Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид теле хичээлд хамрагдана

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялтыг өчигдөр /2025.10.16/-өөс эхлэн зохион байгуулж буй.
Иймд сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор Монголын телевизүүдийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс, орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 9.00-17.00 цагийн хооронд найман сувгаар теле хичээлийг хүлээн авч үзэх боломжтой болжээ. Үүнд,
- 1-2 дугаар анги – NTB суваг
- 3-4 дүгээр анги – TM суваг
- 5-6 дугаар анги -ETV
- 7-8 дугаар анги – EduTV суваг
- 9 дүгээр анги – TV5 суваг
- 10 дугаар анги – Tenger TV суваг
- 11 дүгээр анги – Star TV суваг
- 12 дугаар анги – 25TV суваг
Иймд эцэг эх, асран хамгаалагчид аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хүүхдүүдээ хичээл үзэх боломжийг бүрдүүлэн идэвхтэй хамруулахыг холбогдох албанаас уриалж байна.
Мөн энэ сарын 20-ноос буюу ирэх даваа гаргаас эхлэн ЕБС-ийн сурагчид тав хоног танхимаар хичээллэхгүй бөгөөд боловсролын хөтөлбөрт бие даалтын долоо хоногтой байх зохицуулалт оруулсан. Тиймээс энэ оны бие даалтын долоо хоног энэ сарын 20-нд эхэлж, аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хичээлийн тав хоног үргэлжлэх аж.
2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцуулсан. Тодруулбал, энэ хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй явагдана. Ид хүйтний үед сурагчдыг урт амраахаар болсныг Боловсролын ерөнхий газраас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан ажээ.
Ингэснээр бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амраад, 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гаригт хичээл эхэлнэ.
Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-нд хичээлдээ орно. Харин ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амрах төлөв батлагдсан. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэнэ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл