлийн хүмүүс нь хэлж байна. Тэгвэл энэ бүхэн сумын төвийн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтад хэрхэн нөлөөлж байгаа, суманд худалдан авах чадвар хэр болсон талаар манай сонины баг сурвалжиллаа. Ингэхдээ аль болох авто замаар холбогдоогүй, олон хөлийн бус газрыг сонгохыг хичээснээ онцолъё.
Дорнод аймгийн Баяндун сум бол эх орны зүүн хойд хязгаар нутаг юм. Тус сум аймгийн төвөөсөө 200, Улаанбаатар хотоос 700 км зайд оршдог. Шатахуун хомсдолтой байгаа энэ үед Баяндун сум явах унаа, ачаа тээврийн зардал маш ихээр нэмэгджээ. Бид Баяндун сумын “Улаалзай” дэлгүүрийн худалдагч Я.Мөнхзултай утсаар холбогдож мэдээлэл авсан юм. Тэрбээр, "Хүнсний барааны үнэ үнэхээр өссөн. Ялангуяа аймгийн төвөөс хүнсний бараа татах гэхээр суманд зардаг үнээрээ авах болчихоод байна. Урьд нь тонноор төлбөр боддог байсан бол шатахууны үнэ нэмэгдсэнээр барааг ширхэгээр тооцдог болсон. Хайрцагаар тоолдог гэсэн үг. Тэгэхээр аймгийн төвөөс хүнсний бараа татсанаас хотоос татах нь хямд тусаж байна. Хүнсний дэлгүүрийн хэрэглээний сагсан дахь бараа гээд өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ голчлон татдаг. Юмны үнэ өссөнөөр хүмүүсийн хүнсний худалдан авалт жаахан муудаж байгаа. Гэхдээ малчид л мөнгөний боломж сайтай байх шиг санагддаг. Хүнсний бүтээдэхүүн зээлээр авах нь харьцангуй бага. Гэхдээ авдаг тодорхой хэсэг нь бичүүлнэ ээ. Манай сумын олон айл ногоогоо тарьж, өөрсдийн хэрэгцээгээ хангачихдаг учраас хүнсний ногоог ер нь гаднаас авдаггүй" гэсэн юм. Тэгэхээр тухайн сум орон нутгийнхаа онцлогоос шалтгаалаад хүмүүсийн амьжиргаа, худалдан авдаг зүйлс өөр өөр байдаг бололтой.

Завхан аймгийн Яруу сум ч гэсэн өөрийн онцлогтой аж. Тус сум аймгийн төвөөсөө ердөө 60 км зайтай учраас дулаан цагт хүмүүс хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг аймгийн төвөөсөө бэлдэх нь их байдаг гэнэ. Энэ талаар Яруу сумын “Жонон” дэлгүүрийн худалдагч С.Гэрэлээ “Өвөл цас их орж, зам хаагдсан үед сумынхаа дэлгүүрүүдээс ойр зуурын хэрэглээний юмаа авдаг. Сүүлийн үед сумын төвд амьдардаг айлууд хот руу, эсвэл аймгийн төв рүү шилжиж байгаа учраас дэлгүүрийн орлого угаасаа муудаж байна. Хөдөөнөөс малчид орж ирэхдээ л гурил, будаа, тамхиа авч жаахан орлого оруулдаг. Тийм болохоор дэлгүүрүүд хурдан муудах хүнсний бараанууд бараг л татдаггүй.
Саяхан бензиний үнэ нэмэгдсэнээс хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ ч дагаад өсөж эхэлсэн. Манайх бараагаа аймгийн төвөөс татдаг учраас тээврийн зардал үнэд нь нөлөөлж байна. Бараагаа татаж авахад зардал гарна. Дээрээс нь дэлгүүрийнхээ үйл ажиллагааг явуулахын тулд тодорхой хэмжээний ашиг нэмээд зарах нь ойлгомжтой. Гэхдээ үнэ нэмэгдэхээр хүмүүсийн худалдан авалт улам хумигдаж байна. Дээрээс нь манай сум хүн ам багатай, жижиг шүү дээ. Манай суманд 7-8 жижиг хүнсний дэлгүүр бий. Бүгд л ижилхэн орлого муу байдаг. Заримдаа хүн ч орж ирэхгүй өдөр байна. Харин хүмүүс зээлээр юм авах нь харьцангуй бага” хэмээв. Үнэхээр ч Яруу сумын хувьд жижигхэн л дээ. Дээрээс нь ердөө Загастайн давааныхаа ард байдаг учраас аймгийн төв рүүгээ орж хэрэглээгээ авдаг учир аргагүй биз ээ.
Тэгвэл Дундговь аймгийн Адаацаг сумын дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ хотоос татдаг байна. Энэ нь сумын төвийн хэрэглэгчид харьцангуй чанартай зүйлс хэрэглэх боломж олгодог боловч дутагдалтай тал ч байдаг гэнэ. Тухайлбал, хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүний хугацаа нь дуусчих гээд байдаг талтай ажээ. Адаацаг сумын төвд 11 хүнсний дэлгүүр байдаг гэнэ. Хүн амынх нь тоо 3000 гаруй буюу харьцангуй том сум учраас ийм байдаг байх. Бид тус сумын “Жасын мандал ХХК”-ийн худалдагч Б.Саранчимэгтэй холбогдож мэдээлэл авсан юм. Түүний хэлж буйгаар иргэдийн худалдан авалт өмнөх жилийнхээсээ бараг 50 хувиар буурчээ.

