Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны аравдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 382 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 256 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Одоогийн байдлаар ажиллагаанд 126 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа бөгөөд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж буй юм байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 93 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Гомдол, мэдээллийг хянан шалгахад нэр бүхий албан тушаалтнууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл