ЧУУЛГАН: Төгрөгийн ханш 5 хувиар суларсан ч валютын интервенц хийгээгүй бол ханшийн уналт гүнзгийрэх байжээ

Aдмин / Улстөр

2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мөнгөний бодлогыг парламент батлах нь оновчтой эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж, Монголбанк, СЗХ-ны үүрэг, ач холбогдлыг тэнцвэртэй үнэлэх шаардлагатайг тэмдэглэв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төв банкны бие даасан байдлыг онцолж, гадаад валютын нөөц 5.87 тэрбум ам.доллар, төв банкны өр 1.0 тэрбум ам.доллар (БНХАУ-ын своп хэлцэл) байгааг мэдээлэв. Мөн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 70 орчим орон тоог хэмнэж, 600 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөж буйг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд мөнгөний бодлогод тусгагдсан шинэлэг арга хэмжээнүүдийг (стейблкойн, актив удирдлагын компани, зорилтот зээл гэх мэт) сайшааж, тэдгээрийн үр нөлөө, ипотекийн зээл, валютын интервенцийн талаар тодруулга авсан.

Монголбанк ирэх онд төсвийн тэлэлтгүй тул бизнесийн зээлийг дэмжихээр төлөвлөж, энэ оны эхний таван сард 338 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг мэдээлжээ.

Ипотекийн зээлийг өмнө олгосон санхүүжилтийн эргэн төлөлтөөр үргэлжлүүлж байгаа бөгөөд цаашид “Ипотекийн бөөний банк” байгуулахаар төлөвлөж байна. Төгрөгийн ханш 5 хувиар суларсан ч валютын интервенц хийгээгүй бол ханшийн уналт гүнзгийрэх байсан гэв.

УИХ-ын гишүүн Ц.Цэнгүүн “Хүүхдийн мөнгө”-ний үр нөлөөг оновчтой хэлбэрт шилжүүлэх санал гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарахыг сануулсан бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч түүнийг дэмжин, хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлал, 70 хувь нь хэрэглээнд зарцуулагдаж байгааг тайлбарлав.

Мөн гишүүн М.Мандхай, Ж.Энхбаяр нар мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, хөдөө аж ахуйн зээлийн хүртээмж, ногоон зээлийн дэмжлэг зэрэгт анхаарахыг онцолсон. Нийт зээлийн өсөлт энэ онд 26 хувьтай байгаа бол ирэх онд 15–16 хувь болж саарах төлөвтэй байна. Хүүгийн хатуу бодлого болон хэрэглээний зээлийн хязгаарлалтаас шалтгаалан зээлийн хэмжээ буурах ч бизнесийн зээл өсөх хандлагатай байна.

Түүнчлэн гишүүд инфляцын тооцоолол, зээлийн мэдээллийн хууль, тэтгэврийн зээлийн шинэчлэл, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах нөлөө, өрийн дарамтыг бууруулах, дотоодын үйлдвэрлэл, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг төсөл хөтөлбөрийн бодит үр дүнг дүгнэх зэрэг асуудлыг хөндлөө.

Уг тогтоолын төслийг батлахтай холбоотой санал хураалтыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар болсон байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.