Гол шалтгаан нь шатахуун, түлшний үнэ нэмэгдсэн нь барааны үнэд нөлөөлж байгаа аж. Тиймээс “Өрийн дэвтэр”-т бичүүлж, зээлээр бараа авах нь ихэсчээ. Тус дэлгүүрийн “Өрийн дэвтэр”-т хамгийн их нь 2.8 сая төгрөгийн өр бичүүлсэн хүн ч байгаа гэнэ. Мэдээж бие биенээ таньдаг, нэг нутгийн хүмүүс учраас нэг их санаа зовдоггүй. Хүмүүс ч өрөө боломжоороо хуваагаад ч болов цаг тухайд нь төлдөг байна. Сумын төвийн хүүхдүүд ихэвчлэн ундаа, пичень, чипс авдаг бол томчууд архи тамхи, хүнсний ногоо, будаа гурил авдаг аж. Түүнчлэн гурил, будааг шуудайгаар авах нь нэн ховорджээ.
Бидний дараагийн холбогдсон дэлгүүрийн худалдагч бол Төв аймгийн Баянцогт сумынх. Хоттой ойрхон учраас бид тус газрыг зориуд сонгосон гэж хэлж болно. “Бумба хөгжихүй” мини маркетын худалдагч Б.Оюунтунгалаг “Хүмүүсийн худалдан авах чадвар яах вэ, гайгүй. Зээл авах нь аваад л явдаг. Тэгээд цалингаа буухаар буцааж төлөөд явцгааж байна. Өдөр тутмын хэрэглээгээ голцуу авцгаадаг. “Өрийн дэвтэр”-т маань одоогоор сая гаруй төгрөгийн зээлтэй хүн байна. Нэг их дугаарлаад байдаггүй ч нийтдээ 100 гаруй хүний зээлийг бичиж тэмдэглэсэн байгаа” гэсэн юм. Худалдагч эмэгтэйн хэлж буйгаар Баянцогт сумын хувьд хоттой ойрхон учраас хүмүүс хэрэглээгээ хотоос бэлдэх нь их байдаг бололтой.
Монголчууд “Амны билгээс ашдын билэг”, “Монгол хүн билгээрээ, хятад хүн бэлээрээ” гэж ярилцдаг ард түмэн. Тийм ч болохоор хэдий муу, тааруу байсан ч сайн сайхан байна л гэж ярьж, хэлэлцдэг. Бидний холбогдсон сумын төвүүдийн дэлгүүрийн худалдагч нар энэ л байдлаар асуултад хариулсан байхыг үгүйсгэхгүй. Эсвэл орон нутаг, суманд хэрэглээний зардал тэр бүр гараад байдаггүй учраас олсон орлого, буусан цалингаа хэрэглээндээ хүргээд, “Өрийн дэвтэр”-т бичүүлсэн өрөө дараад байдаг ч байж болох юм. Ямартаа ч бид сумын төвийн дэлгүүрээс худалдан авалт хэр байгаа талаар ийнхүү сурвалжиллаа.
Нэг нь “Өрийн дэвтэр”-т нэр бичиж, нөгөө нь боломжтой болохоороо нэрээ даруулсаар сумын төвийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж л байна. Харин ийм байдал хэдий хүртэл үргэлжлэх бол гэж бодохуйд хариулт олдсонгүй. Одоохондоо угаас энэ асуултад хариулах хүн байхгүй л болов уу.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


.jpg)





































































Сэтгэгдэл